Гадаад харилцааны сайд Л.Болд Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 11-13-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн 7 дугаар шатны хэлэлцээнд оролцож буй хэлэлцээний японы талын тэргүүн, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара-г 6 дугаар 12-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд уулзалтын эхэнд Монгол, Японы харилцаанд харилцан итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд өнгөрсөн онд болсон хоёр орны Ерөнхий сайд нарын харилцан айлчлал нь харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг онцлон дурдав.
Тэрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд хоёр орны хооронд байгуулахаар ажиллаж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-г чухал ач холбогдолтой гээд хоёр тал хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр Дэд сайд С.Кихара хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар Японы Кэйданрэн байгууллагатай хамтран ирэх 7 дугаар сарын 22-нд Токиод зохион байгуулах “Монголын хөрөнгө оруулалтын семинар” нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг тэмдэглэж, энэхүү арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Эх сурвалж: mfa.gov.mn