Төрийнхөө сүлдэд сүсэглэн залбирах бидний зуршил сонирхол татлаа. Яагаад заавал бид сүлднээсээ аврал эрээд байна? Монгол улсын Үндсэн Хуулинд тайлбарласнаар бол сүлд нь “Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэжээ. Тэгвэл бидний өвөг дээдэс дээр дурдсанчлан өөрсдийн үнэт зүйлсдээ сүсэглэн итгэх энэхүү аугаа уламжлалыг бидэнд өвлүүлж. Харин энэхүү үнэт зүйл болох сүлдийг маань төр хамгаалах байтал өмчлөх мэтээр ойлгогдох болсон нь Монгол ёсноос маань гажуудах мэт санагдах байна.
Бидний сүлдэндээ сүслэх заншил маань төрийг тахин шүтэх үзэл болж хувирсан нь Монголчуудын түүхэн замналыг харахад илхэн. Бидний өвгөд хүн төрөлхтөний үйлдвэржилтийн эрин үеийг (1760-1840 он) Манж Чин улсын дарангуйлалд (1757-1911 он) өнгөрөөжээ. Манжийн дарлалаас салаад төд удалгүй 1928 он гарч социализмтай золгосноор нэгэн дарангуйлагчаас нөгөөгийн эрхэнд оров. Бодоод үзэхэд Монголчууд 1757-1990 оны хооронд ихэнхдээ гадаад улсын дарамт, нөлөөнд оршин тогтнож байсан нь бидэнд өөрийн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс цог хийморийг илэрхийлсэн тусгаар сүлдтэй байхыг хүссэн тэрхүү эрмэлзэл нь “Төрийн минь сүлд өршөө” хэмээх сүсэглэлийг мөн төр сүлд хоёрыг адилтгасан үзлийг бий болгосон юм байна.
Тэгвэл өнөөдөр бид тусгаар тогтнолоо олоод зогсохгүй бүс нутагтаа ардчилалыг хамгийн сонгодог утгаар нь хөгжүүлж буй орон болсныг гадныхан гайхан шагширч, зарим нь бүр туршлага судлаад эхэлсэн байх юм. Бидний энэхүү амжилт хэн нэгэн улс төрчийн гэхээсээ илүү Монголын иргэн бүрийн гавъяа. Харин хуучин нийгмээс, мөн түүхээс улбаалан үлдсэн нэгээхэн “толгой эргүүлсэн” асуудал маань төрийг тахин шүтэх ёсон. Төр гэж юу вэ? Хэн бэ? Ерөнхийлөгч үү? Засгийн Газар уу? Манай 1992 онд батлагдсан Үндсэн Хуулинд зааснаар бол төр иргэддээ үйлчлэх ёстой “үйлчилгээний байгууллага”, бас ард түмнийхээ сүлдийг хамгаалах ёстой “хамгаалалтын алба”. Чөлөөт эдийн засагтай манайх шиг оронд бусад асуудлууд болох идэх хоол, өмсөх хувцас, орон байр, мал, машин гэх мэт асуудлуудыг нь бол Адам Смит-ын үл үзэгдэгч гар байгалийнх нь хуулиар хамгийн үр ашиг өндөртэйгээр зохицуулаад өгдөг ажээ. Угаас төр үйлчилгээний байгууллагын үүргээсээ халиад ирэхээр тухайн нийгэмдээ “нэмэр болохоосоо нэрмээс болох“ нь ихэсдэг бололтой. Соц нийгмийн үеийн төрүүд иргэдийнхээ “хоолыг нь аманд нь халбагадаж” өгдөг шидтэн байх гэж хичээгээд л “баларсан”, тухайн үед ч яахав, захиргаадалтаар бүх зүйлийг шийддэг байсан болоод 74 жилийн турш муугаа нуугаад сайнаа дөвийлгөөд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж тэссэн байх. Харин өнөөдрийн нээлттэй нийгэмд үндсэн үүргээсээ илүүг хийхээр “хэнхэглэсэн” төр тийм ч удаан тэсэхгүй л болов уу.
Бидэнд илхэн жишээнүүд өдөр бүр нүдэн дээр ил, харин Монголчууд бид төрийг сүлдтэйгээ эндүүрсээр л… Жишээ нь МИАТ-ын мөнгө угаалт, Эрдэнэт-ийн шахааны наймаа, Таван Толгойн зээл гэх мэт асуудлууд бол төр өөрийнхөө үүргээс давсан зүйлд хүч сорьж тэрхүү ажлаа хэзээ ч хийж чадахгүйн илрэл. Зарим нэгэн улс төрчдийн хувьд олон нийтийн өмчийг бусдаасаа түрүүлэн шамшигдуулж завшихын тулд нийгмийн бүх баялгийг төр эзэмших хэрэгтэй мэтээр ойлгуулж “эх оронч дүрийг тоглоно”, түүгээрээ ч тэд Монгол хүний эх оронч сэтгэхүйг мушгин гуйвуулахдаа гарамгай. Үндсэн Хуулинд гурван төрлийн өмч дурдагдсан байдаг бөгөөд энэ нь хувийн, нийтийн, төрийн гэсэн бүлэгт хуваагдаж байна. Тэгвэл төр нь энэхүү өмчүүдийг хамгаалах үндсэн үүрэгтэй гээд цагаан дээр хараар бичжээ. Монголчууд бид чинь хоттой хонио манадаг “хоточ банхартаа” дээр үеэсээ л түүхий мах өгөхийг цээрлэж ирсэн улс. Өнөө үед бидний өмч хөрөнгийг “хоточ банхар” мэт хамгаалах ёстой төрдөө хувийн болон нийтийн өмчнөөсөө өм хазуулсаар байгаа нь цаашлаад “хоточ банхар” бус “ховдог чоно” болох вий дээ.
Төр тэгвэл хэр зэрэг өмчтэй байх хэрэгтэй юм бэ? Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд, тэдэнд үйлчлэхэд л шаардагдах хэмжээний өмч хөрөнгөтэй л байвал хангалттай бус уу? Иргэний агаарын тээврийн бизнес хийнэ, уурхай ашиглана, бүр сүүлдээ брэнд гаргана гээд явж байдаг нь төрийн ажил биш л баймаар. Ялангуяа төр ашгийн төлөө өмчтэй байна гэдэг иргэд болон хувийн салбараасаа авсан татвараар эргэж өрсөлдөх бүр шахан зайлуулж ч байна. Бодоод байхад хууль, хяналтын байгууллагаар “шүдээ хүртэл зэвсэглэчихсэн” төртэй хөөрхий хувийн салбар гар нүцгэн яаж ч өрсөлдөх билээ. Сүүлийн үед уул уурхайн бизнест ихэд “амтших” болсон төр маань энэхүү бизнесийг байнга ашигтай ажилладаг гэж эндүүрээгүй байгаа? Гэтэл олон улсын түвшинд бизнесийн салбарууд дотор хамгийн өндөр савлагаатай гэгдэх уул уурхайн ашигаас хэтэрхий хамааралтай болсон улсын төсөв маань ашигтай үедээ хэт ашигтай гарч бэлэн мөнгө тараагаад, алдагдалтай үедээ төрийн өдөр тутмын үйлчилгээгээ ч иргэддээ хүргэж чадахгүйд хүрэх шахам алдагдал хүлээж болохоор байгаа нь өнөөх төр маань үндсэн үүргээсээ хазайгаад байгааг харуулах бус уу? Тэгэхдээ бид чинь амны билгээс ашдын билэг гэдэг дээ, юу ч гэсэн ард иргэдийнхээ нэр хүнд, тусгаар тогтнолыг барьцаалан байж зээлсэн мөнгөө хармаалсаар уул уурхай, барилга, банк санхүү, агаарын тээвэр гэх мэт салбаруудын үндэстэн дамнасан том брэнд-үүдтэй өрсөлдөхөөр гарааны шугам дээр зогсож байгаа Монгол төрийг маань сүлд нь ивээг.
А.БИЛГҮҮН
/www.mongolforum.mn цахим хуудаснаас бусад нийтлэлийг үзнэ үү/