Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10.15 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр болсон.

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтын талаар МАН-ын бүлгээс санал гаргасан.

Тодруулбал, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Гэвч гурван удаа хойшлуулсан. Тиймээс энэ асуудлыг хэлэлцтэл чуулганы хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч байна” гэлээ.  Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Батбаяр сайдын асуудлыг ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй.  Сайдыг нь огцруулбал олон асуудал дээрдэнэ гэж бодож байна. АН энэ сайдтайгаар эдийн засгийг унагаая гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй.  Нөхцөл байдал ийм байхад энэ асуудлыг ярихгүй байгаа нь хямралыг уртасгаад байна. Тиймээс хууль зөрчсөн асуудлаа хойшлуулж, МАН-ын саналыг хэлэлцэх ёстой. Хэлэлцэх асуудалд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх ёстой гэдгээ санал хураалгах ёстой” гэв. МАН-ын дарга М.Энхболд “Өрийн удирдлагын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Энэ хууль төсвийн тухай хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдөж байгаа учраас Өрийн удирдлагын тухай хуулийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас  хасах нь зүйтэй” гэсэн санал гаргалаа. М.Энхболдын гаргасан горимын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи нь Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Өнөөдрийн хуралдаан даргалагч Р.Гончигдорж “Эдийн засгийн хөгжлийн сайдыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй. Хэрэв байнгын хороо хэлэлцвэл чуулганаар хэлэлцэхэд асуудалгүй. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг хууль зөрчсөн гэсэн асуудлыг хойшлуулах боломжгүй” гэлээ.

Ингээд өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. “Засгийн газрын гишүүн буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилохоор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барьсан. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж өгөн үү” гэж танилцууллаа. Өнгөрсөн мягмар гаригт ҮХАА-н сайдыг томилох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэн, хуралдаан оролцсон 22 гишүүнээс 19-н гишүүн дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Баярсайхан гишүүн танилцуулсан юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд “ҮХАА-н сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Эдийн засгийн байнгын хороон дээр долоо хоногийн дотор шийдэх ёстой гэдэг хуулийг яагаад зөрчөөд байна вэ” гэсэн асуултад Г.Баярсайхан “Манай байнгын хорооны хамтарсан  хуралдаанаар дэгийн дагуу хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон 22 гишүүнээс 19 гишүүн дэмжсэн. Хууль зөрчөөгүй” гэлээ.

“УИХ гүйцэтгэх засаглалд хяналт тавих, УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллуулах асуудлыг нэг жил гаруйн хугацаанд ярьж байгаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Яагаад Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэхгүй байна вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хаваржин ярьсан асуудал. Ардчилалын 25 жил ярьж байгаа асуудал бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд хуулиар зохицуулчихсан. Үндсэн хуулинд болно гэж заасан учраас та бүхэн давхар хийгээд ирсэн. Хуулийн дагуу асуудал явж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд татгалзах боломжгүй. Сонгогчидтойгоо уулзаж байхад хамгийн их яригддаг зүйл бол улстөрийн хямралыг давах эхний шаардлага нь “давхар дээл”-ийн асуудал байна. Х.Баттулга сайд “давхар дээл”-ээс татгалзсан, Ерөнхийлөгч татгалзсан байхад Үндсэн хуулиар олгогдсон ч ёс суртахууны асуудлыг хөндөөгүй юу. Нэр дэвшигч өөрөө  юу гэж бодож байна вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ асуудал бол хуулиар зохицуулагдсан асуудал. Энэ хаваржин ярьсан шүү дээ” гэлээ. Г.Баярсайхан “Байнгын хорооны хувьд салбараа харж ургац алдахгүй, мал аж ахуйн салбар унахгүй байх үүднээс салбараа унагаахгүйн тулд “давхар дээл” ярьмааргүй байна. Одоо байгаа хүмүүстэйгээ зохицоод ажиллах, салбараа унагаахгүй байх хүн л чухал” гэлээ. Нэр дэвшигч Ш.Түвдэндорж “ Хуулийн эрх зүйн асуудлыг нь хүн бүр мэдэж байгаа. Ёс суртахууны асуудал ямар байх нь харьцангуй ойлголт. Ард иргэд илүү их өөрсдийн амьдралаа сайжруулах тал дээр санаа тавьж байгаа байх. Түүнээс УИХ-ын гишүүд хэн нь томилох, огцрох талаар санаа зовохгүй байна гэж бодож байна. Мөн би намын шийдвэрийн хүрээнд энэ шийдвэрээ гаргаж байгаа” гэлээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж