Оросын Газпром компани өнөөдөр /VI.16/ Украинаас байгалийн хийн өр 4.5 тэрбум ам.долларыг нэхэмжлэн Стокгольмын арбитрын шүүхэд зарга мэдүүлжээ. Үүний зэрэгцээ Газпром компани өнөөдөр /VI.16/ 16:00 цаг гэхэд Киев байгалийн хийн төлбөрийн өр 1.95 тэрбум ам.долларыг шилжүүлээгүй тул Украин руу хий шахахаа зогсоожээ.
Украин энэ зургадугаар сарын эхээр байгалийн хийн төлбөрийн өрөөс 786 сая ам.долларыг барагдуулснаар “Газпром” компани Киевийн өрөө төлөх хугацааг сунгаад байсан билээ. Гэвч Киевийн эрх баригчид Газпром байгалийн хийн үнээ 80 хувиар нэмэгдүүлснийг эсэргүүцэн ОХУ-д өрөө бүрэн барагдуулахаас татгалзсан байна. Ням гаригт /VI.15/ өндөрлөсөн хэлэлцээрийн үеэр Киевийн албаныхан Газпромд байгалийн хийн үнээ 1000 куб метр тутамд 326 ам.доллар болгон бууруулвал үлдэгдэл өрөө барагдуулах санал тавьсан байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 1000 куб метр тутамд 385 ам.долларыг эцсийн санал болгох үнэ гэсэн шийдвэртээ бат зогссон аж. ОХУ өнгөрсөн дөрөвдүгээр сард Украинд хямдралтай үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм. Украин өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл байгалийн хийн 1000 куб метр тутамд 268 ам.доллар төлж байсан бол одоо 485.50 ам.долларыг төлөх болоод буй аж. ОХУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 15 орчим хувь нь Украинаар дамждаг юм. Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА