“Сан Антонио” аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

“Сан Антонио” аварга боллоо

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн /NBA/ 2013-2014 оны улирлын аваргаар “Сан Антонио Спөрс” баг тодорлоо. “Сан Антонио Спөрс”  сүүлийн хоёр жилийн аварга “Майами Хит” багийг аваргын төлөөх таван цувралд 4:1-ийн харьцаатай илт илүүрхэн хожиж, тулаанд тэргүүллээ. Ингэснээр “Сан Антонио Спөрс” зөвхөн сондгой тоотой жилүүдэд аварга болдог гэсэн яриа төгсгөл болж байна. Өмнө нь “Сан Антонио Спөрс” 1999, 2003, 2005, 2007 онд NBA-гийн аварга болж байсан билээ.

2014 оны NBA-гийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өнөөдөр “Сан Антонио Спөрс” багийн талбайд болж, 104:87 онооны харьцаатай тэд ялалт байгууллаа. Өнөөдрийн тоглолтод “Сан Антонио Спөрс”-ийн Кавай Леонард 22 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлэв. Харин “Сан Антонио Спөрс” багийн лидер Тони Паркер 16, Тим Данкен 14, Ману Жинобили 19 оноо авсан байна. Сэлгээнээс Патти Миллс 17 оноо авч, NBA-гийн финалийн хувийн дээд амжилтаа тогтоогоод байна.

Харин “Майами Хит” багаас “Хаан” ЛеБрон Жэймс 31, Дуэйн Уэйд 11, Крис Бош 13 оноо авч багаа тэргүүлсэн. Сэлгээнээс Майкл Бизли ес, Марио Чалмерс найман оноо авсан ч тэдний баг хожигдол амслаа.

Сонирхуулахад, NBA-гийн 2014 оны аваргын төлөөх цуврал тоглолт олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байгаа. Тим Данкен, Ману Жинобили, Тони Паркер нарын “Сан Антонио Спөрс”-ийн лидерүүд NBA-гийн финалийн түүхэн дэх хамгийн агуу Их гурвал боллоо. Тэд NBA-гийн финальд нийтдээ 118 хожиж, дээд амжилтын эзэн болжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж