Н.Алтанхуяг: Чадах хүнийг нэр дэвшүүлсэн

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Чадах хүнийг нэр дэвшүүлсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт хариулт, санал үргэлжиллээ.

-УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-ын гишүүнээсээ татгалзах гээд байна уу. Сонгогчдын саналыг яах вэ гэдэг логикгүй ойлголт яваад байна. Ерөнхийлөгчийнхөө саналыг хүндэтгэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Олон нийт ч тэгж бодож байхад, нийгмийн сэтгэлзүйг бодоод больчиж болдоггүй юм уу. Би бол үүнийг зохисгүй гэж үзэж байгаа учраас зохистой гэсэн хариулт өгөөч” гэсэн асуултад  Нэр дэвшигч Ш.Түвдэндорж “Эрхзүйн орчин  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашаад явна. Байнгын хорооны даргын асуудлыг дорд үзсэнээс сайд болох гэж байгаа зүйл биш. Намын шийдвэр гаргадаг улстөрийн байгууллага хуралдаж, шийдвэр гаргасан. Хууль зүйн байнгын хорооны ажлыг аваад явах олон гишүүд байгаа” гэлээ. Мөн энэ асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үндсэн хуулиар зөвшөөрсөн. 2016 оноос давхардлыг багасгая гэж хаваржин ярьсан. Давхардлыг 2016 оноос хэрэгжүүлэх биш үймээн болгосон учраас л больсон. Үүнийг нь хаа хаанаа анхаарах ёстой байх. Сайд нарыг УИХ-аас томилох ёстой гэж би хувь хүнийхээ хувьд боддог. УИХ-д дөрдөн жил суусан хүн итгэл үнэмшил, боловсорсон байдаг гэж би боддог. Хуулийн хувьд нээлттэй учраас Ш.Түвдэндорж хоёр удаа УИХ-ын гишүүн, нэг удаа сайд хийсэн хүн. Сайд бол хэн сайн хийж чадах вэ гэдгээ томилдог” гэлээ.  

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “УИХ дээр хэлэлцэж байгаа аливаа асуудлыг УИХ дахь бүлгүүд байр сууриа нэтгэдэг. Гэтэл Ш.Түвдэндоржийн асуудал дээр “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгээгүй байхад энэ асуудлыг оруулаад ирдэг нь яаж байгаа юм бэ. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан ч байнгын хороо дэмжээгүй. Бүлгүүд зөвшилцөөгүй байхад энэ асуудлыг хэлэлцэж болдог юм уу. Эдийн засаг хүнд байхад Н.Батбаяр сайдыг нь огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэж яагаад болохгүй байгаа юм бэ” гэсэн асуултад Г.Баярсайхан “Хамтарсан байнгын хорооны хуралдааны үеэр З.Баянсэлэнгэ гишүүн горимын санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. УИХ өөрөө дэгтэй. Танай бүлэг яагаад хуралдаагүй гэдэг нь танай бүлгийн дотоод асуудал байх” гэлээ.

-УИХ-ын гишүүн О.Содбилэг “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал дээр Ш.Түвдэндоржийн асуудлыг яриагүй байхад яагаад эвслийн бүлэгт танилцуулаагүй юм бэ. Дан ганц АН-ын шийдвэр юм бэ” гэсэн асуултад  Б.Гарамгайбаатар “УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд журмын дагуу явсан. Улстөрийн намууд улстөрийн шийдэл гаргадаг. Түүний дагуу явсан” гэлээ. Мөн энэ асуултад  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид эвсэлтэй хамтарч ажиллана. 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Эвслийн бүлэг дотроо саналаа нэгтгээгүй юм шиг байна. Бид хамтраад шийдвэрээ гаргаад явж байгаа” гэлээ.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч ухаалаг төр гэдэг санаачлагыг гаргаж ирсэн. Тухайн үед нь Засгийн газар сүр дуулиантайгаар хүлээж авсан. Амьдрал дээр эдийн засаг хүндэрсэн, ард түмний амьдрал доройтож байхад амьдрал сайхан байна гэсээр өдийг хүрсэн. Аж ахуй нэгжийн орлого буурсан, алдагдалтай ажилласан. Эдийн засгийн хямрал зөвхөн Засгийн газрын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Төсвийн мөнгийг хэмнэнэ  гэчээд төсвийн мөнгөөр 18 хүн гадаадад хөлбөмбөгийн дэлхийн аварга үзэх гээ явж байгаа нь төсөв хэмнэж байгаа үйлдэл мөн үү. Энэ мэт ам ажлын зөрүү маш их байна, эрх баригчдад” гэсэн санал илэрхийллээ.

-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хүн огцруулах болохоор АН-ынхан бүгд орж ирдэг хэрнээ өөр асуудал яриахаар сайд, гишүүд нь бүгд байхгүй байна. Ирцээ бүрдүүлээд явах хэрэгтэй байна. Байнгын хорооны хуралдааныг хүртэл хуйвалдаж явуулж байгаагаа болих цаг болсон. Ерөнхийлөгчийн санаачлагын эсрэг хийж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Шийдвэрээ өөрөө гаргасан уу. Өмнөх сайдаа хэр зэрэг сайн ажилласан гэж бодож байна вэ” гэсэн асуултад нэр дэвшигч Ш.Түвдэндорж “Ерөнхийлөгчийн санаачлагыг би дэмжиж байгаа. Сайдад нэр дэвшихийг манай намын нөхдүүд санал болгож, би өөрөө шийдвэрээ гаргасан” гэлээ.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хуралдаан даргалж байгаа Р.Гончигдорж дарга та чуулганы хуралдааны дэг, ардчилсан нийгмийн үнэт зүйлээс татгалзаж байна. МАН-аас хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах эрхийг нь зөрчиж байна. Монголын ард түмэн эдийн засаг доройтсон байхад асуудал тавьж байхад нийгмээ, асуудлаа сонсч чаддагүй байдалтай байна. Үнэхээр та бүхэн итгэл даасан, сонгогчдын саналыг авсан юм бол олонхи шиг байж, улстөрийн соёлтой байх хэрэгтэй. Парламент дотроо тууштай, ил тод, ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хадгаласан, ард түмэндээ итгэл төрүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэсэн саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж