“Монголд итгэж болно”

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

“Монголд итгэж болно”

Үзэсгэлэнт Женев нуурын эрэг дээр сүндэрлэсэн Женевын зунаар  тив, дэлхийн 5000 гаруй төлөөлөгч хөдөлмөр эрхлэлт ба хөгжил дэвшлийн талаар чууллаа. Зуун гаруй жилийн түүхтэй Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг тус чуулга уулзалт энэ жилийн хувьд “Ажилтай хөгжил дэвшил- Хөдөлмөр эрхлэлт 2014” сэдвийн дор болж өнгөрсөн юм.   НҮБ-ын Женев дэх төв байранд болсон 103 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг урилгаар оролцож илтгэл тавьсан юм. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл гэсэн гурван талын төлөөлөгчид оролцдог чуулга уулзалтад улс орны төрийн тэргүүн болон гүйцэтгэх засаглалын тэргүүн урилгаар оролцож илтгэл тавьдаг юм байна.  Дээд хэмжээний чуулга уулзалтад илтгэл тавих урилгыг дурын улсад олгодоггүй, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавьж байгаа шаардлага, нөхцөлд нийцсэн бодлого хэрэгжүүлж байгаа орнуудын төрийн тэргүүн болон Ерөнхий сайдыг урилгаар оролцуулдаг аж.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гайя Райдертэй хамт

Ерөнхий сайд Н.Алтанхуягт дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, илтгэл тавих урилгыг  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гайя Райдер илгээсэн бөгөөд тэрбээр, өөрийн биеэр Ерөнхий сайдыг  угтан хүндэтгэл илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ажилтай орлоготой Монгол хүн”  хөтөлбөр хэрэгжүүлж,  хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан яам байгуулан ажиллаж байгаад талархаж буйгаа хэлсэн. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндэсийг шинэчлэх, боловсронгуй болгох, мөн цалин хөлс, нийгмийн халамжийн тогтолцоонд шинэчлэлт хийхэд дорвитой хувь нэмэр оруулсныг тэмдэглээд зохистой эдийн засгийг дэмжих, боловсон хүчний чадавхыг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээг сайшаасан.  Тодруулбал, халамжийн системийг халж, хүмүүстээ хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Засгийн газрын бодлого ноён Гайя Райдерт таалагджээ. 

Энэхүү бага хурлын үеэр тив дэлхийн төлөөлөгчид дэлхий даяар нүүрлээд байгаа санхүүгийн хямралыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлбэрээр даван туулахыг онцолсон. Европ олон Азийн олон улсад нүүрлээд буй эдийн засгийн уналтаас болж дэлхийн томоохон компаниуд ажилчдаа цөөлөх бодлого хэрэгжүүлэх бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энэ хүнд үед төр болон ажил олгогч, үйлдвэрчний эвлэл нягт хамтран ажиллах ёстойг сануулж байлаа. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ зүтгэх биш хамтдаа асуудлаа ярилцаж шийдвэрлэх, ялангуяа үйлдвэрчний эвлэл дөргүй бух шиг цалин нэм гэж асуудлыг хүндрүүлдэг байдлаасаа, хуучин арга хэлбэрээ өөрчлөхийг зөвлөсөн. Гэхдээ мэдээж энэ нь ажил олгогч, үйлдвэрчний эвлэл нэг хөнжилд шургана гэсэн үг биш юм.

Монгол Улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хөгжилд оновчтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар чухалчлан анхаарч байгааг дурдаж, ОУХБ-аас хамтран ажиллахаар болсон байна.  Үүний хүрээнд ОУХБ-аас томоохон ажлын хэсэг манай улсад ирэх наймдугаар сард зочлох юм. Тэд жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулахад анхаарах бөгөөд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх бас нэгэн том ололт энэ байх биз ээ.  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хэлснээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэгээс гадна тэнд ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулна гэдэг чухал ажил, тиймээс ОУХБ-ын ажлын хэсэг энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулах бололтой.

ОУХБ-аас санхүүгийн хямралыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлбэрээр давахыг улс орнууд, ажил олгогчдод уриалж байгаа бөгөөд үүнийг Монголын аж ахуйн нэгж, компаниудын чихэнд хүргэхэд гэмгүй биз.  Санхүүгийн хямралыг хүнээ цөөлөх биш, ажлын байраа хадгалах замаар давах нь илүү ач холбогдолтой болохыг  ОУХБ зөвлөж буй юм.

Ерөнхий сайд Женев хотод ажиллах үеэрээ ОУХБ-аас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн SCORE /Sustaining competitive and responsible enterprise/, Эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STED /Skills for Trade and Economic Diversification/ хөтөлбөрийн танилцуулга уулзалтад оролцож, эдгээр хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлаар санал солилцлоо. 

ОУХБ-аас жил бүр зохион байгуулдаг чуулга уулзалтад дөрвөн жилийн өмнө Монгол Улс Ерөнхий сайдын төвшинд оролцох хүсэлтээ илгээсэн ч хүлээж аваагүй аж. Шалтгаан нь Монгол Улс тухайн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс илүү халамжийн бодлогыг чухалчилж байсан нь ОУХБ-ын бодлого, зорилтод нийцээгүй бололтой.  Энэхүү чуулга уулзалтын сэдэв нь “Ажилтай хөгжил дэвшил- Хөдөлмөр эрхлэлт 2014”. Дэлхий нийт үүнийг олж харахаас хоёр жилийн өмнө Монголын Засгийн газар  “Ажилтай орлоготой монгол хүн” гэдэг  хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. ОУХБ-аас авсан бас нэг “коко” үнэлгээ энэ байлаа. 

НҮБ-ын индэр дээрээс дэлхийн 150 гаруй орны 5000 орчим төлөөлөгчийн өмнө Ерөнхий сайд хэлсэн үгэндээ  "Монгол Улсын Засгийн газар зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай олон улсын хамтын нийгэмлэгийн тавьж буй зорилт, хүчин чармайлтад нэгдэн Төрөөс  хөдөлмөр эрхлэлтийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлогыг ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлж УИХ-д өргөн барьсныг онцлоод, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр, мөн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар багатай иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор,“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг  төсөл, дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж” буйгаа дуулгасан юм. Дашрамд дурдахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд конвенц болон зөвлөмжийн хэлбэрээр олон улсын хэм хэмжээ тогтоох үндсэн чиг үүрэгтэй НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Тус байгууллага 1919 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Олон Улсын Хөдөлмөрийн Ерөнхий Бага хурлаараа нийт 188 конвенц, 199 зөвлөмжийг батлан гаргажээ.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Мөллертэй хамт

Албан томилолтынх нь үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай  НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Мөллер уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсөн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-д хэд хэдэн чиглэлээр, тухайлбал хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх үүргийг бэхжүүлэх, хоршооллын хөгжил, бүх нийтээр бичигтэн болох, зэвсэг хураах, ардчиллыг бататгах, энхийг сахиулах зэрэг чиглэлээр санаачилгатай ажиллаж ирснийг сайшаасан. Мөн сүүлийн арав гаруй жилд энхийг сахиулах цэргийн ажиллагаанд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь олон улсад Монголын нэр хүндийг өргөж байгаа явдал гэдгийг цохон тэмдэглэсэн юм.  Тэрбээр энэ хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.  Монгол Улсын хувьд 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгууль болон удахгүй Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ассамблейн Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэрээ дэвшүүлж байгаа аж.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Майкл Мөллерт хандан манай сайхан оронд зочлохыг урьж, “Монголд итгэж болно. Монголыг дэмжээрэй” хэмээн хэлсэн юм.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж