Хятад болон Япон улсын хооронд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой дахин үл ойлголцол, маргаан дэгджээ. Хятадын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр өнгөрсөн лхагва гаригт /VI.11/ Өмнөд Хятадын тэнгис дээгүүр эргүүл хийж явсан тус улсын ТУ-154 онгоцыг Японы F-15 сөнөөгч онгоцнууд хөөжээ. Японы сөнөөгч онгоцнууд Хятадын онгоцонд 30 метр ойртон, аюултай байдал үүсгэсэн гэнэ. Харин Хятадын мэдэгдлийн эсрэг Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга өчигдөр /VI.12/ няцаалт хийж, нөхцөл байдал эсэргээрээ байсныг тайлбарлажээ. Ёшихиде Сугагийн мэдэгдснээр Хятадын Су-27 хоёр сөнөөгч онгоц Японы онгоцны хажуугаар ойрхон нисч, аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэнэ.
Энэ хэргийн улмаас Японы Гадаад хэргийн сайд Токиод суух Хятадын Элчин сайдыг дуудан байцаасан байна. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн сайдын төлөөлөгч Hua Chunying “Япон улс бодит байдлыг үл ойшоож, хохирогчид бурууг тохож буйг БНХАУ хүчтэй эсэргүүцэж байна” хэмээн мэдэгджээ.
Хятад, Япон хоёр улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх Сенкаку/Дяоюйдао гэж өөрсдийнхөөрөө нэрлэсэн бүлэг арлыг эзэмшилдээ авахаар булаацалдаж, маргаан дэгдээгээд удаж буй юм. Гэхдээ сүүлийн үед хоёр орон Өмнөд Хятадын тэнгис дэх эргүүлийн нисэх онгоц, нисдэг тэрэг, усан онгоцныхоо тоог нэмэгдүүлж эхэлсэн арлын маргаан хурцдаж буйг илтгэх аж. Түүнчлэн Японы холбоотон АНУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанд хөрш орнууддаа хүч хэрэглэхгүй байхыг Бээжинд анхааруулсан билээ.
Бээжингийн эрх баригчид 2012 онд Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэрийн усан бүсийг эзэмшлээ хэмээн зарласнаар Азийн олон хөрш оронтой газар нутгийн маргааныг хурцатгасан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press