Олон Улсын Нумизматик судлалд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний алт, мөнгө, зэс зоос нь өөрийн өвөрмөц хийц, тархац, хамарч буй нутаг дэвсгэр, хийсэн металл, жин хэмжээ, үг бичвэрийн хэв маяг зэргээр нилээд онцлогтой, маш сонирхолтой судалгааны салбарт тооцогдох болжээ. Иймээс сүүлийн үед Монголын эзэнт гүрний зоосыг сонирхон цуглуулах, судлах хүрээ улам бүр өргөжиж байна. Аливаа улсын аль ч үеийн зоос нь өөр өөрийн дэлдүүлж гаргасан хааны нэр цол, тодорхой он цаг, газар суурин хотыг заавал бичиж үлдээж байдгаар онцлогтой тул тухайн орны түүхийн олон бодит баримт зүйлийн мэдээлэл авч болдог. Тухайлбал, дундад зууны түүхийн сурвалж бичгүүдээс Их Монгол Улсын түүхэн товчоон үйл явдлыг бүрэн тодруулж болох бол монгол хаадын хүрч байсан цаглaбар, хаана, хэнбугай хэдэн он цагт засаг төр барьж байсныг тодорхой хэлэх боломжтой болно. Иймд, Монголын эзэнт гүрний тухайн зоос бүр бол XIII-XIV зууны монгол түүхийн үнэт сурвалжийн нэгээхэн хэсэг мөн.
Монгол Улсын банкны тогтолцоо бүрэлдэн бэхжиж, Монголбанк байгуулагдсаны 90 жилийн түүхт ойг угтан тохиолдуулж гаргах “Зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн” өнөөдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 11 өдрийн 11 цагт Төрийн ордны түүхийн музейд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг Монгол Банк, Төрт Ёс Хаадын Сан, Тасам болон Монголын Зоос цуглуулагчдын холбоо хамтран зохион байгуулна. Тус үзэсгэлэнд ‘Төрт Ёс Хаадын Сан’-гийн бүтээл – Алтан Ургийн Их Хаадын хөргийг анх удаа түмэн олныхоо мэлмийд хүргэхээр Төрийн ордны түүхийн музейд залсан байна.