Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Тэд ямар хочтой вэ?

 

-Бразилид болж буй 2014 оны хөлбөмбөгмйн аваргын тэмцээнд оролцогч багуудын дайчин нэр хочуудыг танилцуулья-

Бразил

Бразилийн шигшээ хэд хэдэн нэртэй. Дэлхийн аваргын  бүх тоглолтуудад оролцсон  дэлхийн цорын ганц баг бөгөөд таван удаагийн аварга пента кампеоны статустай бас л цорын ганц шигшээ юм. Энэ бүгдийнхээ төлөө тэд Celecao гэсэн бардам нэр авсан нь “Шилмэлүүд” гэсэн утгатай. Хурц шар өнгийн өмсгөлөөр нь тэднийг Canarinho-“Бяцхан канар бялзуухайнууд”  гэж хөгжөөн дэмжигчид нь нэрлэжээ. Үндэсний бүжгийг нь санагдуулахаар хамгийн техник сайтай  тэд Samba kings  буюу “самба бүжгийн хаад” гэсэн өөр нэг нэртэй. Гэхдээ гоолын баяраа тэр бүжгээр тэмдэглэдэг тоглогчдыг нь голдуу тэгж нэрлэдэг аж. Бараг бүх довтлогчид нь  юм л даа.

Хорват

Саяхан болтол Хорватын шигшээг Bilic boys  буюу “Биличийн залуус” гэж нэрлэж байлаа. Зургаан жил шигшээг, хоёр жил залуучуудын багийг нь дасгалжуулж байсан Славан Биличийг үнэлээд л тэгж нэрлэдэг байж.  Мөн тэр  аятайхан багийг дасгалжуулагчийн хоббийнх нь дагуу “Биличийн рок эрчүүд” гэж хэлж ч байлаа.  Дасгалжуулагч нар ирж л байдаг, явж л байдаг. Тэгээд л тэднийг амархан танигдах өмсгөлийн дагуу “даамчид” эсвэл Vatreni (“Дөлийнхэн”) гэж хэлдэг болжээ.

Мексик

Мексикчууд дэлхийн шигшээ тоглолтод 14 удаа оролцсон нь  цомыг  аваагүй багуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт. Тэдний бэлгэдэл нь бүргэд. Мексикчүүдэд дэлхийд танигдсан сомбреро, пончо, гитара, кактус, текила, бухын тулаан, Dia de los muertos (Нас барагчдын өдөр) гэсэн наадам гээд олон бэлгэдлүүд байдаг. Гэсэн хэдий ч  энэ улсын шигшээгийн нэр алдар нь төрийн далбааны өнгөтэй нь холбоотой.  El Tricolor эсвэл товчилснаар El Tri буюу “гурван өнгөт” гэж нэрлэдэг. Хоёр дахь нэр нь арай уйтгартай өмсгөлийнх нь өнгөөр зүгээр л  Ногоонтнууд (“La Verde”).

Камерун

Африк ч амьтнаар баян тив тэднийхээ нэрийг ашиглахгүйгээр өнгөрнө гэж байхгүй л дээ. Тэнд “Хилэнцэт”, “Тогруунууд”, “Матрууд”, “Барснууд”, “Алаг тахиуд”, “Зөгийнүүд” “Хар гөрөөснүүд” гээд нэр олон. Харин Камеруны шигшээгийнхэн  араатны хааны нэрийг “мохошгүй гэсэн тодотголтойгоор авч Les Lions indomptables гэгдэх болжээ. Мэдээж, эмэгтэйчүүдийн шигшээ нь “Эмэгчин арслангууд”, залуучуудынх нь “Арслангийн зулзаганууд” нэртэй. Үндэсний шигшээгийн сүлдэнд арслангийн толгой зурагдсан байгаа.

Камеруны “Мохошгүй арслангууд”

Испани

Өөрсдийн La Furia roja буюу “Улаан Фуриа” (эртний грек домогт өшөө авалтын бурханыг Фуриа гэдэг. Бас үглээ эхнэрийг ч ингэж нэрлэх нь бий) гэсэн  домогт нэрээ Испанийн шигшээ 1920 оны Антверпений зуны олимпийн тоглолтоор авчээ. Тэд мөнгөн медалийг бараг санамсаргүйгээр авсан байв. Шигшээд тоглож байсан Бельги, Чехословакийн тоглолтын өмнө чехүүд шүүгчийг худалдагдсан гэж сэжиглэсэн ба тоглолтын 30 дахь минутад тэд 0:2 харьцаатайгаар хожигдож байлаа. Энэ бүгдийг “даагаагүй” чехууд тоглолтыг 40 дэх минутад орхин хаяад дараа нь шийтгэлээр хасагдаж, Бельги алт мөнгө авсан байлаа. Үлдсэн медалийн төлөө тоглолтод Испаничууд Нидерландыг буулгаад мөнгөн медалиар  шагнуулжээ.

Түүнээс хойш испаничуудыг La Roja (“Улааныхан”) дуудах болсон ба тэр олимп дээр өнөөдөр бидэнд танил тики-така  (исп. tiqui-taca) гэх стилийн богино дамжуулалттай тасралтгүй хөдөлгөөнтэй тоглолтыг  эхлүүлсэн учраас тэдний улаан өнгөтэй өшөө авалтын дагинад өгсөн нэрээр нэрлэх болсон байна.

Голланд

Oranje (“Улбар шарууд”) гэсэн энгийн нэр голландчуудынх. Жүржийн  уламжлалт өнгө нь зөввхөн шигшээгийн өмсгөлийнх биш бүх улс орных нь өнгө учраас түүнийг яав гэж орхих билээ. Гэхдээ төрийн далбаанд нь тийм өнгийг 1630 онд улаан болгон сольжээ. Ер нь улбар шар өнгө нь л Голландын багийг хамгийн хурц тод болгон бусдаас тодруулж өгдөг.  Түүнээс дутахааргүй бүгд хамгаалж, бүгд довтлох хөлбөмбөгийн стилийг гарган ирснийхээ төлөө  тэднийг  Энтони Бёржессийн романы нэрийн дагуу “Оньст жүрж” гэж нэрлэх болсон байна. Нөгөө алдартай хий үзэгдлийн хөлгийн “Нисдэг голланд” гэсэн өөр нэг хоч нь ч сүрлэг.

Чили

Хэл яриа нь адилхан испани учраас Чилийн шигшээ испаничуудын хуучин  La Roja (“Улаантнууд”) нэрээр нэрлэгдсэн байгаа. Өмсгөл нь улаан  юм. Довтолгооны стилийнх нь төлөө тэднийг  El Equipo de Todos буюу  “Бүгдийн  баг”  гэж нэрлэх нь бий.

Австрали

Өөрсдийн одоогоор цорын ганц болох Socceroos (Хөлбөмбөгчин имжүүд”) нэрийг нь шигшээдээ сэтгүүлч Тони Хорстед өгчээ. Вьетнамд 1967 онд явагдсан Сайн санааны тоглолтын үеэр энэ нэр өгөгджээ. Тивийн хамгийн алдартай  амьтны нэрийг  яагаад шигшээдээ ашиглаж болохгүй гэж.

Колумби

Колумбийн баг гэхээр дэлхий даяар  өөрийн сэгсгэр үсээр алдаршсан  домогт Карлос Вальдеррамын нэр юуны түрүүнд санагдана. Тэр хүн өнөөдөр ч шигшээдээ хамгаас олон удаа 111 тоглолтын амжилттай хэвээр үлджээ. Хэзээ нэгэн цагт түүний нэр шигшээд ашиглагдах байх. Харин одоо  колумбичуудын нэр нь Los Cafeteros-“Кофечид” юм. Экспортынхоо  гол бүтээгдэхүүний нэрийг ашиглахгүй бол өөр юуг ашиглах билээ.

Колумбийн шигшээ

Грек

“Эллинчууд” гэсэн нэр шигшээгийн сүлдэнд бичигдсэн байгаа. Англи хэлийн номуудад тэднийг Hellas гэнэ. Эрт дээр цагт ромчууд тэднийг  тэгж нэрлэсэн юм. Одоо бол грекчууд өөрсдийгөө эллинчууд гэдэг. 

Грекийн шигшээгийн хоёр дахь нэр нь Евро-2004 тэмцээнд ялсны дараа гарч иржээ. Европын аваргын тэмцээний нээлт дээр  цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хөлөг онгоц “хөвөн” гарч ирсний дараа спортын тайлбарлагч Георгиос Халакис  тэр даруйд нь “Грекийн шигшээгийн тоглогчид далайн дээрэмчин болох ёстой. Тэд ялалтыг  хулгайлах ёстой” гэж хэлсэн байв. Одоо шигшээгийн тоглогчдыг Piratiko гэж нэрлэдэг нь “далайн дээрэмчдийн хөлөг” гэж орчуулагдах юм.

Кот-д'Ивуар

Африкчууд амьтны нэр авах дуртай. Ивуарчуудын тохиолдолд тэдний сонголт энгийн. Саяхан болтол тэр хязгаарыг Зөвлөлтөд “Зааны ясан эрэг” гэж нэрлэж байсан юм. Манай Монголд ч бас тэгж л байлаа. Шигшээгийн нэр нь түүнд ойрхон Les Elephants-“Заанууд” гэсэн үг болжээ. Багийн сүлдэнд цагаан заан хушуугаараа улбар шар бөмбөгийг ороон барьсан дүрстэй. Тэр өнгө нь тус улсын төрийн далбаа болон тоглогчдийн өмсгөлийн  өнгөтэй нийцдэг.

Япон

Уламжлал япончуудад ариун нандин.  Улс орныхоо нэрийг гаргаж буй 11 тоглогчийг хэрхэн нэрлэх вэ? Blue samurai, буюу “Цэнхэр самурай”  гээд л болоо. Тэд цэнхэр өмсгөлтэй учраас самурай нь тийм тодотголтой. Өмсгөл нь 1917 оноос хойш  тийм л байгаа.

Тоглогчид хожигдон нутаг буцахдаа харакири хийж гэдсээ хүйлдэггүй нь самурай нараас өөр юм даа. Гэхдээ япончууд 1998 оноос хойш дэлхийн аваргын тоглолт бүрт оролцож иржээ. Тэр бахархал байлгүй яахав.

Уругвай

Өмнөд Америкийн “би-кампеон”-“дэлхийн хошой аваргуудыг”  хоёр янзаар нэрлэдэг. Эхнийх нь арай романтик  La Celeste (“Тэнгэрийн цэнхэрүүд”) нэр бөгөөд өмсгөлөөр нь тэгж дууддаг аж. Урагвайн далбаа нь  цагаан, цэнхэр зурааснууд  тэднийг хольсноор  цэнхэр өнгийг гаргаж авна.  Тэнгэрийн гэдэг нь далбаанд  нарны туяанаас үүдэлтэй гэнэ. Хоёр дахь нь Los Charruas (“Чарруа”) гэдэг уг нутагт амьдарч байсан индианчуудын омгийн нэр юм.  Уг омгоос дөрөвхөн хүнийг үлдээгээд испанийн колончлогчид бусдыг нь хүйс тэмтэрчээ. Үлдсэн дөрөвийн нэг Такуабед зориулсан хөшөө Монтевидео хотод байгаа.

Коста-Рика

Тэдэнд  нэг жижигхэн бөгөөд гүнзгий утгатай нэр бий. Los Ticos гэсэн нэрийг испани хэлнээс буулгавал “Резинэн дугуй” гэсэн утгатай. Тэдний нэр автын  үйлдвэрлэлтэй холбоотой нь юу л бол. Харин “тисо” гэсэн үгээр ярианы хэлэнд costariccences-костарикачуудыг  дууддаг гэнэ.

Англи

Хөлбөмбөгийн эх оронд япончууд шиг уламжлалыг дээдлэнэ. Three Lions эсвэл “Гурван арслан”  гэж английн шигшээг эртнээс нэрлэж иржээ.Үндэсний шигшээгийн бэлгэдэл нь Арслангийн зүрхтэн гэгдэх Ричард хааных нь сүлд л гэсэн үг Улаан ба алтан зураас нь цэнхэр цагаан өнгөөр солигдсон байгаа. Мөн эмблем дээр нь Тюдоруудын 10 сарнайн долоон улаан гурван цагаан цэцэг бий. Тэр нь Йорк ба Ланкастерүүдийн 1485 оны дайны эвлэрэлийг бэлгэддэг. Гэхдээ тоглогчдыг сарнай гэхгүй арслан гэцгээнэ. Арай сүртэй байлгүй  яах вэ .

Английн шигшээ-Гурван арслан

Итали

Апеннины хойгийн “тетракампеон”-гурван удаагийн аваргыг  гадаадын хэвлэлд Azzurri (“Номин-цэнхэрүүд”) гэж бичдэг. Бидний чихэнд Squadra Azzurra (“Цэнхэр баг”) гэдэг нь арай илүүтэй сонсогддог. Ер нь бол  squadra гэсэн үг нь олонд тархсан санаагаар “эскадра” биш баг л гэж сонсогдоно. Гэхдээ Squadrone Azzurra гэдэг ч бас муугүй сонсогдож байгаа биз.

Швейцари

Швейцаричууд  Nati  гэсэн ганцхан нэртэй. Тэр нь Swissnational team-Швейцарийн үндэсний баг нэрийн товчлол ажээ. Энгийн, амархан нөгөө талаас уйтгартай ч юм шиг.

Эквадор

Мексикийн баг шиг тэд бас  төрийн далбааныхаа өнгөөр өөрсдийгөө гоёжээ. Шар, улаан, цэнхэр өнгө байгаагаас экваторчуудыг  La Tri (“Гурван өнгөт”) гэжээ. Экваторын гадилыг мэдэхгүй хүн байхгүй мөн улсыг нь “Экватор” гэдэг нь ердийн л нэг нэр болно. Багаа ямар гадил гэлтэй биш.

Франц

1998 оны дэлхийн аваргууд сүрлэг нэртэй биш. Гадаадынхан тэднийг Les Blues-“Цэнхрүүд”  гэж өмсгөлийн өнгөөр нь нэрлэдэг. Харин оросууд тэднийг “Гурван өнгөт” гэж нэрлэдэг нь цэнхрүүдээс арай дээр ч юм шиг.  Тэдэнд алдартай “азарган тахиа”, “мэлхий” зэрэг амьтдынхаа нэрийг авахаас францчууд ичдэг байлгүй дээ. Мэлхий гэсэн бол айх хүн гарахгүй инээх хүмүүс олох байх байсан биз дээ.

Гондурас

Энэ холын орныг оросууд ба манайхан л Гондурасын шигшээ гэдэг бололтой. Бусад орнуудад тэдний багийг Los Catrachos гэдэг ба орчуулан буулгахад хүндрэлтэй байснаас л тэр. Никарагуатай байлдаж байхад нь генерал Флоренсио Ксатручийн командалсан гондурасчуудын армийг  “Катрачо” гэсэн ерөнхий нэрээр нэрлэж байжээ. Мөн тэднийг La Bicolor (“Хоёр өнгөт”) гэж төрийн далбааны өнгөөр нь нэрлэх нь бий.

Аргентин

Алдартай  La Albicelestes гэсэн үгийг испаниас буулгавал “цагаан-тэнгрийн-цэнхэр” гэсэн утгатай. Гэхдээ тэд Урагвай шиг далбааны өнгөө холиогүй. Цэнхэр далбааг алтан нар зурагдсан цагаан зурвас огтлон буусан байдаг. Ер нь бол чихэнд чимэгтэй дуудагддаг үг ажээ.

Босни ба Герцеговина

Дэлхийн аваргын хамгийн залуу багийнхан өөрийн дайчин нэрэндээ далбааны өнгийн дуулагыг ашигладаг.  Нэрийн нэг нь Zmajevi буюу “Луунууд”. Ийм сүрлэг нэр  дайчин чанарыг нь гаргах ёстой. Бас нэг сонирхолтой нэр нь Zlatni ljiljani буюу Алтан сараана цэцэг.  Тэд хожиж байхдаа  намаг дахь санаана шиг тайван, хожигдож явахдаа луу шиг догшин гэсэн үг бололтой юм.

Иран

Иранчуудад нэрийн сонголт арвин. Тэнд консерватив Team melli (“Үндэсний шигшээ”),  араатны Iranian lions (“Ираны арслангууд”) түүнээс ч илүүтэй Lion hearts (“Арслангийн зүрхтнүүд”)  нэр  байгаа. Маркетинг талаасаа 2011 оны Азийн цомын тоглолтын дараа Princes of Persia (Персийн жононгууд”) нэр авсан нь сонсголтой  сайхан гэмээр. Тэглээ гээд тэд компьютерийн тоглоомын баатрууд болохгүй л дээ.

Нигери

Африкийн үндэстнүүдийн лигийн аварга энэ баг “Супер бүргэдүүд” гэсэн илүү ч үгүй дутуу ч үгүй нэртэй. Өмнө нь тэднийг “Ногоон бүргэдүүд” гэдэг байсан нь нэг л бууж өгөхгүй байлаа. Бөмбөгөө авч явах чадвараар нь тэднийг бас “Африкийн бразиличууд” гэдэг ажээ.

Герман

Немцүүд ямар ч тэмцээний тэргүүлэгчдийн эгнээнд байдаг. Тэгээд л тэднийг  —Bundesmaschine-Немцийн машин гэдэг. Герман машины чанарт эргэлзэх хүн хаа л байв гэж. Бас тэднийг Bundesmannschaft-Үндэсний шигшээ гэж нэрлэнэ. Сүртэй л сонсогддог.

“Немцийн машин”

Португали

“Европ  бразиличууд” нэр нь португаличуудын хамгийн алдартай  хоч юм.  Тэд л хэзээ нэгэн цагт Бразилийн эрэгт бууж, тэднийг өөрийн хэлээр ярьж сургасан юм.
Selecção das Quinas (“Шилмэлүүдийн баг”)  гэсэн нэр ховор хэрэглэгдэх ч  бас тэднийг бразиличуудтай холбож өгдөг. Шигшээгийн сүлдийн дагуу “Таван бамбайн баг” гэсэн гурав дахь нэр тэдэнд бас бий.

Гана

Африкийн бусад багууд шиг тэд махчин араатны нэр аваагүй. “Хар однууд” гэсэн энгийн  мөртлөө дэгжин нэртэй.  Хар од тус орны далбаанд бий. Олон тооны однууд шигшээгийн цагаан өмсгөлийг чимнэ.

АНУ

“Янки, гоу хоум!” гэсэн уриа бид их л сонсож ирсэн. Тийм уриаг Вьетнамд  байлдаж байсан цэргүүдэд нь зориулсан байлаа. Харин  хөлбөмбөгийн багийнхан нь  The Yankees (“Янкууд”) гэсэн нэрийг авчээ. Нью-Йоркийн дэлхийн хамгийн алдартай бейсболын багийг ч бас тэгж нэрлэдэг. Өөөр нэг хэрэглэгддэг нь нэр”Однууд ба зурааснууд” нь далбаандаа хамрагдсан  хоч гэх үү дээ.

Бельги

Бельгичуудыг “Улаан чөтгөрүүд” гэж нэрлэх болсон цаг нь “Манчестер Юнайтед” клуб тэгж нэрлэгдэх болсноос өмнөх үе юм. Сэтгүүлч  Пьер Валькьер  энэ нэрийг 1906 онд гаргаж ирсэн гэж боддоо. Франц, Голландын багуудыг буулсан авсан тоглолт нь түүнд сэтгэгдэл төрүүлснээр Бельгичүүд улаан чөтгөр болжээ. Өмсгөл нь ч улаан байлаа.

Алжир

“Цөлийн үнэгнүүд” гэсэн гоё нэрээр Алжирийн багийг нэрлэдэг. Тус орны нутгийн 80 хувийг Сахарын цөл эзэлнэ. Тэнд шөнийн амьдралтай фенек гэх үнэгнүүд байдаг. Тэднийг нэрийг л алжирчууд авчээ. Дашрамд хэлэхэд  фенекийг гэрийн тэжээмэл амьтан шиг үржүүлдэг ажээ.

Өмнөд Солонгос

Романтик Ази Өмнөд Солонгосын шигшээд Taeguk warriors (“Инь-Янийн дайчид)  гэсэн  сонирхолтой нэрийг өгсөн нь төрийн далбаан дээрх  домогт бэлгэдлээс үүдэлтэй аж.  Багийн сүлд нь бар учраас “Азийн бар” гэсэн бас нэг нэр тэдэнд ноогджээ. Сонирхотой нь тэднийг “Улаан чөтгөрүүд” гэж бас нэрлэдэг гэнэ. Энэ дэлхийн аваргын тоглолтод чөтгөрийн тоо эрс нэмэгдсэн гэвэл алдахгүй биз.

Орос

Энэ багт тусгайлсан нэр үгүй. Гадаадынхан шигшээ гэсэн утгатай  “sbornaya” нэрийг  тэдний хувьд ашигладаг. Нэр авахын тулд зүтгэл хэрэгтэй байх л даа.  Хэрэв сайн тоглоод ирвэл яагаад тэднийг “Улаан баавгай” гэж  болохгүй билээ?,

Оросын шигшээ зүгээр л Шигшээ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж