ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ
Их дээд сургуулиудын элсэлт эхэлж байгаатай холбогдуулж Отгонтэнгэр Их Сургуулийг сонирхож байгаа эцэг эхчүүд, төгсөх ангийн сурагчдад хандаж элсэлтийн талаар мэдээлэл өгнө үү.
- За элсэлтийн талаар мэдээлэл өгөхөөсөө өмнө Отгонтэнгэр их сургуулийнхаа талаар товчхон мэдээлэл өгсөн нь дээр байхаа.
Манай сургууль Монгол Улсын дээд боловсролын салбарт хувийн хэвшлийн анхны дээд сургуулийн үндэс суурийг тавьж, үүсэн байгуулагдсанаасаа хойш Их сургууль болтлоо өргөжин тэлж эдүгээ 23 дах жилдээ сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Манай бүтцийн гурван сургууль болох Хууль зүйн сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуульд өнөөдрийн байдлаар 2000 гаруй оюутан 9 мэргэжлээр өдөр, орой, эчнээ хэлбэрээр бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдан суралцаж байна. Сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой 90 гаруй багш удирдан явуулдаг. 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн анги нээсэн. Үүнтэйгээ уялдуулаад 2013 оны 9 сараас эхлэн их сургуулийнхаа дэргэд “Одтой жаалууд” цэцэрлэгийг нээн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
2014-2015 оны хичээлийн жилд манай сургууль БШУЯ-наас баталсан элсэлтийн хяналтын тоондоо багтааж бакалаврын өдрийн хөтөлбөртөө 8 чиглэлээр 520 оюутан элсүүлнэ.
Босго оноо, элсүүлэх мэргэжил, тавигдах шаардлагын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- БШУСайдын 2014 оны 04-14-ний А/143-р тушаалыг үндэслэн Үндэсний хэмжээний босго оноонд суурилан сургуулийнхаа босго оноог 400 буюу түүнээс дээш байхаар тогтоосон. Манай сургуульд Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулга, Сэтгүүл зүй, Улс төр судлал, Нягтлан бодох бүртгэл, Менежмент, Бизнессийн удирдлага, Эрхзүй зэрэг хөтөлбөрөөр суралцах боломжтой. Менежментийн хөтөлбөрийн хувьд 2-р курсээс оюутан санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, хүний нөөцийн менежмент зэрэг мэргэжлээс сонгох боломжтой. Үүнтэй нэг адил эрхзүйн хөтөлбөрт элссэн оюутнууд 2-р курсээс олон улсын эсвэл аж ахуйн эрхзүйч мэргэжлээр сонгон суралцах боломжтой юмаа. Ер нь элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.
Орой, эчнээ ангиудын бүртгэл бас цуг явагдах уу?
- Үгүй ээ, орой, эчнээ, магистр докторын сургалтаа 8-р сарын сүүлээр тусгайлан зарлаад бүртгэлээ явуулдаг.
Энэ удаагийн элсэлтийн онцлог юу вэ?
- Элсэгчид мэргэжлээр бус хөтөлбөрөөр элсэнэ. Шинээр элссэн оюутнууд дээд боловсролын мэдлэг, ур чадвар олгох ерөнхий суурь хичээлийн 30-аас доошгүй багц цаг судалсны дараа мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээ сонгон суралцана. Манай сургууль дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд “Class of 2018” элсэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
БМИҮЗ-өөр 4 хөтөлбөр маань магадлан итгэмжлэгдсэн, тэр хөтөлбөрүүдэд сонголтоо хийн суралцах боломжтой.
Мөн хөдөө орон нутгаас элсэн суралцах оюутнууд маань БШУЯ-ны харьяа “Оюутны өргөө цогцолбор”-т амьдрах боломжтой.
“Class of 2018” хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгнө үү?
- Энэ хөтөлбөр маань 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн шинээр элсэн суралцах оюутнуудад хамааралтай. Ирэх хичээлийн жилээс эхлэн оюутны суралцах үйл явцыг хөтөлбөрт үндэслэн зохион байгуулна. Хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу бид боловсруулалтаа хийн ажиллаж байна. Мөн хичээлийн жилээс эхлэн манай сургууль АНУ-ын Колорадо Хайтс их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд шинээр элсэгчид маань энэ хөтөлбөрт бэлтгэгдэн суралцах бүрэн боломж нээгдэж байгаа гэсэн үг. Ер нь оюутан хэдий чинээ хичээнэ төдий чинээ сонголт хийх боломжтой болж байнаа л гэсэн үг.
“Class of 2018” хөтөлбөрт элсэгчдэд зориулсан ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд байгаа вэ?
- Мэдээж БШУЯ-наас баталсан хяналтын тоонд багтсан бүх оюутнууд үндэсний тэтгэлэг авах болно.
Үүнээс гадна манай сургуульд суралцаж буй оюутнууд өөрсдөө хичээвэл сургалтын төлбөрийн олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Тухайлбал ОТИС-ийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр байдаг. 2 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан оюутны дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хүртэл хувь, 4 улирал дараалан “А” суралцвал дараа улирлын 50 хүртэл хувь, оны шилдэг манлайлагч оюутнаар шалгарсан бол дээрх хөнгөлөлт дээр нэмээд 10 хувийн хөнгөлөлт эдлүүлдэг. Түүнчлэн урлаг, спорт, олимпиадад өндөр амжилт гаргасан оюутнуудад хөнгөлөлт үзүүлдэг.
Дашрамд хэлэхэд манай сургууль өнгөрсөн 22 жилийн хугацаанд бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд нийт 362.285.000 төгрөгийн, А үнэлгээтэй суралцсан оюутан, оюутны байгуллагын идэвхтэн, сонгуультан, урлаг, спортын амжилт гаргасан, эрдэм шинжилгээ-судалгааны ажлаараа шалгарсан оюутнуудад 458.325.500 төгрөгийн, залуу багш нарын магистрантур, докторантурын сургалтанд зориулж 250 гаруй сая төгрөг, нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.
Танай сургууль АНУ-ын Колорадо Хайтс их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан гэсэн, та энэ хөтөлбөрийнхөө онцлог, давуу талаас дурдана уу.
- Манай сургуулийн Эдийн засаг бизнессийн удирдлагын сургуульд хэрэгжүүлдэг 3 хөтөлбөрөөр суралцагчдын судалсан хичээлийн 75 багц цагийг хүлээн зөвшөөрсөн ба Колорадо Хайтс их сургуульд үргэлжлүүлэн суралцаж олон улсын бизнессийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй төгсөх боломжтой. Мөн манай сургуулийн оюутны сурлагын амжилтыг үндэслэн энэ сургуульд үргэлжлүүлэн болон элсэн суралцахад сургалтын төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх бололцоог олгож байгаа.
ОТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь нилээд өргөжиж байгаа юм байна. Цаашдын төлөвлөгөө чинь юу вэ?
- Төлөвлөсөн ажил олон байгаа. Хамгийн сүүлийн шинэлэг мэдээ гэвэл Дэлхийн Шилдэг 100 их сургуулийн нэг болох Yale их сургуультай оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
Сургуулийнхаа онцлог, давуу талаас дурдана уу.
- Манай сургуулийн хувьд сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр олон жилийн дадлага, туршлага хуримтлуулсан, өөрийн гэсэн хичээлийн 3 байртай, нийгэмд танигдсан нэр хүндтэй их сургууль болж чадсан.
Өнөөгийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг мэргэжлийнхээ мэдлэг, мэдээллийг англи хэлээр дамжуулж авдаг чадваргүйгээр ойлгох аргагүй, тийм учраас бүх ангиудад англи хэлний хичээлийг эхний 2 жилд эрчимжүүлсэн хөтөлбөрөөр зааж, зарим нэг мэргэжлийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Бас Америк, Швейцари, Хятад, Тайвань зэрэг улсуудаас мэргэжилтэн багш нар ажилладаг.
Оюутнуудад шинжлэх ухааны мэдлэгээс гадна мэргэжлийн практик дадал, чадвар харилцааны өндөр соёл, баримт бичиг боловсруулах, өөрийгөө зөв илэрхийлэх, олон янзын соёлд дасан зохицох чадвар, мэдээллийн технологийн наад захын мэдлэг, дадал, чадварыг эзэмшүүлэхийн тулд олон дугуйлан, клубүүд ажиллуулдаг.
Тайваны Минь Чуаны Их сургууль, АНУ-ын Колорадо Хайтс их сургуультай 2+2, 4+1 бакалаврын болон магистрын түвшний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Сургуулийнхаа төгсөгчдөөс бахархал болсон зарим нэг хүмүүсээ дурдвал ….
- Бид Отгонтэнгэр их сургуулийн түүхийг бүтээлцэж яваа үе үеийн төгсөгчидөөрөө үргэлж бахархаж явдаг. Судалгаагаар төгсөгчдийн ажил эрхлэлт 85 гаруй хувьтай байгаа нь манай сургуулийн амжилт, чанарыг яахын аргагүй илэрхийлэх байхаа. Ингээд манай сургуулийг төгсөн салбартаа түүчээлэн амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа төгсөгчдөөс дурдахад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгт, Гавъяат хуульч Р.Оюунбадам, Эрэл компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Сэргэлэн, МҮОНТ-ийн ММ-Агентлагийн ерөнхий редактор Х.Эрдэнэбулган, Eagle ТВ-н ерөнхий редактор Н.Баасандамба, Тэмүүлэн-Од компаний захирал Б.Туяа гээд дурдаад байвал дуусашгүй, дурсаад байвал олон бахархалтай шавь нартай сургууль даа манайх.
Бид олон сайхан гэгээлэг болон шинэлэг зүйлийн талаар ярилцлаа.
Ярилцлагынхаа төгсгөлд би нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Сүүлийн үед их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл нэлээд яригдаж байна. Танай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд сургалтын төлбөрөө 1.800.000 төгрөг болгон нэмсэн, алданги тооцдог болсон тухай гомдол саяхан гарсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
- Манай сургуульд 1.800.000 төгрөгийн төлбөртэй ямар ч сургалт байгаагүй. Сүүлийн хоёр жилд манай сургуулийн өдрийн ангийн сургалтын төлбөр нэмэгдээгүй бөгөөд 1.200.000-1.600.000 төгрөг байсан. Оюутнууддаа сургалтын төлбөрөө хоёр хувааж төлөх бололцоог олгодог. Төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлчихвөл алдангийн тухай асуудал үүсэхгүй. Ерөнхийдөө оюутнууд аливаа асуудалд хариуцлагатай, ёс зүйтэй ханддаг болсон үе шүү дээ.