Монгол, Латвийн Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Монгол, Латвийн Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар өнөөдөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоны дараа хэвлэл, мэдээллийн төлөөлөгч нарт мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

Энд хүрэлцэн ирсэн хатагтай ноёдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш миний урилгыг хүлээн авч, манай оронд зочилж байна.

Ноён Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны яриа хэлэлцээ найрсаг, илэн далангүй уур амьсгалд болж, бид хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр суурь, саналаа солилцлоо.

Монгол, Латвийн харилцааг цаашид улам эрчимжүүлэн хөгжүүлэх зорилт бидний өмнө тавигдаж байна. Латви Улс эдийн засгийн хямралыг үлгэр жишээ даван туулж, эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж буйг бид харж байна. Хоёр орон хэдийгээр нэг нэгнээсээ алслагдан орших боловч олон улсын харилцааны сонирхсон асуудлаар бие биенээ харилцан дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч энэ талаар үргэлжүүлэн ажиллах тал дээр санал нэгдлээ.

Манай хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байгаа. Энэ утгаараа Ерөнхийлөгч Берзиншийг Латвийн бизнесийн төлөөлөгчид дагалдан ирж, манай бизнес эрхлэгчидтэй  чуулга уулзалт хийх гэж байгааг сайшааж байна.

Монгол, Латвийн ард түмэн, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх эрмэлзлийг удирдлага болгон хоёр талын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байгааг энэ ялдамд цохон тэмдэглэе.

Дөнгөж сая хоёр орны хоорондын хамтын ажиллагааны чухал бичиг баримтуудад гарын үсэг зурлаа. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх”, “Олон улсын авто тээврийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, мөн хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг бүрэлдүүлэх тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Эдгээр баримт бичгүүд хоёр талын харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эрхзүйн сайн үндэс болно гэдэгт итгэж байна.

Эрхэмсэг Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид олон түвшинд, хоёр талын албан уулзалтууд хийнэ. Эдгээр уулзалтууд үр дүнтэй болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлье. Эрхэмсэг Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа хүндэт зочид, төлөөлөгчдийг Монгол оронд амжилттай сайхан айлчлахыг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж