-Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль нь ОУ-ын инженерийн боловсролыг англи хэл дээр эзэмшүүлнэ-
Дээд боловсролын тогтолцоо, ялангуяа инженерийн боловсролыг чанаржуулах хүрээнд Монгол, ХБНГУ-ын хамтарсан төрийн өмчит их сургууль байгуулагдсан. Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулах санаачлагыг хоёр улсын төрийн тэргүүн гаргасан бөгөөд Монголын эдийн засгийн өсөлтөд хамгийн их нөлөөтэй уул уурхайн салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх гол зорилготой юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болж буйтай холбоотойгоор тус сургуулийн Гүйцэтгэх захирал, Төрийн шагналт, доктор Ч.Алтаннартай ярилцлаа.
–Германы ашигт малтмалын технологийн боловсролыг Монголд дэлгэрүүлэхээр сургууль байгуулжээ. Германы уул уурхайн салбар болоод боловсрол юугаараа онцлог байж Монголын боловсролын хөрсөнд буух бол гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Уул уурхай гэхээсээ илүү ерөнхийд нь инженер гэж ярьмаар байна. Германы их дээд сургуулиуд оюутнуудад инженерийн боловсролыг маш өдөр түвшинд эзэмшүүлдэг. Бусдаас ялгарах хамгийн гол онцлог нь онолыг бодит практиктай хослуулан заадагт байдаг. Герман инженерүүд дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Хүн бүр Германд үйлдвэрлэв гэсэн бичгийг хараад цаана нь өндөр чанар гэсэн ойлголтыг шууд авдаг шүү дээ. Мэрсэдэс бэнз, Сиеменс зэрэг дэлхийд алдартай олон үйлдвэрүүд нь Германы инженерүүдийн тусламжтайгаар чанараа дэлхийд таниулдаг. Тиймдээ ч гадаадын маш олон оюутан инженерийн боловсролыг эзэмшихээр Германд очиж суралцдаг. Манай Монгол оюутнуудын хувьд мөн адил олноор Германд очиж суралцахаар явдаг. Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн хувьд энэ дэлхийд алдартай инженерийн хөтөлбөрийг Монголын боловсролын системд нэвтрүүлэхээр Германы их дээд сургуулиуд мөн Германы Эрдмийн солилцооны албатай хамтран ажиллаж байна.
МГТИС-ийн барилгын загвар
–Монгол-Германы хамтарсан сургуулийг хэрхэн байгуулсан бэ. Хэдэн төрлийн мэргэжлээр элсэлт авдаг вэ?
-МГТИС нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачлагаар байгуулагдаж, Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы талаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр байгуулагдсан төрийн өмчийн отгон сургууль юм. 2013 онд инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа эхлүүлээд энэ жилээс бэлтгэл хөтөлбөр дээрээ нэмээд бакалаврын гурван чиглэл болох механик инженер, уул уурхайн боловсруулалтын инженер, байгаль орчны инженер гэсэн хөтөлбөрүүдэд элсэлт авах юм. Тэгэхээр энэ гурван мэргэжил нь өнөөдөр Монголын хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй мэргэжлүүд гэдэг нь бидний судалгаагаар гарсан. Тиймдээ ч хөтөлбөрүүдийг энэ жилээс нээж байна. Зах зээлийн хэрэгцээ, шаардлагаас үүдээд бусад инженерийн чиглэлийн хөтөлбөрүүдийг дараагийн жилүүдэд бакалавр, магистр, докторын төвшинд нээх болно.
-Уг төрийн өмчит сургуулиар олон улсын боловсролыг Монголд олгоход ямар давуу талыг амлах вэ?
-Бидний давуу тал бол нэн түрүүнд багш нарын ур чадвар. МГТИС –ийн багш нарын багийг гадаадын нэр хүндтэй их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, гадаадад болон Монголдоо ажиллаж байсан туршлагатай, олон улсын төвшинд судалгаа, шинжилгээ хийдэг монгол багш нар, мөн манай түнш Германы их сургуулийн профессоруудаар бүрдүүлж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр явуулах, дэлхийн шилдэг инженерийн сургуулиудад ашигладаг багаж төхөөрөмжтэй, орчин үеийн сургалтын лабораториуд бидний давуу тал болно. Бакалаврын сургалтын хөтөлбөрийг Германы нэр хүндтэй таван их сургуулийн профессоруудаар удирдуулсан хоёр улсын профессоруудын хамтарсан баг хагас жилийн турш бэлтгэн гаргасан. Инженерийн хөтөлбөрийн гол онцлог нь үйлдвэрлэлийн практик дадлагатай нягт уялдсан, олон улсын стандартад нийцсэн байгаа. Мөн манай сургуулийн бүтэц, зохион байгуулалтын олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн бие даасан байдал академик эрх чөлөөг бий болгохоор ажиллаж байна. Энэ тал дээр анхаарч Монгол-Германы хамтарсан боловсрол, хуулийн тал дээр туршлагатай хүмүүс ажилласан.
–Одоо их, дээд сургуулийн элсэлт дөхөж байна. Монгол-Германы сургуульд элсэхэд ямар шаардлага тавих байх вэ?
–Бид сургуульдаа суурь мэдлэг сайтай оюутнуудыг элсүүлэх зорилготой. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдээс бид дахин өөрсдийн шалгалтыг авч байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, хими, англи хэлний хичээлүүдийн ядаж хоёр дээр нь 500-аас дээш оноо авсан хүүхдүүдийг манайх бүртгэж аваад долдугаар сарын 8-нд байгалийн ухааны шалгалт, 9-нд англи хэлний шалгалтыг авна. Байгалийн ухааны шалгалтын асуултууд нь математик, физик, химийн хичээлүүдийн асуултууд хольж орсон байна. Нэгдүгээр курсэд орох гэж байгаа хүүхдүүд бүх хичээлээ англи хэл дээр үзэх учир англи хэлний өндөр мэдлэгтэй байхыг бид шаардаж байгаа. Харин инженерийн бэлтгэл ангийн хувьд, ихэнх хичээл нь монгол хэл дээр заана. Инженерийн бэлтгэл ангид оюутнууд математик, англи хэл, физик, химийн хичээлүүдийг голлон судална. Тиймээс хэрэв зарим хүүхдүүд англи хэлэндээ суурь мэдлэгтэй, математикийн хичээлдээ сайн бол манай сургуулийн бэлтгэл хөтөлбөрөөр дамжин нэг жилийн турш англи хэлийг эрчимтэй суралцан бакалаврын төвшний шаардлагыг хангаад нэгдүгээр курсдээ шууд ороод ирж болно. Эсвэл англи хэлэндээ сайн, математикийн хичээлдээ суурь мэдлэгтэй бол нэг жилийн турш бэлтгэл ангид орон математикийн хичээлийг эрчимтэй үзэх боломжтой юм. Харин бэлтгэл ангийн амжилттай төгссөн оюутнууд нэгдүгээр курсдээ шууд орно.
–Хотоос алслагдмал Налайх дүүрэгт байрлах сургуулийн оюутнуудад дотуур байр бий юу. Суралцах орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?
-МГТИС нь Монголд хамгийн анхны оюутны хотхон хэлбэрээр баригдсан сургууль юм. Одоогийн байдлаар 600 оюутны багтаамжтай хичээлийн байр, мөн 160 оюутны багтаамжтай тохилог оюутны байр ашиглалтад орсон. Дараагийн барилгын ажлууд ирэх жилээс үргэлжилнэ. Үүнд гадна спортын талбай, спорт заал, багш, оюутны хоёр дахь дотуур байр мөн үйлчилгээний төв төлөвлөгдөж байгаа.
–Боловсрол, шинжлэх уааны сайд шинжлэх ухаанд үндэслэсэн дээд боловсролын тогтолцоог дэмжинэ гэдэг. Танай сургууль энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчийн сургуулиудыг судалгаанд суурилсан сургууль болгох бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор яам болоод Германы тал манай сургуулийг судалгаанд суурилсан сургалт явуулах дээд боловсролын жишиг сургууль болно гэж харж байгаа. Энэ тогтолцооны гол үндэс нь өндөр мэдлэг, чадвартай, олон улсын төвшинд судалгаа, шинжилгээ хийдэг судлаач профессорууд байдаг. Бид энэ дагуу өөрсдийн багш нартаа маш өндөр шаардлага тавьж шалгаруулж авдаг юм. Одоогийн байдлаар байгалийн шинжлэх ухааны салбаруудад олон улсын нэр хүндтэй сургуулиудад докторын зэргээ хамгаалсан судлаач багш нарыг аваад байна. Дээр нь МГТИС нь ирээдүйн багш нарыг тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр Германы нэр хүндтэй сургуулиудад төгсөлтийн дараах сургуульд суралцуулан бэлтгэж байна. Мөн багш нараа зөвхөн Монголоос биш, гадаадад ажиллаж байгаа монгол эрдэмтдээр бүрдүүлэх зорилготой. Өөрсдийн багш нараа цаашид хөгжүүлэх, онол практикийн судалгааг оюутнуудтай хамтран хийдэг орчинг бүрдүүлж өгөх нь манай сургуулийн гол үүрэг юм.
–Хоёр улсын хамтарсан сургууль гэдгээрээ оюутан солилцоогоор Германд оюутан бэлтгэх бололцоо хэр байдаг вэ?
-МГТИС нь Германы нэр хүндтэй их сургуулиудын консорциумтай түншлэл тогтоон хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Германы технологийн чиглэлийн шилдэг сургуулиуд болох Фрайбергийн техникийн их сургууль, Аахений техникийн их сургуулиуд энэ консорциумд нэгдээд байна. Фрайбэргийн техникийн их сургуулийн хувьд дэлхийн хамгийн ууган уул уурхайн сургууль. Дээр нь хэд хэдэн сургууль хамтран ажиллах сонирлоо илэрхийлээд байна. МГТИС нь англи хэл дээр сургалт явуулдаг, мөн хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ зөвхөн Германы их сургуулиудтай биш өөр орны их дээд сургуулиудтай түншлэл тогтоох төлөвлөгөөтэй. Тиймээс МГТИС-д амжилттай суралцсан оюутнууд солилцооны хөтөлбөрөөр манай түнш их сургуулиудад суралцах боломжтой юм.
-Сургалтын хөтөлбөрт онол, практикийг нягт уялдуулна гэж байна. Оюутнуудын дадлагыг хаана, хэрхэн хийлгэдэг вэ?
-Инженерийн боловсрол нь үйлдвэрлэлийн дадлагатай салшгүй холбоотой. Германы инженерийн хөтөлбөрийн дагуу МГТИС-ийн бакалаврын оюутнууд нь дөрвөн жилийн хугацаанд нийт 120 өдрийн урт болон богионо хугацааны үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Инженерийн бэлтгэл ангийн оюутнуудын хувьд үйлдвэртэй танилцах өдрүүдийг тогтмол зохион байгуулна. Үйлдвэрлэлийн дадлагын талаар бид Монгол үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудтай хамтран ажиллана. Энэ хамтын ажиллагааны нэг хэсэг нь оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлагаар тус компаниуд руу явуулах юм. Цаашлаад сайн суралцсан оюутнууд Германд очиж үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой.
-Инженерийн боловсролыг түлхүү олгох энэхүү дагнасан сургуулийн оюутнуудыг одооноос компаниуд сонирхож байна уу?
-МГТИС-ийн бакалаврын хөтөлбөр хараахан эхлээгүй байгаа боловч хэд хэдэн компаниуд оюутнуудад тодорхой тэтгэлэг өгөх боломжтойгоо илэрхийлсэн. Энэ сургуулийн хэрэгцээ, шаардлагыг компаниуд бүрэн ойлгож байгаа нь ажиглагдсан. Компаниудын хувьд сүүлийн үед ажилчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд гадаадад явуулах сонирхол нилээд ихэссэн байна. Гэтэл нэгдүгээрт, ажилтнуудынх нь хэлний мэдлэг хангалтай бус, хоёрдугаарт замын зардал, сургалтын төлбөр өндөр байдаг. Тэгэхээр МГТИС нь англи хэл дээр олон улсын түвшний инженерийн боловрол, сургалтыг эх орондоо эзэмших боломж олгодог нь энэ хоёр асуудлыг давхар шийдэж өгч байгаа хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөд нь богино хугацааны сургалт явуулж өгөх хүсэлтийг бидэнд байнга ирүүлдэг. Энэ дагуу эхлээд хэлний эрчимжүүлсэн сургалтаар англи хэлний мэдлэгтэй болгоод дараа нь мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах замаар хамтран ажиллах бүрэн боломжтой.
–Та боловсролын салбарт ажиллаж буйн хувьд өнөөгийн дээд боловсрол олгох тогтолцоог ямар байна гэж үздэг вэ?
-Өнөөгийн байдлаар их дээд сургуулиудын бакалаврын сургалт мэргэжлээсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Зарим мэргэжлээр, ялангуяа байгалийн ухааны чиглэлээр бакалаврын сургалтууд харьцангуй сайн. Энэ нь өмнө нь Зөвлөлт Холбоот улсын нөлөө манай боловсролын тогтолцоод их байсан тэнд байгалийн шинжлэх ухаан маш өндөр төвшинд хөгжиж байсантай холбоотой байх. Харин төгсөлтийн дараахь сургалт буюу магистр, докторын хөтөлбөрүүд бараг бүх чиглэлд маш тааруухан байна. Нөгөө талаас их дээд сургуулиудын зохион байгуулалт, хараат бус чанар маш сул байна.
–Таны бодлоор дээд боловсролын тогтолцоог хэрхэн чанаржуулах шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, их дээд сургуулиудад бие даасан байдал академик эрх чөлөөг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаас их сургуулиудад ерөнхий боловсролын сургууль төгссөн суурь сайтай сурагчид элсэн ордог, магистр докторын түвшинд ажлынхаа хажуугаар сурдаг тогтолцоог болиулж үнэхээр судалгаа хийдэг оюутнуудыг сургадаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Үүнийг дагаад ялангуяа магистр докторын түвшинд багшлах чадвартай олон улсын түвшинд судалгаа хийдэг ийм хүмүүсээр хичээл оруулах хэрэгтэй. Ийм хүмүүс харьцангуй цөөн байгаа тул олон улсын эрдэмтдийг авчирч, Монгол оюутнуудад хичээл заалгахыг дэмжих хэрэгтэй болж байна.
У.БОЛОР
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066