Ц.Сэвжидийн нэрэмжит уралдааны шилдгүүд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Ц.Сэвжидийн нэрэмжит уралдааны шилдгүүд удахгүй тодорно

Монголын урлагийн түүхэнд бүжгийн урлагийг шинэ шатанд гаргаж, өөрийн гэсэн зам, мөрөө үлдээсэн, “Монгол бүжгийн хаан” хэмээгддэг зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-ы нэгдүгээр шатны шалгаруулалт өндөрлөлөө. Уралдааныг Монголын урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан. 270 гаруй мэргэжлийн уран бүтээлч өрсөлдсөнөөс сүүлийн шатны шалгаруулалтад 140 нь тунаж үлджээ.

Нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын  анхны уралдааныг  1996 онд зохион байгуулж 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байсан бол 2005 онд 150 гаруй уран бүтээлчид оролцож байжээ. Зургаан жил тасалдаад байсан энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ ивээн тэтгэж “Дархан-Их урлаг” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа юм. Цаашид Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдааныг Дархан-Уул аймаг дөрвөн жил тутамд ивээн тэтгэж явуулж байхаар болжээ.

Тус уралдаанд Монголын бүжгийн урлаг дэлхийн төвшинд хэдийнэ хүрснийг нотлох ирээдүйтэй бүжигчин, бүжиг дэглээч олон байна гэдгийг ерөнхий шүүгч МУАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Ч.Даваасүрэн онцолж байлаа. Энэ удаагийн наадамд ҮДБЭЧ, БЦДБЭЧ гээд олон газар бүжигчдээ хангалттай сайн бэлтгэж оролцуулжээ. Уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд Ц.Сэвжид агсны хүү Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хөгжим, бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун, МУАХ-ны гүйцэтгэх захирал гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Дархан-Уул аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Золбоот нар ажиллаж байгаа юм. Ц.Сэвжид агсны агуу их авьяас үеийн үед өвлөгдөөсэй гэсэн сэтгэлээр энэ уралдааныг зохион байгуулж байгаа ба залуу бүжигчдийг дэмжих, олонд таниулахад уралдааны зорилго оршжээ. Уралдааны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 25-28-ны өдөр Дархан-Уул аймагт болж шилдгээ шалгаруулах юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж