Тайландын төрийн эрхийг барьж буй армийн удирдлага хөлбөмбөгийн аварга шалгаруулах Дэлхийн цом тэмцээний бүх тоглолтыг үнэгүй дамжуулахыг телевизүүдэд үүрэгджээ. Тайландын “RS” гэх телевиз Дэлхийн цомын тоглолтуудыг дамжуулах эрхийг 21.5 сая ам.доллараар худалдаж авсан аж. Гэвч армийн тушаалын дагуу үзэгчдэд хөлбөмбөгийн тэмцээнийг дамжуулсныхаа төлөө ямар нэгэн төлбөр хураамж авахааргүй болж байна. Энэ бол олон сар улс төрийн зөрчилд бухимдсан ард иргэдийг тайвшруулах гэсэн Тайландын армийн “Аз жаргалын кампанит ажлын” нэг хэсэг аж. “Аз жаргалын кампанит ажлын” хүрээнд иргэдэд үнэгүй тоглолт үзүүлэх, үсийг нь үнэгүй засах гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж буй аж.
Тайландын арми өнгөрсөн тавдугаар сард цэргийн эргэлт хийж, олон сар үргэлжилсэн улс төрийн зөрчлийг намжаагаад буй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС