
Зураач Ч.Дорждэрэм 1984 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. 2002-2006 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн Чимэглэх урлагийн ангийг зураач мэргэжлээр төгсчээ. Энэ үеэс эхлэн уран бүтээл дээрээ дагнан ажиллаж , МУЭ-ийн Хорооноос зохион байгуулагддаг “Хавар”, “Шинэ бүтээл”, “Алтан бийр”, “Монголын сайхан орноор” үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, өөрийн бүтээлээ толилуулсаар ирсэн аж. Тэрбээр чимэглэх уран зургийн төрөлд орчин үеийн бодит уран зургийн абстракци реалист чиглэлээр авьяас билэг, ур ухаанаа дайчлан ажиллаж байгаа авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм.
МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимдаа толилуулж буй “Хөх Монгол” нэртэй энэхүү бие даасан анхны үзэсгэлэн нь зураачийн сүүлийн үед хийсэн ажлуудаас бүрджээ. Монголын эзэнт гүрний дайчин хүчирхэг үе, түүхэн сэдэв, өвөг дээдсийн эрт эдүгээ амьдрал, тэдний дүр төрх, түүх соёл уламжлал, монгол ахуй амьдрал зураачийн уран бүтээлийн гол сэдэв нь аж.
Тэрбээр “Монгол хүн бүр эх оронч байж, соёл уламжлалаа дээдэлж, өвгөдийнхөө түүхээр бахархан, бидэнд үлдээсэн эх нутгаа хайрлан хамгаалж, зуун зуун жил дамжин өвлөгдсөн үнэт баялаг, эх хэл, соёл уламжлалаа сэвгүй ариун хойч үедээ үлдээх их үйлст үзэгч олноо уриалан дуудах чин хүсэл эрмэлзлэлээ уран бүтээлээрээ дамжуулан хүргэх нь миний гол зорилго юм” хэмээн үзэсгэлэнгээ тодорхойлжээ.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс XIII зууны Их Монголын сүр хүчийг бий болгосон суут оюун билэгт хаад жанжнууд, тэдний мохошгүй чин зориг, дүр төрх, дахин давтагдашгүй агуу их дайн тулаанууд хэрхэн монгол зураачийн сэтгэлгээгээр хөврөн бууж дүрслэгдсэнийг шимтэн үзээрэй. Тус үзэсгэлэнд зураачийн голдуу хоёр, гурван метр бүхий хэмжээтэй том зурагнуудаас бүтсэн 22 бүтээл дэлгэгдэх юм байна. Энэ сарын 19-нийг дуустал “Хөх Монгол” үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой.