Коста Рика шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2014.06.15-нд нийтлэгдсэн

Коста Рика шуугиан тарилаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн Колумб болон Грек, D хэсгийн Уругвай болон Коста Рикагийн тоглолт боллоо. “Амьдралын хэсэг” гэж нэрлэгдэж буй С хэсэгт Колумб Грекийг 3:0-ийн харьцаатай хожиж, хэсгээ тэргүүлж эхэлсэн. Харин “Үхлийн хэсэг”-т Коста Рика хүчирхэг Уругвайг 3:1-ийн харьцаатай хожиж, шуугиан дэгдээлээ.


КОЛУМБ 3-0 ГРЕК

Багийн мэргэн бууч Радамель Фалкаогаа гэмтлийн улмаас алдсан Колумбчууд чанга, нарийн зохион байгуулалт бүхий хамгаалалттай Грекийг хожиж, ДАШТ-ий эхлэлээ тун сайн тавилаа. Грекийн шигшээг С хэсгийг тэргүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байсан ч Колумбыг барсангүй. Тоглолтын тав дахь минутад булангийн цохилтоос Хуан Куадрадогийн өгсөн дамжуулалтыг Пабло Армеро цохиж, гоол оруулснаар Колумбчууд тэргүүлж эхэлсэн юм. Энэ тэргүүллээ хадгалсаар эхний үе өндөрлөв. Харин хоёрдугаар үеийн 58 дахь минутад Теофило Гутиеррес, 90+3 дахь минутад Жэймс Родригес нар гоол оруулж, Грекийг хожлоо.

 

УРУГВАЙ 1-3 КОСТА РИКА

Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд үзүүлсэн амжилт, тоглогчдын чансаагаар ньУругвай, Коста Рика хоёрыг харьцуулахад тэнгэр, газар мэт ялгаатай. Уругвайн шигшээ баг 2010 оны ДАШТ-ий дөрөвдүгээр байр, 2011 оны Америк тивийн аварга, 2013 оны Холбооны цом буюу Confederation Cup тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан юм. Харин Коста Рика ДАШТ-ий эрхээ авснаар өөр өндөр амжилтыг үзүүлээгүй. Уругвайд Эдинсон Кавани, Диего Годин, Диего Форлан гээд Европ тивийн шилдэг багуудын тоглогч бий. Харин Коста Рикад Европийн дундаж багуудад хүчин зүтгэдэг Брайан Руис, Жоел Кэмпбэлл зэрэг тоглогч байдаг.

Энэ тоглолтын өмнө бүгд Уругвайг хожиж, хэсгээ тэргүүлнэ гэж бодож байлаа. Гэсэн ч тоглолт эсрэгээрээ өрнөсөн юм.

Тоглолтын 23 дахь минутад Коста Рикагийн хамгаалагч Уругвайн шигшээн ахлагч Диего Лугано дээр торгуулийн талбайдаа алдаа гаргалаа. Шүүгч эргэлзэлгүйгээр пенальт заав.

Пенальтыг Уругвайн шигшээн довтлогч Эдинсон Кавани амжилттай гүйцэтгэж, тоглолтын тооны харьцаа 1:0 боллоо. Мөн нэгдүгээр үед үүнээс өөр гоолгүй 1:0-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Завсарлагааны дараа Коста Рика танигдахын аргагүй өөрчлөгдөж, довтолгоо, хамгаалалт үнэхээр сайжирлаа. Коста Рикачууд чөлөөт цохилтоо нарийн зохион байгуулалттай хийж, Уругвайг сандаргаж байв. Коста Рика 4:4:2 байрлалаар довтолж, 5:4:1 гэсэн байрлал руу хурдтай шилжиж, хамгаалж байлаа. Коста Рикагийн зохион байгуулалттай тоглолтын үр дүн54 дахь минутад зорилгодоо хүрлээ. Английн “Арсенал” багт хүчин зүтгэж байсан Жоел Кэмпбэлл Коста Рикагийн эхний гоолыг оруулав. Үүнээс ердөө гурван минутын дараа буюу 57 дахь минутад Оскар Дуарте чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг хаалгачийн алсын буланд мөргөж гоол орууллаа. Оскар Дуарте нэгдүгээр үед яг ийм байрлалаас мөргөж, Уругвайчуудыг сандаргаад авсан юм. Улмаар 85 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Маркос Урена гоол оруулснаар энэ тоглолтод Коста Рика хожих нь тодорхой болсон юм.

Ингэснээр Коста Рика D хэсгийг тэргүүлж эхэллээ.

Б.БИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж