ОХУ-тай худалдааг өргөжүүлэхээр ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

ОХУ-тай худалдааг өргөжүүлэхээр ажиллаж байна гэв

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Бүх Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран Монгол-Орос-Хятадын МҮХАҮТ-уудын 10 дахь удаагийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Гурван орны  Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын бизнесийг дэмжих үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, хамтарсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ оршдог орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн асуудал, бэрхшээлүүдийг хамтарсан хүчээр шийдвэрлэх, гурван орны бизнес эрхлэгчдийг холбож өгдгөөрөө онцлогтой юм. Тус хуралдааныг жил бүр ээлжлэн аль нэг улсад зохион байгуулдаг.

Энэ жилийнх Улаанбаатар хотноо болж буй нь энэ юм. Дээрх арга хэмжээний үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга,  ОХУ-тай хамтран ажиллах ажлын хэсгийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат Монгол Улс хоёр хөршийн эдийн засгийн үйл ажиллагаанд зөв хэлбэрээр хамтран оролцох, транзит тээвэр, бүс нутгийн хөгжил, хил гааль дээр зөв  хэлбэрийн зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлж ирснийг онцоллоо. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад УИХ, Засгийн газар ихээхэн анхаарч ажиллаж байгааг хэллээ. Энэ тухай тэрээр “Бид саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж, хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын оруулж ирж буй тоног төхөөрөмжийг татвараас хэсэгчилсэн байдлаар чөлөөлөх талаар ярилцаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд гааль, худалдааны татвараас тодорхой хугацаагаар чөлөөлж өгч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж үзэж байна. Хилийн боомтын тухай хуульд эдийн засгийн чөлөөт бүс байж болно гэдгийг тусгаж өгсөн. Саяхан Засгийн газар Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ мэтчилэн эдийн засгийн эрхзүйн орчныг либеральчлах чиглэл рүү Монгол Улс эргэлт буцалтгүй орж байгаа.

Монгол Улс ОХУ-тай хил орчмын худалдааг өргөжүүлж, идэвхжүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг энэ сарын сүүлчээс ажиллуулж эхлэх шийдвэрийг Монголын талаас гаргасан. ОХУ-ын талаас санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа.

Банк санхүүгийн салбарын харилцаа холбоог идэвхжүүлэх олон санаачилга гарч байна. БНХАУ-тай төгрөг, юань солилцож, барааны тэнцлийг хангах чиглэлд нэлээд идэвхитэй ажиллаж байгаа. Үүний нэгэн адил төгрөг, рублийн своп хэлцлийг хангах тал дээр санаачилгыг эхлүүлж байна. Энэ чуулга уулзалтаас нэлээд үр дүнтэй санал санаачилгууд гарч, гэрээ хэлцлүүд хийгдэнэ гэж хүлээж байгаа” гэлээ.

Онцлоход, энэхүү чуулганд хөдөө аж ахуйн болон үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжүүд, машин механизм, эмнэлгийн тоног төхөөрөмж, нийтийн хоол, барилга, барилгын материалын чиглэлээр бизнес эрхэлдэг ОХУ, БНХАУ-ын 100 орчим төлөөлөгч  оролцож байгаа юм. Чуулга уулзалтын төгсгөлд гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимынхан талуудын цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж