Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажилтын хэлтэс, сорьцын хяналтын хэлтэс, “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоотой хамтарсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үнэт эдлэл үйлдвэрлэл, алт мөнгөний дарханы үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтыг дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцоо баталгаажилтын хэлтэс, Сорьцын хяналтын хэлтэс, “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоо хамтран хийсэн юм.
Энэ удаагийн түвшин тогтоох шалгалтыг “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, үнэт металл эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5565:2005 стандарт, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор явуулсан аж. Дүүргийн хэмжээнд үнэт металл, алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 үйлдвэрлэл, 5 алт мөнгөний дархан шалгалтанд хамрагдсанаас 8 нь хэвийн, 3 нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Түүнчлэн шалгалтын явцад үнэт эдлэл, алт мөнгөний дарханы газруудын 45 хувь нь түрээсийн байранд 55 хувь нь өөрийн гэсэн ажлын байртай байгааг тогтоожээ. Харин шалгалтад хамрагдсан газруудын 25 хувь нь бүрэн хангалттай, 75 хувь нь хангалттай хэмээн дүгнүүлсэн байна.
Эх сурвалж: http://zasag.mn