XX зууны суутнуудын нэг К.Поппер (1902-1994) “Төрийн оролцоо эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй тэр л хэмжээгээр хязгаарлагдах ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ хүнийг “нээлттэй нийгэм” хэмээх үзэл санааг үндэслэгч гэдгийг дурьдах нь илүүц биз.
Төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгаж байж л хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан иргэний, нээлттэй нийгэм байгуулдаг тухай тэрээр ийн хэлсэн хэрэг. Төрийн оролцоо их байвал үргүй зардал ихэсч, эдийн засаг өсөхгүй, өслөө ч иргэндээ наалдахгүй болж, хүний эрх, эрх чөлөө боомилогдож, хүнд суртал газар авч улмаар авилга цэцэглэдэг нь ёс мэт. Төрийн эрх баригчид өөрсдийн хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ хуулийн дээгүүр тавьж үнэн зөв гэж итгээд иргэдэдээ түүнийгээ тулган хүлээлгэж эхэлдэг. Ийм нийгмийг “хаалттай нийгэм” гэдэг.
Чухамдаа иргэнийхээ хувийн хүслийг хязгаарлан нийгмийн төлөө гэсэн сэтгэлгээтэй болгож чадсан, төрд ажилладаг хүмүүс нь эрх мэдлээсээ илүүтэй иргэдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн, нийгмийн үнэт зүйлс төрд ажилладаг хүмүүсийн үзэмжээр биш олон нийтээр үнэлэгддэг, нийгмийн хүсэл зориг эрх мэдэл бүхий хүмүүсийн хувийн үзэл бодлоор бишхууль эрх зүйгээр тодорхойлогддог, тийм нийгэм ардчилалын туйлын зорилго,хүн төрөлхтөний мөрөөдөл билээ.
Нийгмийн амьдралд төрийн оролцоо ямар хэмжээнд байна вэ?
Нийгмийн амьдралд төрийн оролцоо ямар хэмжээнд байгааг үнэлдэг хэд хэдэн аргачлалууд байдаг. Хамгийн энгийн арга бол улсын төсөв нийгмийн нийт баялгийн хэдэн хувь байна вэ? гэдгээр тодорхойлох явдал юм. Өндөр хөгжсөн орнууд улсын төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрүүлдэггүй гэдгийг энд онцольё.
Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус тооцогдсон байна.
Эндээс Монгол улсын төрийн оролцоо 42,2 хувь байна гэж үзэж болно. Бид бүхэн 100 төгрөг олоод 42 төгрөгийг нь буцаагаад төрдөө зарцуулж байна гэсэн үг. Энэ бага байна уу? Хэрвээ та бизнес хийдэг байсан бол 100 төгрөг олоод 42 төгрөгийг нь төрд буцаагаад өгөхгүй л болов уу.
Нөгөө нэг арга бол нэг төрийн албан хаагчид ноогдох иргэний тоог тодорхойлох явдал юм. Монгол улсад 2013 оны нэгдүгээр сарын байдлаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистикаар 162769 төрийн албан хаагч байна. 2005 онд төрийн албан хаагчийн тоо 120581 байсан бол 2013 онд даруй 42188-аар нэмэгдсэн байна. Энэ нь 2005 оныхтой харьцуулахад сүүлийн долоон жилд төрийн албан хаагчийн тоо даруй 34,9 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Төрийн албан хаагчийн тоо жилээс жилд нэмэгдлээ гээд төрийн албаны чанар хүртээмж 34,9 хувиар нэмэгдсэн үү?
2013 оны зургадугаар сарын 1-ны байдлаар Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол улсын хүн ам 2,893,404 байна. Дээрх төрийн албан хаагчийн тоог хүн амьд харьцуулвал 18 хүн тутамд нэг төрийн албан хаагч буюу нийт хүн амын 5,6 хувь нь төрийн албан хаагч байна гэсэн тоо гарч байна. Хүн амын 5,6 хувийг эзэлж буй төрийг нэг жилд тэжээхийн тулд бүх монгол хүний бүтээсэн баялгын 42,2 хувийг зарцуулж байна гэсэн үг. Энэ бага тоо юу.
Тэрхүү улсын төсвийн 7,444 их наяд төгрөг бүхэлдээ төрийн албаны цалин, урсгал зардалд явахгүй л дээ. Мэдээж зарим хэсэг нь нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн хөрөнгө оруулалтын зардал л даа. Гэхдээ л их тоо санагдана. Төр үнэндээ данхар биш байна гэж үү бидний олж байгаатай харьцуулахад.
Авилга төрийн оролцоотой холбоотой юу?
ХБНГУ-ын иргэн Петер Айгены санаачилгаар 1993 онд байгуулагдсан “Transparency International” хэмээх төрийн бус байгууллагаас жил бүр авилга, хээл хахуулийн олон улсын индексыг гаргадаг.
Монгол улс 2012 оны авилга, хээл хахуулийн индексээр 176 орноос 36 оноогоор 94 дүгээр байрт орсон байна. Уг нь 100 оноо авсан байх ёстой юм байна л даа. 2011 оны индексээр Монгол улс 27 оноогоор 120 дугаарт байсан билээ. “Бид нэг жилийн дотор чамгүй их ололт оллоо” гээд авилгагүй болчихсон мэт хөөрцөглөх хэрэггүй тоо байгаа юм.Хэрвээ та бүхэн энэ байгууллагаас гаргадаг дэлхийн авилгын газрын зургийг харвал Монгол улс улаан өнгөнөөс салаагүй байгааг харж болно. Финланд улс 90 оноогоор нэгдүгээр байрт орж авилгын газрын зураг дээр шар өнгөөр улсаа будуулсан байна лээ. Финландын төрийн оролцоотой үйл ажиллагааны 90 хувь нь цэвэр бол Монголын төрийн оролцооны 36 хувь нь цэвэр буюу үлдсэн 64 хувь нь авилгатай холбоотой гэсэн үг. Монгол улс ядаж 40-50 оноотой болж байж дэлхийн улс орнуудын дундаж түвшинд хүрнэ шүү дээ. Дайн байлдаантай Сомали улсын төрийн үйл ажиллагааны 88 хувь нь авилгатай холбоотой гэсэн статистикаараа сүүлийн байрт орсон байсныг дурьдая.
Дээрх индексийн үр дүн юуг харуулах вэ гэвэл мэдээж Монголд төрийн оролцоо их, төр нь иргэдийнхээ эрх ашгийг хохироосон хэвээр байгааг харуулна. Төрийн оролцоо их байх тусам иргэдийн оролцоо багасч, эрх чөлөө нь хумигдаж энэ хэрээрээ авилга, хээл хахууль буурдаггүй зүй тогтолтой билээ. Төр авилгыг үүсгэдэг болохоос хувийн хэвшилд авилга гэж юу байхав. Авилга их байна гэдэг төрийн оролцоо их байнаа гэсэн үг.
Эдийн засагт төрийн оролцоо ямар байна вэ?
АНУ-ын “Хэритэж сан”, “Уоллстрийт” сэтгүүл хамтран 184 улсын эдийн засгийн байдалд үнэлгээ хийж эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний 2012 оны индекс 61.5 болж, дэлхийн 183 орноос 81 дүгээр байрыг эзэлсэн юм. Өнгөрсөн онд манай улс 91 дүгээр байр эзэлж байв.
Хэдийгээр дэлхий дахин Монголыг эдийн засгийн эрх чөлөөгөө нэмэгдүүлж буй гэж үнэлж буй ч Монголын эдийн засаг сайн сайхан болчихоогүй байна. Хэдийгээр 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай гарч, ДНБ-ийхэмжээ 13.9 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 1.2 хувиар өсөн 4,8 сая төгрөгт хүрсэн ч инфляцийн жилийн өөрчлөлт 14 хувьтай, улсын төсөв болон гадаад худалдаа алдагдалтай байна.
Инфляцийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Монгол банк хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар дөрвөн чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засаг дахь төрийн оролцоог бүүр ихээр нэмэгдүүллээ. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлээс биш чухамдаа төр засгаас хамаарахаар боллоо. Яг л соц үе шиг өргөн хэрэглээний барааны үнийг төрөөс тогтоодог боллоо.
Засгийн газрын бондын 1,5 тэрбум долларын санхүүжилтийн асуудал бас л бизнес дэх төрийн оролцоог үлэмж ихээр нэмж байна. 2013 оны улсын төсөв 7,4 их наяд төгрөг бол энэхүү бондын санхүүжилт 2,1 их наяд төгрөг тул улсын төсвийн 28,3 хувьтай тэнцэх их мөнгө. Бондын мөнгө улсын төсвийн зарлага дээр бичигддэг гэж үзвэл улсын төсвийн алдагдал 2013 онд ямар болох нь ойлгомжтой. Үүнээс илүү эдийн засгийн аюул бол бондын мөнгөний асар их санхүүжилт бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжид тэгш очихгүй. Тодорхой салбаруудад төсөл болон зарцуулагдах тул бондын санхүүжилт бизнесийн шударга өрсөлдөөнд хамгийн их аюул учруулж байна. Төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүд асар их хэмжээний санхүүжилт олж ашиг орлогоо нэмэгдүүлэх бол төслийн үйл ажиллагаанд оролцоогүй хэсэг хоосон хоцорно. Бизнесийн ижил нөхцөл, шударга өрсөлдөөн гэж утгаа алдаж байна. Нэг хэсэг нь бондын бага хүүтэй мөнгөөр нөгөө хэсэг нь арилжааны банкны их хүүтэй мөнгөөр бизнесээ эрхлэх боллоо.
Засгийн газрын бондын санхүүжилт эдийн засагт ерөнхий утгаараа хэрэгтэй ч чухамдаа эдийн засаг дахь төрийн оролцоог 28,3 хувиар нэмэгдүүллээ гэж механикаар бодож болохоор юм. “Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаг” гэсэн үл үзэгдэх гарын онол Монголын эдийн засагт лав үйлчлэх болоогүй мэт. Төрийн оролцоо буураагүй цагт зах зээл өөрөө өөрийгөө зохицуулна гэж мэдээж байхгүй л дээ.
Хэвлэл мэдээллийн салбарт төрийн оролцоо ямар байна вэ?
1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвэлтийн ихээхэн дэмжлэгээр байгуулагдсан “Freedom house” төрийн бус байгууллагаас гаргадаг дэлхийн улс орнуудын хэвлэлийн индексээр Монгол улс 2013 онд 37 оноогоор хагас эрх чөлөөтэй оронд бичигдсэн байна.
1985 онд үүсгэн байгуулагдсан, Францын Парис хотод төвтэй, Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters Without Borders) хэмээх төрийн бус байгууллага жил бүрийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг мөн гаргадаг. Энэ байгуулагын 2013 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 179 орноос 29,93 оноогоор 98 дугаар байранд бичигджээ. 2005 оны үзүүлэлтээр Монгол улс 53 дугаар байранд бичигдэж байжээ.
Эдгээр индексээс Монгол улсын хэвлэлийн эрх чөлөө жилээс жилд хумигдаж байгаа гэж ойлгогдож байна. Хэвлэл мэдээллийн салбарт төр сэтгүүлчдийн эрх чөлөөг хязгаарласан хэвээр, хэвлэл мэдээллийн байгууллагыг бие даасан, хараат бус байлгах чиглэлээр анхаарахгүй байгаа гэж дээрх байгууллагууд үнэлж дүгнэсэн хэрэг.
Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж ирсэн гол хүчин зүйл бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай (1998 он) гэсэн ганц нүүр хууль байх боловч энэ хууль тунхаглал төдий хэвлэл мэдээллийн байгууллагад эрх олгож, үүрэг хүлээлгэсэн тодорхой зүйл байхгүй явдал юм. Мөн Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл заалтыг үндэслэн сэтгүүлчийг нийтэлсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, шалгана хэмээн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах явдал байсаар байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд төр ноцтойгоор халддаг, хэвлэх нийтлэх бодлогыг төрийн мэдэлд байлгах гэсэн сонирхол гэхээс өөр аргагүй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний шинэ хуулийн төсөл хууль тогтоох байгууллагад хэлэлцэгдэх шатандаа яваа ч батлагдан гараагүй л байна. Магадгүй хэвлэл мэдээллийг чөлөөлөх улс төрийн хүсэл зориг одоогийн Монголын төрд байхгүй ч байж мэднэ. Өөрсдийг нь шүүмжилдэг, хууль бус, ёс зүйгүй үйлдлийг нь илрүүлэн гаргадаг хэвлэл мэдээлэлтэй байснаас үгээр нь байдаг, магтан дуулдаг, захиалга өгч болдог хэвлэлтэй байсан нь төрд хэрэгтэй байж мэдэх.
Ардчилалд бас төрийн оролцоо хэрэгтэй юу?
1946 онд байгуулагдсан Их Британийн алдарт “The Economist” сэтгүүл 2006 оноос хойш дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг тодорхойлон индекс гаргаж ирсэн билээ. Монгол улс 2006 онд уг индексээр 56, 2008 онд 58 дугаар байр, 2010 онд 64 дүгээр байр эзлээд байсан бол 2012 оны үзүүлэлтээрээ 167 орноос 6,35 оноогоор 65 дугаарт жагссан байна. Ардчиллын хэлбэрийн хувьд Монгол улс гажигтай ардчилсан улс гэдэг ангилалд байна.
Энэ байгууллага сонгуулийн үйл явц, Засгийн газрын оролцоо, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөөг үндэслэн улс орнуудыг үнэлдэг бөгөөд энэхүү индекс нь Монголын нийгмийн амьдралд улс төр, Засгийн газрын оролцоо үлэмж ихсэж улс төрийн соёл, иргэний эрх, эрх чөлөө хумигдаж байна гэсэн үнэлгээ гэж үзэхээс өөр аргагүй. Иргэний сонгох эрхээ эдэлдэг, ардчилалын дээд хэлбэр болсон сонгуулиа ч хийж чадахаа болиод байгаа л даа угаасаа манайхан. Сонгууль бол олон үзэгдэлт эмгэнэлт, инээдэмт драм л гэсэн үг.
Ардчиллын хувьд бид нэг алхам урагш хоёр алхам хойш ухарч байна. Сүүлийн 6 жилийн дотор бид урдаа 9 улсыг оруулчихлаа. Энэ бол ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байгаа гэсэн үг. Хий хоосон яриа, дүр эсгэсэн ардчилагчид олонтой болчихжээ Монголын төр. Монголын гажигтай ардчилал, ямар ямар гажиг байгаа тухайолон л хүн ярих юм даа. Гэвч Монголын төр сонссон ч сонсоогүй юм шиг дүлий, харсан ч хараагүй юм шиг харалган царай гаргадаг болж дээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал гэж өглөө оройгүй ярих болсон манай төр хаашаа яваад байна вэ? Төрийн оролцоог хамгийн бага болгох тухай хамгийн их ярьдаг төр л өөрийн эрх мэдлээ хамгийн ихээр нэмэгдүүлдэг юм байна.
Энэ бүхнээс Монголын төрийн оролцоо хэрээс хэтэрчээ гэж дүгнэхээр байна. Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чиний “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэж хэлсэн нь манай төрд илүү тохироод байх шиг. Иргэн бүхэн өөрийн эрх ашгийн төлөө дуугарч, төрийг шахаж, өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлж төрийн оролцоог багасгахгүй бол төр өөрийн эрх мэдлээсээ сайн дураараа татгалзаж оролцоогоо багасгана гэдэг юу л бол. Бүр их нэмэгдүүлээд байна.
Энэ төрийн үйл ажиллагаанд нийгмийн зүгээс тавих хяналтыг чангатгахгүй бол биднийг хөгжил дэвшлийн замд хөтлөх биш арагш чангаах боллоо.
Ё.ЭНХБАЯР
(философич)
/www.mongolforum.mn цахим хуудаснаас бусад нийтлэлийг үзнэ үү/