Эрх чөлөөний тухай хэдэн үгс

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний тухай хэдэн үгс

“Эрх чөлөөгүй амьдрал сүнсгүй бие махбодитой адил.”
Халил Гибран /Ливаны яруу найрагч/

Эрх чөлөө гэж юу вэ? Ямар учраас эрх чөлөө үнэ цэнэтэй вэ? гэсэн асуулт өнгөрсөн түүхийн хугацаанд сэтгэгчид, онолчдын маргааны төвд байсаар иржээ. Үндсэндээ эрх чөлөө гэдэг нь хэн нэгэн хүн өөрийн хүслээр амьдрах сонголт хийх боломж бөгөөд ийнхүү сонгосон замаараа амьдрахдаа бусдын амьдралд саад тотгор учруулахгүй байх явдал юм. Эрх зүйн сэтгэлгээний нэртэй төлөөлөгч Жон Стюарт Милль хүн бүр бусдын эрх чөлөөнд саад тээг учруулахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа сонгох эрхтэй гэж хэлсэн байдаг. Түүний энэхүү үзэл санааг үе үеийн сэтгэгчид улам төгөлдөржүүлэн хөгжүүлсээр ирсэн ба өдгөө эрх чөлөө гэдэг үг хүний оршихуйн хамгийн үнэт зүйл болон төлөвшжээ.

Гэвч аливаа сайн бүхэнд саад бэрхшээл тохиолддогийн нэгэн адил эрх чөлөө гэдэг ойлголт бүрэн төлөвших хүртэл төрөл бүрийн маргаан мэтгэлцээн өрнөсөөр ирсэн байдаг. Түүхийн ихэнх цаг хугацаанд төрийн зорилго бол сайн сайхан амьдрал, иргэний нийгмийг бий болгох явдал гэж үзсээр ирсэн боловч эхэн үед эрх чөлөөг ихэс дээдэс, эрх мэдэлтнүүдэд л байх ёстой тусгай эрх дарх гэж ойлгож байжээ. Тодруулбал эрх чөлөөг зөвхөн тодорхой бүлэг этгээд л эдлэхээс бус энэ нь бүх нийтэд хамаарах асуудал биш гэж үздэг байлаа.

Мөн 19 дүгээр зууны сүүлээр социалистууд нийгмийн эдийн засгийн суурийг чухалчлан үзэж, анги давхаргын үзэгдэл, формацын онол ёсоор эдийн засгийн суурь өөрчлөгдөхөд эрх зүй нь даган өөрчлөгдөж байдаг, эрх зүй нь эргээд суурьтаа нөлөө үзүүлж, үйлчилж байдаг гэсэн үндэслэгээг гарган илэрхийлж, улмаар эрх чөлөө нь улс үндэстний өчүүхэн зорилго төдий зүйл бөгөөд эрх чөлөө гэх ойлголт өө рчлөгдөж болно гэж үзэж байв. Тодруулбал, төрөөс хүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох шаардлагатай тохиолдолд энэ нь зөвшөөрөгдөхүйц асуудал хэмээн томьёолсон нь эрх чөлөөний тухай сонгодог ойлголтыг үндсээр нь үгүйсгэсэн явдал болсон бөгөөд хувь хүн өөрийн амьдралаа өөрөө сонгох тэрхүү боломж үгүй болсон юм. Орост шинэ тутам ялсан пролетарийн хувьсгалын дараа В.И.Ленин зөвлөлт засгийг улам төгөлдөржүүлэх хувьсгалын үндсэн зорилтуудыг тодорхойлохдоо эрх чөлөө гэсэн ойлголтыг арилгах ёстой гээд “Энэ бол хэмжээлшгүй их эрхэм зорилт, үүнийг шийдвэрлээгүй цагт социализм байхгүй гэдэг нь илэрхий хэрэг.” хэмээн номлож байв. В.И.Лениний энэхүү тайлбар эрх чөлөөг үгүй хийх социалист эрх зүйн үндсэн зорилтыг шууд тодорхойлсон бөгөөд нийгмийн гишүүн бүрийн амьдралд төр хөндлөнгөөс оролцож, хувь хүний чөлөөт сонголт хийх эрхийг бүдүүлгээр зөрчиж байлаа.

Харин эрх чөлөө хүн бүрт хамаарах ёстой гэсэн ойлголтыг Томас Хоббс, Жон Локк нар үндэслэсэн билээ. Эрх зүйн онолч, сэтгэгч Жон Локк нэгэнтээ “Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин гадуурхах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн” гэж дурдсанчлан тэрээр эрх чөлөөг хүн бүр эдлэх ёстой жам ёсны зүйл гэж үзсэн юм. Мөн тэрээр “Хүн бүр өөрийн шинж чанараар эрх чөлөөтэй бөгөөд тухайн хүн өөрөө л зөвшөөрөөгүй тохиолдолд түүнийг өөр хэн ч, юу ч энэ газар дээрх аливаа эрх мэдлийн захиргаанд оруулж чадахгүй.” гэсэн ба хүн өөрийн бие махбодийг бүхэлд нь удирдан захирч байгаа тохиолдолд өөрөө өөрийнхөө эзэн мөн бөгөөд харин тэр хүн боол байгаа тохиолдолд эзэн нь түүний биеийг захирч, тэр хүн эрх чөлөөгүй болно гэсэн юм. Тодруулбал, тэр эрх чөлөөний үндсийн үндэс нь хүн юм гэсэн үзэл санааг дэвшүүлж, хувьдаа эрх чөлөөтэй байгаа хүн өөрийн амьдралд шаардагатай асуудалд сонголт хийх боломжтой болдог гэж үзжээ. Энэхүү үзэл санаа нийгмийн гэрээний онолтой хамт хөгжиж төрийн үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах, хамгаалах явдал мөн гэх үзэл санаа хүчтэй түгэж, эрх чөлөө нь улс төрийн тогтолцооны нэгэн чухал үнэт зүйл болон төлөвшсөн билээ.

Энд сонголт гэдэг үгийг онцлон авч үзье. Хүн өөрийн амьдралаа хэрхэн авч явахаа сонгох явдал бол эрх чөлөөний илрэн гарах хэлбэр юм. Өөрийн бодол өөртөө зөв гэдэгчлэн бодол санаа, ухамсартаа тулгуурлан өөрийн зөв гэж үзсэн үйлдлээ хийх сонголтыг хүн хийдэг бөгөөд энэ бол эрх чөлөө юм. Эрх чөлөөг тодорхойлох өөр бусад олон хүчин зүйл байдаг ч хувь хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр өөртөө ямарваа нэгэн үр дагавар бий болгох тэрхүү сонголтыг хийх боломж олгодог гэдэг утгаараа энэ нь үнэ цэнэтэй юм.

Орос-еврей гаралтай английн сэтгэгч Исаиа Берлин 1958 онд Оксфордын их сургууль дээр тавьсан “Эрх чөлөөний талаарх хоёр үзэл” хэмээх илтгэлдээ эрх чөлөөний хоёр хэлбэрийг гарган илэрхийлсэн ба эхнийхийг “негатив эрх чөлөө”, удаахийг “позитив эрх чөлөө” хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр “негатив эрх чөлөө” гэдэг нь бусдын зүгээс үзүүлэх саад тотгор, хязгаарлалт огт байдаггүй хүрээ гэж үзсэн бол позитив эрх чөлөөг өөрөө өөртөө эзэн нь байх явдал гэж тодорхойлсон байдаг.

Амьдралын зорилго бол зорилготой амьдрах явдал юм гэсэн үг байдаг. Нийгмийн түүхийн бүхий л цаг үед зорилготой амьдрах боломж нь эрх чөлөө байсаар иржээ. Орчин үеийн ардчилсан төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал бөгөөд энэ утгаараа жинхэнэ эрх чөлөө зөвхөн ардчилсан нийгэмд оршиж, хувь хүн өөрийн гэсэн зорилготой амьдрах боломжтой байх ёстой юм.

Г.АГАР-ЭРДЭНЭ /LL.M/

/www.mongolforum.mn цахим хуудаснаас бусад нийтлэлийг үзнэ үү/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж