Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Хэн нь хэн бэ?

Малчид, орон нутгийнхны мэдээллээс хол байдгийг далимдуулж,тэднийг элдэв явцуу зорилгодоо ашиглахыг чармайгчид олширч эхэлжээ –

Өнөөдөр Мъянмараас эхлээд ардчилалд хөл тавьж байгаа бусад орнуудыг Монголтой харьцуулан үнэлэх болсон гэж яригдаж байна. Гэхдээ аливаа үнэлэмж маш хурдан өөрчлөгдөхийн хэрээр, ардчиллыг эхлүүлж байх үеийн гадаад орчны материаллаг дэмжлэг өнөөгийн нөхцөлд бидэнд дахин ирэхгүй нь ойлгомжтой болсон. Одоо дан ганц нэр хүндийн гэхээсээ эдийн засгийн суурь үзүүлэлт л бидний үнэлэмж болох цаг ирсэн гэхэд болно. Ийм нөхцөлд Монголыг зорих гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал эдийн засагжсан өнөөгийн ертөнц дэх биднийг үнэлэх өөр  нэг том хэмжүүр болчихоод байгаа юм. Гэтэл хөрөнгө оруулалтын нөхцөл тааруухан байгаагийн хажуугаар хөрөнгө оруулагчдыг гоочлох хандлага идэвхижсэн нь сөрөг үр дагаварт хүргэж болохоор болжээ.

Ийм үзэгдлийн нэг гол жишээ нь Дорноговь аймаг дахь ураны орд дээр хайгуул хийж байгаа Францын АРЕВА компанийн эсрэг дайралт юм. АРЕВА нь 1997 оноос эхлүүлсэн хайгуулын төслийнхөө үр дүнд Монголын нутгаас дэлхий дээр сүүлийн 20 жилд олдож байгаагүй хамгийн том ураны ордыг олоод байна. Гэтэл франц, монгол геологичид, ажилтнуудын энэ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг нь үзэхийг хүсэхийн оронд зарим хүмүүс хөрөнгө оруулагчдыг хөөж туухаа илүүд үзэх болсныг нь бодит шалтгаантай гэдэгт олон нийт эргэлзэж байгаа юм.

Анх Дорноговьд үхэр, тугал үхсэн нь ураны хайгуултай холбоотой гэж яригдсаны дараахан улсаас ихээхэн хөрөнгө зарж, шинжилгээ судалгааны байгууллагаар нь дүгнэлт гаргуулан хариу өгч, урантай ямар ч холбоогүй гэдгийг нь нотолсон. Гэтэл сүүлийн жилүүдэд Дорноговьд мал олноор үхэж, гажигтай төл гарах нь ихэслээ гэсэн дуулиан гаргаж, иргэний хөдөлгөөнийхөн идэвхжиж эхэллээ. Харин мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа энэ салбарын эрдэмтдийн яриа, нотолгоо болон бодит баримтыг харуулсан телевизийн сурвалжлагууд нь ураны хайгуул малын хорогдол, мөн бусад сөрөг үзэгдлүүдтэй холбоогүй гэсэн ойлголтыг өгсөөр байгаа юм.

Тухайлбал, “Өдрийн сонин”-ы дугааруудад /5.14-ний  № 117, 5.21-ний №124 / ойрмогхон нийтэлсэн эрдэмтдийн ярилцлагуудыг харвал ураны хайгуул малын хорогдолтой холбогдолгүй гэдгийг маш тодорхой хэлээд өгчээ. Нөгөө талаар ийм дуулиан шуугиан тарьж, олны санаа сэтгэлийг үймүүлж яваа хүмүүсийн дотор ураны төдийгүй физик болон бусад холбогдох салбарын судлаач, эрдэмтэн гэхээр нэг ч хүн байхгүй байгааг дурдсан нь иргэний хөдөлгөөний нэрийг барин хийж байгаа зүйлийн үнэн зөвд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Мөн “Ийгл” телевизээр бие даасан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Дорноговийн нөхцөл байдалтай бодитоор танилцаад ирсэн тухай сурвалжлага сүүлийн өдрүүдэд гарсан нь олон зүйлд хариу өгөх шиг болсон. Энэ сурвалжлагаас анхаарал татаж байгаа зүйл бол малын хорогдол нь ураны хайгуултай холбоотой гэхээсээ тухайн нутаг орны хөрс болон ургамлын өөрчлөлттэй, мөн хөрш улсаас хараа хяналтгүй оруулж ирж байгаа вакцин тариатай ч холбоотой байж болох талаар ярьж байна. Телевизээр харуулснаар бол энэ үндэслэлийг тухайн нутгийн малчид ч үгүйсгэхгүй байгаа юм. Тэгэхээр ураны хайгуулаас болоод мал хорогдсон гэдэг нь үнэмшилгүй л болоод байна даа.

Хэн малчдад ойр вэ?

Урантай холбоотой асуудлыг барьж авсан иргэний хөдөлгөөнийхөн Дорноговийн малчид иргэдийн төлөө байгаа гэж тунхаглах боловч хийж, хэлж байгаа үйлдлүүд нь хоорондоо зөрөх болсоор удлаа. Өмнө нь иргэний хөдөлгөөний нэг удирдагч тус нутгийн харцуултай “охиноо лав суулгахгүй” гэж сүржин зарлаж байж нутгийнхны эгдүүцлийг хүргэсэн. Тэгвэл саяхан “За” телевизийн “Холион бантан” гэдэг нэвтрүүлгээр иргэний хөдөлгөөний бас нэг тэргүүн нутгийнхны дургүйцлийг хүргэсэн зүйл хэлж орхижээ. “ Шударга ёс” гэх хөдөлгөөний тэргүүн Ш.Түвдэнбалжир гэгч "Кожеговь" ХХК-д ажиллаж байсан иргэн А-г нэр усаар нь дуудаж байгаад “удам дамжсан халдвар өвчтэй болсон” гэж зарлав. Тэгээд ч зогсохгүй эхнэр хүүхдэд нь хүртэл тэр өвчин нь халдсан байгаа гэх зэргээр бүхэл бүтэн гэр бүлийн халдашгүй эрхийг уландаа гишгэсэн нь үнэхээр хачирхмаар. Зөвхөн эмч хүн л мэдэж, цааш нь задруулахгүй байх үүрэг хүлээдэг ийм мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг нь зарлаж, харин ярилцлага авсан сэтгүүлч нь дамжуулж л байдаг нь хачирхмаар. Харин иргэн А-ийн тухайд "Кожеговь" компанийн ураны хайгуул дээр ажиллаж байсан нь үнэн ч түүнээсээ болоод өвчтэй болсон гэж яригдсан нь ор үндэсгүй худал мэдээлэл гэж "Кожеговь" компаниас тодруулах үеэр албан ёсоор мэдэгдсэн байгаа.

Бас “Рояль” телевизээр иргэний хөдөлгөөний төлөөллүүд болох Б.Саруул, Б.Даш гэх хоёр хүн ярилцлага өгөхдөө, “Улаанбадрах сумын малын мах, сүү хортой” гэж нийтэд хандан зарлаж байх юм. Тэр ч бүү хэл Б.Даш нь, "Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн малын мах, сүүг худалдаж авахаа больжээ. Улаанбаатар хотын иргэд энэ нутгаас хол ч гэсэн та бүхний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн чинь Улаанбадрах сумынх байх вий.." гэж сэрэмжүүлэг маягийн гүтгэлэг хийж байлаа. Тодорхой бус зүйлийг хий дэвэргэж, зөвхөн явцуу эрх ашгийн төлөө малчдын амьжиргааны гол эх үүсвэрийг хортой гэж зарлах нь хөдөлгөөний нэр барьсан зарим хүмүүсийн малчид, иргэдэд хэр “хайртайг” нь харуулаад байгаа юм биш үү. Шуудхан хэлэхэд улстөржсөн, хийрхсэн тэмцэл хийх нь хөдөлгөөнийхний эрх байж болох ч, бусдын эрх чөлөөнд халдаж, иргэдийн эрхийг өөрсдийн зорилгодоо хүрэх ивээс болгож ашиглах нь наанадаж хүн чанаргүй, цаашлаад гэмт хэрэг гэдгийг сэтгүүлчийн хувьд ч, бас иргэнийн хувьд ч тэр сануулмаар санагдаж байна. Ялангуяа жирийн малчдыг гэмт үйлдэл рүү турхирч байгаа хандлага дээрх хүмүүсийн ярилцлагуудад сүүлийн үед байн байн гарах болсон нь ч үүнийг батлаад өгнө.   

Тэвдэж явахад тэвнээр ч болов тусал аа гэж…

Тэгвэл нөгөө муулуулаад байгаа хөрөнгө оруулагчдын нэг болох "АРЕВА" Монгол компани малчдын төлөө юу хийсэн бэ гэж асуувал бас ч гэж хэлэх үгтэй бололтой. Монголчуудын дунд “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр ч болов тусал” гэсэн сайхан үг бий. 2006 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаар зуд болж олон малчин айл байгалийн гамшигт өртсөн байдаг. Энэ хүнд үед тус сумын удирдлагаас АРЕВА компанид хүсэлт гаргаснаар зудад хамгийн их нэрвэгдээд байсан 2 өрхөд мал өгч , хүнд байдлаас гарахад нь тусалжээ.

Энэ төсөл ч үр дүнтэй болж, дээрх хоёр өрхийн амьдрал ахуй тогтворжиж ирсэн тул бусад малчдад мөн тусламж үзүүлэхээр 2008 онд Улаанбадрах сумын нийт 12 өрхийг хамруулсан байна. Ингэхдээ нийт 540 толгой малыг зудад нэрвэгдсэн 12 өрхөд хуваарилан өгч, 2 жил маллуулж, харин гарсан төл болоод ашиг шимийг нь малчид авах нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлж иржээ. Ингээд 2 жилийн дараа төслийн үндсэн сүргийг дараагийн өрх айлд өгөн, адил нөхцөлтэйгээр маллуулах хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирснээр тус сумын 46 өрхийн малын тоо 2000 орчмоор нэмэгджээ.

Малжуулах төслийг ингэж зохион байгуулсан нь малчдад өрхийн амьжиргаа, орлогоо тогтворжуулахад нь тус болсноос гадна тэдний ажиллаж хөдөлмөрлөн ашиг шимийг нь хүртэх урам зоригыг нэмснээрээ нэг удаа тараагаад дуусдаг хандив, тусламжаас илүү үр дүнтэй болсон гэж малчид үнэлж байдгаа захидлаар бичсэн нь бий. Тэдний нэг болох Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн-Баян багийн малчин Д.Энх-Амгалан захидалдаа,

“Би 2011 онд эм ямаа 25, эм хонь 25-ыг тус тус хүлээн авсан. Дараа жил нь 25 ямаа самнаж 10 кг ноолуур авч, түүнийгээ зараад 600 мянган төгрөг олж байсан. 2013 онд 16 кг ноолуур тушааж 800 гаруй мянган төгрөг авсан. Иймэрхүү байдлаар бидний амьдралд асар их тус хүргэж, амьдралыг минь дээшлүүлж өгч, одоо хувьдаа 40-өөд малтай болж байна. Та бүгддээ маш их баярлалаа.” гэсэн байлаа. "АРЕВА" Монгол компанийн хэрэгжүүлж байгаа малжуулах төсөл одоогийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 40 өрх, Сайншанд сумын Зүүнбаян багт 6 өрх, мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 8 өрхийг хамруулаад байна. Төслийг хэрэгжүүлэхэд "АРЕВА"-аас нийтдээ 15 мянга гаруй ам.долларын зардал гаргажээ. Тэгэхдээ энэ төсөл одоо өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болж, ирэх онуудад амжилттай үргэлжлэх баталгаатай болсон нь малчдыг баярлуулж байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг "АРЕВА"-ийн зүгээс сүр дуулиан болгож, ямар нэг “пи-ар” болгон зарлахыг төдий л хичээгээгүй юм билээ. Зүгээр л хийх ёстой ажил, хариуцлага гэж тооцоод л өнгөрч.

Энэ бүхнийг харьцуулан дурдахын учир нь хэн нэгнийг магтах гэсэндээ биш юм. Харин тэр бүр мэдээллийг шүүрдээд, тунгаагаад суух боломж, цаг зав багатай малчид орон нутгийнханд олж авсан мэдээллээ хуваалцахыг зорьсонд л байгаа юм. Хэрхэн харьцуулж харах нь та бүхний л хэрэг. Үнэндээ бол орон нутгийнхан мэдээллээс хол, тэр бүр хангалттай мэдээлэл аваад байх цаг зав, боломж багатайг ашиглан зарим этгээд элдэв өдөөн хатгасан ухуулга хийж байгаад эгдүүцэн, зарим бодит мэдээллийг харьцуулж хараасай гэсэндээ энэ бүхнийг бичсэн юм. Цаашид ч ийм байдлаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг зорьсноо бас дуулгая.  

Э.СОНОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж