Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат ХБНГУ-д ажиллаад ирсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр энэ сарын эхээр тус улсад айлчлахдаа хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртсөн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаарт ус улсын “Гео тек” компанитай хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд тус компанитай хамтран ажиллах санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” болон манай аймгийн удирдлагууд гарын үсэг зурсан байна.
Уг ажилд ХБНГУ-ыг сонгосон нь тус улсын байгалийн нөхөн сэргээлт хийх туршалагатай холбоотой гэлээ. Тус улсын “Гео тек” компани нь Перу, Канад, Австрали, Өмнөд африк зэрэг уул уурхайн салбар хөгжсөн орнуудад байгалийн нөхөн сэргээлт хийх туршлагатай аж. Тус компанитай харилцан гарын үсэг зурсан санамж бичигт туссан мөнгөн дүн нь 350 мянган евро гэнэ. Үүний 200 мянгийг нь германы талаас гаргах бол Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 100 мянга, АЗДТГ-ын 50 мянган еврог нь гаргах гэнэ. Уг санамж бичгийн дагуу манай аймагт ирэх 9-р сарын эхээр уул уурхай дагасан хотын байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар олон улсын зөвлөгөөн манай аймагт болох гэнэ. Учир нь Герман улсын Хөгжлийн банкнаас манай улсад 11 сая еврогийн тусламж үзүүлэх асуудал яригдаж байгаа. Тиймээс дээрх зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг холбогдох яамдад хүргүүлж дээрх тусламжийн тодорхой хэсгийг авах боломжтой болно гэж үзжээ.
Б.ГАНБЯМБА
Эх сурвалж: www.erdenetinfo.mn