Өнгөрсөн 2013 он болон энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарч 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болж байна. Мөн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь осол гарах шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдлэх болсон. Нөгөө талаар улсын хэмжээнд дараах газруудад замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол их гарч байна хэмээн холбогдох газрууд үзжээ.
1.Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн барсан байна.
2.Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. Энэ чиглэлийн гүүрүүдэд засвар, арчлалтын ажил хийх шаардлагатай. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134,5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл нөхцөл алдагдаж байна.
3.Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.
4.Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд их эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагджээ.
5.Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон. Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа. Энэ замд он гарсаар 9 осол гарч 5 хүн нас барсан.
6.Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.
7.Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам, Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг чиглэлийн замыг барихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн 35 осол гарахад хүргэсэн.
8.Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан.
9.Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн.
10.Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд 6 осол гарч 8 хүн нас барсан. Дөргөн сумын Чоно харайх голын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн учир хөдөлгөөнийг хориглосон байна.
11.Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн аж.
12.Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м орчим хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4,5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.
13.Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна.
14.Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд зургаан осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.
15.Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй. Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.
Иймээс төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан, авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Жолооч, иргэд та бүхэн холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж, зөвлөж байна.
О.САР