Суудлын хэрүүл сонсмооргүй байна

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Суудлын хэрүүл сонсмооргүй байна

Монголын хууль тогтоох дээд байгууллага зөвхөн сандал суудал, албан тушаал хэлэлцдэг байгууллага болж гэхэд буруудахгүй болж. УИХ-д сууж байгаа, ард түмнээс итгэл хүлээн сонгогдсон гишүүд нь хуралдааныхаа ирцийг бүрдүүлж, хэлэлцэж буй асуудлаа улстөржүүлэлгүй, хувийн ашиг сонирхлоор бус, ард түмэн, нийтийн эрх ашигт нийцүүлэн ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Өмнөх парламентынхаа аль болж бүтдэггүйг амжилттайгаар өвлөн авсан нь З.Энхболдын удирдаж буй парламент. Тэд байгуулагдсан цагаасаа эхлэн ирцийн асуудалтай явж ирсэн. Ирц бүрддэггүй, олонхийн бүлгийн 17 гишүүн нь давхар Засгийн газрын ажлыг хийж, хавсран гүйцэтгэж байгаа учраас тэр. Ирц хүрдэггүй, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаа хойшлуулах, хууль унагах, хэлэлцэж чадахгүй байх тохиолдол бүрт УИХ-ын гишүүдэд хариуцлага яригдах ёстой.

Гэвч ард түмнээс итгэл хүлээн гарч ирсэн гишүүд хурлаа тасалж, ирцээ бүрдүүлж чадахгүй, хэлэлцэх асуудалгүй болсныхоо төлөө өнөөг хүртэл хариуцлага хүлээлгүй ирсэн. Зарим гишүүдийг ог танихгүй байх, ийм гишүүн байдаг юм уу гэх нь ч олширсон.

Ирцээ бүрдүүлдэггүй, хурал тасалдаг гишүүд хэн нэгнийг огцруулах эсэх асуудал ярих үеэр л бүгдээрээ шахуу ороод ирчихдэг. Ирц сайтай хуралдаан гэвэл иймэрхүү сандал суудлын л маргаан. 2014 оны хаврын чуулган эхэлснээс хойш УИХ сайд огцруулах, огцруулахгүй, “давхар дээл” тайлах, тайлахгүй, сайд томилох асуудлыг ярьсаар өдийг хүрэв. Сандал, суудлын асуудал ярьсаар хаврын чуулганыг өнгөрүүлэх нь. Хаврын чуулган эхэлснээс хойш “давхар дээл”-ийн төсөл, сайд нарыг огцруулах, томилох асуудал ярьсаар өдийг хүрсэн. Харин энэ хугацаанд нь ард түмний амьдрал доройтсоор, эдийн засаг хүндэрсээр.

Хохирогч нь тэд биш, бид. УИХ-ын гишүүд юу хэлэлцэж, юу гийгүүлдэг вэ гэдгээ өчигдөр тодорхой харуулчихав. УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр баталсан. Үүний хамгийн эхэнд Засгийн газрын гишүүнийг томилох буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудал байлаа. Зөвхөн ганцхан сайд томилох асуудлыг бүтэн өдрийн турш хэлэлцэхэд хууль тогтоох байгууллага нэг өдрийг алдав. УИХ-ын хаврын чуулган хэдхэн хоногийн дараа завсарлах гэж байхад ганц сайдын асуудал ярьсаар өдрийг барж байгаа энэ үйлдлийг бүхэл эмгэнэл гэхээс өөрөөр хэлэх үг олдохгүй нь. Эдийн засаг нь хүндэрсэн, хүндрэлээс гарах арга замаа хамтдаа шийдээд, зөвшилцөөд явах ёстой байтал шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг аашлах 76 эрхмээс хариуцлага нэхмээр байна, сонгогчид бид.

Танай нам ийм, манай нам ийм гэж улсын ажлаас илүү намын эрх ашиг, хувийн эрх ашгаа түрүүнд тавьсан парламентын гишүүдэд хэзээ дүн тавих ёстой вэ. АН, МАН, эвсэл, бие даагчид бүгд адилхан. Өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэлдэх талбар тань УИХ биш шүү гэдгийг сануулмаар. Монгол Улсын Ерөнхийлөгч нь засаглал, хууль тогтоох байгууллагаа тусад нь байлгаж, нэг нь ажлаа хийж, нөгөө нь хяналтаа тавъя гэж хууль хүртэл өргөн бариад байхад улстөржүүлээд л унагачихсан. Ерөнхийлөгчийнхөө саналыг үл хүндэтгэдэг чихгүй толгойтой, эрх мэдэлд шунасан, сандал, суудлын төлөө тэмцэгчдийг хэрхэх вэ. АН, МАН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид гээд хамгийн олон нам, эвслийн төлөөлөлтэй, бие даагчидтай энэ парламентаас ард түмэн ямар сайхан амьдрал хүлээж, сонголт хийснийг санах цаг болсон мэт. Удахгүй хийсэн ажлыг тань дүгнэх өдөр ирэхэд, сандал суудал хэлэлцэж, хууль тогтоох үндсэн үүргээ умартсан дөрвөн жилээ юу гэж тайлбарлах гэж байна. Сандалны хэрүүлээс залхаж байна. Одоо ажлаа хийцгээе, тэгэх үү.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж