Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

MC BEATZ-ийн нууц “жор”

Хип хопын хэмнэлийг хаяа нэг мэдрэх ч сайхан шүү. Яг тэдэн шиг дуулж үглэж чадахгүй ч… Монголд 1997-1999 оны үед хип хопын урсгал жинхэнэ хүчээ авч, залуусыг байлдан дагуулж байх үеийн тод төлөөлөгч бол “Люмино” хамтлаг. Монголын хип хоп хөгжмийн төлөөлөгч, “акул” болсон “Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz “Хип хопын нууц” гэсэн ном гаргажээ. Энэ номоороо дамжуулж шинэ залуу үедээ нууц “жор”-оо танилцуулж байгаа юм. Энэ бол Монголын анхны хип хоп ном. MC Beatz 2008 оноос ном бичихээр бодож төлөвлөжээ. Хип хоп гэх энэ их хөгжмийн нууц нь юу юм бол? Та ч гэсэн мэдмээр байгаа биз.
Энэ номноос MC Beatz гэж хэн болохыг таньж мэдэж болно. MC Beatz анх 1993-1995 онд тавдугаар ангид байхдаа, тухайн үед моод болж байсан techno, rave урсгалын дуунд дурлаж, “2 Ultimited” хамтлагийг шүтэн биширч, өрөөнийхөө ханаар дүүрэн зурагт хуудас нааж, хуурцгийг нь цуглуулдаг байсан гэнэ. Харин нэг, хоёр жилийн дараагаас Улаанбаатар хотод дөнгөж кабелийн телевиз нэвтрэнгүүт MC Beatz реп хөгжмийг сонирхож, 2Pac, Dr.Dre, Snoop doggy dogg, Wu-tang зэрэг хамтлаг дуучидтай “танилцан” MC Beatz Монголд хип хоп хамтлаг байгуулах хүсэл тээж эхэлсэн гэнэ.  Энэхүү мөрөөдлөө биелүүлсэн нь “Люмино” хамтлаг. MC Beatz 1998 оны намар найзтайгаа хамтарч анхны хип хоп шоуг зохиов. Гэвч шоуг нь 12-хон хүн үзжээ. Энэ үеэр Анхаа, Чинзоо хоёртой танилцаж, “Люмино” хамтлаг бүрэн утгаараа нэгдэж байсан түүхтэй юм байна. Номыг цааш уншвал Монголын хип хоп хөгжмийн үүх түүхийг дурджээ. Мэдээж Монголд хамгийн анхны реп өнгө төрхийг төрүүлсэн хамтлаг бол “Хар тас” буюу одоогийн “Хар сарнай” хамтлаг юм. Тэдний араас “Дайн ба Энх”, “Эрх чөлөө”, “Люмино” гээд жинхэнэ хип хопын төлөөлөл болсон хамтлаг төрж гарав. Бас л сонирхолтой түүх. Нью-Йоркийн африк гаралтай америкчуудаас төрсөн хип хоп Монголд ийнхүү мэндлэв.
“Хип хопын нууц”-ад нэвтрэх тусам 1998 онд оччихсон мэт сэтгэгдэл төрүүлж байв. Хип хоп хөгжмийн түүхийг мэддэггүй хүн бол эндээс бүх мэдээллийг авч болно. Энд зөвхөн хип хопын түүх, гарал үүслийг бичсэнгүй, хип хопын тухай ойлголт, дуу бичих, шүлэг зохиох талаарч зөвлөсөн байна. Хип хоп хамтлаг дуучид раям гэж их ярьдаг. Раям гэдэг нь “шүлгийн сүүл холбох” гэсэн утгатай үг гэнэ. Реп дуунд хамгийн анх раям хэрэглэж бусдыгаа байлдан дагуулсан хүн Ямайкийн иргэн DJ Kool Herc гэнэ лээ. Монголд раямыг “Люмино” хамтлаг эхлүүлж, “Татар” хамтлаг хөгжүүлж, Quiza дэвшилд хүргэсэн гэж MC Beatz номондоо тодорхойлсон байв.  Раям нь дотроо төгс, зохицолгүй,, хазгай, дотоод, хагас гээд олон стильтэй юм билээ. Энэ бүгдийн үүсэл, хөгжил жишээтэй нь MC Beatz-ийн номноо унших боломжтой. Тэр ч бүү хэл хэрхэн раям бичих заавар, зөвлөгөө, дүрмийг ч багтаасан байв. Хип хоп хөгжмийг ихэнх хүмүүс хар ярианы хэллэгээр хоорондоо үглэж, дуулдаг гэж ойлгодог. Гэтэл хип хоп хөгжим нь дотроо westcoast rap, eastcoast rap, gansta rap, hardcore rap, underground rap, southern rap, dirty south rap, dirty rap, midwest hip hop, political rap, jazz rap, foreign rap, crunk rap зэрэг төрөл жанртай, бүгд өөр өөрсдийн онцлог, түүхтэй.
MC Beatz өөрийн туршлага дээр тулгуурлан шинэ залуу хамтлаг дуучдад зориулсан  зөвлөгөөгөө “Хип хопын нууц”-даа багтаажээ. Харин номын төгсгөлд хип хоп хөгжим сонирхогч залуусын заавал сонсох ёстой дууны жагсаалт, мэдэж байх ёстой хип хоп хөгжмийн гол төлөөлөгчдийг танилцуулсан байна. Номыг мөн MC Beatz-ийн 35 хөгжим бүхий цомог дагалдаж байгаа аж.

“Бидний хайртай хөгжмийг Монголын ард түмэн, хотол даяараа сонсон биширч уусан шингэх болтугай!” /MC Beatz /   

М.ДӨЛГӨӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж