Сааль сүүний цагаар салбараа орхин одсон Х.Баттулга сайдыг орлох шинэ хүн өнгөрсөн долоо хоногт томилогдлоо. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг шинэ сайдын томилгоонд хүмүүс угаасаа таагүй хандсаар байтал үгсэж, хүчилж байгаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Ш.Түвдэндоржийг суулгав. Одоо өнөө маргаашгүй шинэ сайд "давхар дээл"-нээс татгалзсан өмнөх сайдынхаа өрөөнд очиж тухлах биз ээ.
ҮХАА-н явсан, ирсэн сайдууд ийн энэ хаврын улс төрийн тоглолтыг эзэгнэж, энэ томилгоогоор дамжуулан намууд яаж албан тушаалын тохиролцоо, толхилцоо хийдэг нь ард түмний нүдэн дээр ил болж өнгөрлөө. Монголын парламентад үнэт зүйл гэж байх аа больжээ. Эгэл жирийн иргэдийн тархи толгойд шингэтэл “Ухаалаг төр”-ийн тухай ярих мөртөө улстөрчид нь улам л ухаангүй болж байна.
Төрөө ухаалаг болгоё, төрийн өндөр албыг давхардуулан хашдаг байхаас татгалзая гэж амтай болгон нь ярьж, ухаалаг харагдах гэж хичээх мөртлөө маш тодорхой асуудлууд дээр жаахан ч гэсэн алхам хийхийг хичээхгүй байна. Парламентын гишүүд албан тушаалын хэнээрхэл, шуналаасаа холдохыг ерөөсөө хүсэхгүй байна.
ҮХАА-н шинэ сайд өөрийгөө намынхаа итгэлийг хүлээж, намын өгсөн даалгавар ёсоор энэ албыг авч буйгаа тайлбарлажээ. Нам нь ч тэр, хүн нь ч тэр, Засгийн газар нь ч тэр улс төрийн соёл, мэдрэмж, хараа алга. Нүд, чих алга.
Ерөнхийлөгч ҮХАА-н сайдын томилгооны асуудлаар маш тодорхой байр суурь илэрхийлж, “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэ томилгооноос эхлэх боломжтой. Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй тул Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох Таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн зөвшилцөх хүсэлтийн хариуг Засгийн газарт илгээсэн. Гэвч энэ хариуг хүлээсэн авсан Засгийн газар ердөө хэдхэн хоногийн дараа ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг өргөн барьж, Ардчилсан нам ч тэр, УИХ ч тэр томилгоог ёсоор болгосон нь Монголын төр нүд, чихгүй болсны илрэл гэхээс яах билээ.
Иргэд ч гэсэндээ, “давхар дээл”-тэй дарга, гишүүн, сайд нараас татгалзаж байгаагаа энэ Засгийн газрыг тойрч ярих бүртээ дуугарч байгаа. Үүнийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын явуулсан санал асуулга, судалгаа, илэрхийлсэн байр сууринаас харж болно.
Хамгийн ойроос жишээ татахад, www.news.mn сайтын Санал, асуулгын буланд явуулсан “Та УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилохыг дэмжиж байна уу?” гэх асуулгад оролцогчдын 80 хувь нь энэ томилгоог дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ бол УИХ, Засгийн газрын шийдвэр ард түмний хүлээсэн хүлээлтээс тэнгэр, газар шиг ялгаатай гардгийг харуулж буй нэг хэлбэр. Дашрамд хэлэхэд, Монголын олон уншигчтай манай сайтын санал асуулгын булан нь олонд танигдаж, уламжлалт аргаар явуулсан ямар ч санал асуулгаас илүү үр дүнтэй байдаг. Энэ булан нь олон нийтийн санаа бодлыг тандан мэдэх хамгийн үр дүнтэй нэг арга болоод байгаа.
Парламент өчигдөр ҮХАА-н шинэ сайд Ш.Түвдэндоржийн гурав дахь давхар дээл болоод байсан Хууль зүйн байнгын хорооны даргын давхаргыг нь тайлж, орны хүнийг нь томилохоор хэлэлцэж эхэллээ. Хэдийгээр Засгийн газрын гишүүн болж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэх гэсэн Ш.Түвдэндорж сайдын зорилго, зүтгэл байж болох ч албан тушаалыг биш ард түмнийг илүүд үздэг бол энэ томилгооноос өөрийн хүсэлтээр татгалзаж болох байлаа. Эсвэл Их хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөж ч болох байлаа. Гэхдээ ийм соёл гаргахыг хэн байг гэх вэ.
Эцсийн дүнд энэ бүхэн нэг хүний албан тушаалыг нэмж давхарлаж байгаа, түүнд нь хувь хүмүүс дуртай байгаа дүр зураг боловч сайд томилох, сайд чөлөөлөх зэрэг “Давхар дээл”-ээр гоёсон энэ хаврын улс төр Засаг, төр иргэдээ сонсох нүд, чихгүй байгаагийн илрэл яах аргагүй мөн. Төрийн нүдийг төрд байгаа хүмүүс албаар аниулж байгааг хэний нүд харах ёстой вэ?
Б.БАЯСАХ