-Хүн, байгалийн уялдаа холбоог гайхалтай хослуулж, хүмүүсийн амьдрах орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чадсан Женев өвөлдөө утаатай, хавартаа шороотой, зундаа шалбаагтай Улаанбаатарын надад буй төрхөөрөө газрын диваажин мэт санагдана-
Женевийн цэнхэр тэнгэрийн дор бүх зүйл амар амгалан бас төгс төгөлдөр. Яаж ийм уур уцааргүй, тоос шороогүй, ус шалбааггүй, нов ногоон хот байгуулж чаддаг байна вэ гэж дуу алдмаар. Цэв цэнхэр тэнгэр, нов ногоон мод, гүн хөх нуур. Нууранд хөвөх шувууд нь хүртэл амар амгалан. Хаашаа л харна ногоон ертөнц, амьд байгаль. Таримал хэрнээ төрмөл юм шиг ертөнцийн ногоон хот. Хүн, байгалийн уялдаа холбоог гайхалтай хослуулж, хүмүүсийн амьдрах орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чадсан Женев өвөлдөө утаатай, хавартаа шороотой, зундаа шалбаагтай Улаанбаатарын надад буй төрхөөрөө газрын диваажин мэт санагдана. Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай гэж юутай үнэн.
Гудамжинд алхаж яваад ядрахдаа тэндээ хөлөө жийгээд амраад суумаар ширдэг шиг зөөлөн зүлэгтэй. Энд л ёстой уртын дууны шуранхайг хадааж, уужим амьсгаа авмаар уултай бол уултай, устай бол устай, модтой бол модтой. Женевийн бүсгүйчүүд нь царайлаг, эрчүүд нь соёлтой. Нэвсийж навсайсан хувцастай, гуйлга гуйгаад сууж байгаа хүн тэнд нэг ч харагдаагүй. Бодвол амьдралын хамгийн өндөр өртөгтэй хотод "чөтгөр" хүртэл тогтдоггүй биз.
Зургадугаар сарын намуухан үдшээр Женевт хөл тавихдаа түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байх болов уу хэмээн төсөөлж байсан маань эндүүрэл байв. Женевийн онгоцны буудлаас “Интерконтиненталь” зочид буудал руу очиход ердөө 15-хан минут зарцуулсан байх. Зам нь түгжрэлгүй, шув шулуун. Женевчүүд голдуу барууны машин унацгаадаг бололтой юм. Хаа нэг япон машин харагддаг ч тэр нь бидний хэлдгээр бол зөв рультай. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг болохоор улаанбаатарчууд шиг хараал зүхэл болж, зодоон цохиондоо тулдаггүй, аваар осол барагтай бол гардаггүй талаар Женевт суугаа Монголын Элчин сайдын яамны ажилтан ярьж байна.
Гудамж, талбайгаас бусад газруудаа бүгдийг нь моджуулж, зүлэгжүүлж, харах бүрд л түүнийгээ усалж байх юм билээ. Байгууллага, хүмүүс нь хотоо ногооруулахад чин сэтгэлээсээ ханддаг нь илт. Өмнөх зүлэг талбайгаа өдөржин услаад өнжих, женевчүүдийн мод, зүлэг ургуулах, тарих соёлоос манайхан суралцвал Улаанбаатар маань дорхноо л ногоороод ирэх болов уу. Даанч харамсалтай нь, монголчууд бид хавар нь “мод тарина” гэж бөөн суулгац уулнаас нь авчирч, усалж, тордохоо мэдэхгүй хатаачихдаг, тарьсан модоо зам засах, шугам тавих гээд хөрөөдөөд унагачихдаггүйсэн бол Улаанбаатар арай ч ийм нүүрээ угаагаагүй “халтар” жаал шиг харагдахгүй байсан байлгүй.
Женев хотод албан ёсоор 500 мянган иргэн амьдардаг. Үүний 40 мянга нь олон улсын байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс. Швейцарийн хоёр дахь том хот болох Женев амьдралынхаа өртгөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Тэнд зөвхөн дэлхийн баячууд л амьдардаг гэж ярилцдаг нь оргүй ч үг биш юм билээ. Сарын цалин нь дунджаар 10 мянган франк /монгол төгрөгөөр бол 20 сая/ авдаг женевчүүдийн хэрэглээ өндөр гэдэг нь дэлгүүрт зарж байгаа бараанаас харахад л илэрхий. Аргагүй ч биз дээ, Нэгдсэн үндэстний байгууллагын олон агентлаг энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг болохоор амьдралын өртөг өндөртэй байхаас ч яахав.
Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн худалдааны байгууллагын төв, Хүний эрхийн зөвлөл, Зэвсэг хураах бага хурал, ДЭМБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын хүүхдийн сан, Дүрвэгсдийн комиссар, Дэлхийн улаан загалмайн нийгэмлэг гээд Женевт байрладаг олон улсын төв цөөнгүй. НҮБ-ын Европ дахь хоёр дахь төв оффис байрладаг учраас Женевийг “Дэлхийн нийслэл” гэж нэрлэх нь бий. Женев хотыг Францын алдартай баячууд нийлж байгуулсан гэдэг. Харин тус хотод байрлах НҮБ-ын байрыг “солиотой” баян франц бэлэглэсэн гэж Элчингийн ажилтан ярьж байсан. Газрын диваажин болсон тус хотод ядуу хүн бараг байхгүй гэж хэлж болохоор юм. Энд тэндээс ирсэн цагаачид нь хамгийн багадаа 2000 франк авдаг энэ нь монгол төгрөгт хөрвүүлбэл дөрвөн сая 600 мянган төгрөгийн цалинтай гэсэн үг. Ийм цалинтай, дээрээс нь хоол, байр нь үнэгүй болохоор тэнд хараар амьдардаг монголчууд мөнгөө хурааж байгаад Улаанбаатарт байр авдаг гэсэн. Швейцарьт албан ёсоор 500 орчим монгол хүн амьдардаг гэсэн тоо байдаг аж. Албан ёсоор амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь оюутнууд. Харин “Албан бусаар амьдарч байгаа нөхдүүд Унгар, Чехээс л орж ирээд байх шиг” хэмээн Элчингийн ажилтнууд ярьж байсан.
Монголын Элчин сайдын зөвлөх Г.Жаргалсайханы хэлснээр Женев амьдралын өртөг өндөр хэрээр амьдралын баталгаа сайтай. Улаанбаатарт бол хаанаас төмөр, мод чулуу нисч ирээд цохиод алчих бол, хаа нэгтээ ухсан нүхэнд ойччих вий гэх айдас салдаггүй. Женев бол тийм биш. Хулгай, дээрэмгүй, замын хөдөлгөөнийхөө дүрмийг бүгдээрээ ягштал биелүүлдэг болохоор согтуу, галзуу жолоочид дайруулчихна гэж айдасгүй амгалан. Тэнд гурав хонохдоо хоорондоо хэрэлдэж байгаа хоёр швейцарийг олж хараагүй юмдаг. Иргэд нь франц, германаар ярьдаг. Дундын хэл нь англи. Г.Жаргалсайхан зөвлөх “Женев нуур өвөл хөлддөггүй” гэсэн. Женев өвөл нь дулаахан болдог аж. Монголд бол өвөлдөө гунан үхрийн эвэр тас хөлдөж, зундаа 30 гарч халдаг. Магадгүй ийм эрс тэс хүйтэнд Улаанбаатарыг ногооруулахад хэцүү байж болох юм. Гэхдээ ургасан модоо хөрөөдөөд байвал Улаанбаатар хэзээ ч ногоорохгүй биз. Баруун Европт орших Швейцарь нь далайд гарцгүй, Герман, Францын гэх хоёр их гүрний дунд оршиж буйгаараа Монголтой адил. Байгалийн баялаггүй гэх энэ орон оюуны баялгаараа дэлхийг байлдан дагуулсан брэндүүд үйлдвэрлэх болсныг онцлууштай.
Үргэлжлэл бий…
Ж.НЯМСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066