Өсвөрийн регбичид аваргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн регбичид аваргаа тодруулна

Регбигийн спортыг сонирхон хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж буй нь энэ жилийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тооноос тод харагдаж байна.

Энэ ням гариг буюу 5-р сарын 15-ны өдөр 56-р сургуулийн ногоон талбайд манайд хөгжөөд удаагүй байгаа регбигийн спортын өсвөр үеийн тамирчид аваргаа тодруулах гэж байна.
Өнгөрсөн жил анх удаа зохиогдсон Өсвөрийн Регбигийн Аварга Шалгаруулах Тэмцээнд  6 багийн 60 гаруй тамирчин оролцож шилдэгүүдээ шалгаруулж байсан бол энэ жилийн тэмцээнд 16 багийн 160 гаруй тамирчин өрсөлдөх гэж буй нь энэ спортоор хичээлэгсэдийн тоо эрс нэмэгдэж буйг харуулж байна.

Олимпийн наадмын төрөлд багтсан регбигийн спорт Монгол улсад хөгжих үндэс сууриа 2003 оноос тавьсан бөгөөд дэлхийн спортын тавцанд багийн бус ганцаарчилсан тоглолтоор амжилт гаргадаг монгол уламжлалыг эвдэж, олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц, хүчирхэг баг тамирчдыг бэлтгэн гаргах их зорилгыг Монголын Регбигийн Холбоо өмнөө тавин ажиллаж байна.

Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцуулж ирсэн бөгөөд туршлагажиж чадваржсан мэргэжлийн тамирчдынхаа нөөц бололцоог ашиглан өсвөр үеийнхний дунд регбигийн спортыг түгээн дэлгэрүүлж, ирээдүйн шилдэг тамирчдыг бага балчраас нь бэлтгэх бодлогын хүрээнд энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээн эмэгтэй баг тамирчдын оролцоог хангаснаараа онцлогтойгоос гадна Хонг Конг, Филиппин, Узбекстан, Казакстан зэрэг олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд тасралтгүй оролцож ирсэн шилдэг регбичид өсвөрийн үеийнхний сонирхлыг татахуйц үзүүлэх тоглолтуудыг тэмцээний үеэр хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж