Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцээд олонх эсрэг кноп дарсан нь хууль батлагдах шатандаа унаж байсан анхны тохиолдол байсан юм. Хууль санаачлагчийн зүгээс ирэх сонгуулийн дараа буюу 2016 оноос эхлүүлэх саналаа хуулиндаа тов тодорхой суулгасан байтал “давхар дээл”-ийг тайлуулах асуудлыг улстөржүүлсэн цөөнхөөс болгоомжилсон уу, эсвэл айсан уу юутай ч олонхиороо түрий барьж, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж эсрэг товчлуур дарсан нь иргэдээс хасах оноо цуглуулахад хүрээд буй.
Ерөнхийлөгч Засгийн газрыг шантаажлах гэсэндээ “давхар дээл”-ийг тайлуулах гээд зүтгээд байгаа юм биш. Том төрөөс ухаалаг төр рүү шилжихийн тулд Засгийн газар, УИХ-ыг байр байранд нь аваачиж тавих хэрэгтэй гэж үзсэнийх юм. Харамсалтай нь, давхар дээлэндээ халууцаж ядан, дааж яваа ачаандаа түүртэж буй сайдуудаа хамгаалахын тулд Засгийн газрын барьж байгаа бодлого олон нийтэд таалагдахгүй байгааг хэлэх нь зөв биз ээ. Ядахнаа л Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын томилгоон дээр олонх цөөнхийн болон Ерөнхийлөгчийн зүгээс барьж байгаа байр суурийг хүндэтгэж үзсэн бол “давхар дээл”-ийн асуудлыг урагшлуулж, ухаалаг төрийн суурийг бүрдүүлэх том алхам болох байлаа. Даанч, манай Засгийн газар ийм эр зориг, мяндсан ухаан байсангүй гэж тодорхойлоход гэмгүй биз ээ. Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилохыг эсэргүүцэж байгаагаа, ухаалаг төрийг бүрдүүлэхийн тулд “давхар дээл”-ийг тайлах асуудлыг ядаж л эндээс эхлэхийг сануулсан Ерөнхийлөгчийн байр суурийн эсрэг “салаавч” үзүүлсэн нь Засгийн газар унах нүхээ өөрсдөө бэлтгэчихэв үү гэх хардлагыг төрүүлж буй юм. Үнэндээ давхар дээлийг тайлуулах асуудал Засгийн газар ядаж л Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэсэн бол ирэх сонгуулиар цуглуулах нэмэх оноо нь нэмэгдэх байлаа гэж дүгнэгдэж байгаа юм.
Амжилтад хүрэхийн тулд бусдын зөвлөгөө сонсоход гэмгүй гэдэг. Хувь хүн гэлтгүй нам эсвэл, төр засгийн хувьд амжилтад хүрээд олон нийтийн санаа бодол, хүсэл зоригийг сонсч байх нь чухал. Түүнээс “намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэх маягаар асуудалд хандах тусмаа үнэлэмжээ улам л алдах болов уу.
Монголчууд үг сонсдоггүй хүүхдээ “чихгүй” толгой гэж зэмлэдэг. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар яг л “чихгүй толгой” мэт аашилж байгаа нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын томилгооноос харчихаж болно. “Чихгүй толгой” мэт аашилж, өөрөөсөө бусдын үгийг сонсохоо больсон Засгийн газарт хандаж зөвлөхөд, танхимаараа төрхөмдөө буцахыг хүсээгүй юм бол бусдын үгийг сонсч сурахад гэмгүй шүү. Өнөөдөр хэн нэгэн инээж байвч, маргааш уйлах өдөр ирэх ч юм бил үү хэн мэдлээ.
Р.БУРМАА