Дорд үзэгдсэн дотоодын аялал

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Дорд үзэгдсэн дотоодын аялал

-Монголын нөхцөлд өнөөдөр ихэнх амралтын газрууд бохир хэрэглэлтэй гэр,

чийгтэй байшин л санал болгож байна-

Аялал жуулчлалаар бид мөнгө олж чадахгүй байсаар чамгүй хугацааг өнгөрөөлөө. Энэ салбарын хүний нөөцийн тухай нэгэн зөвлөгөөний үеэр “Хэлтэй, чадвартай боловсон хүчнээ уул уурхайн салбарынханд алдчихдаг” гэж ярьж байв. Ингээд гадаадын жуулчдад зориулсан аялал маань хөтөч, орчуулагчаас эхлээд асуудалд ордог бололтой. Үзүүлж харуулах үзвэр, үйлчилгээ гадныхны мөнгийг салгачих газар хангалтгүй талаар өмнөх дугаартаа хөндсөн тул түр орхиё.

Харин энэ удаад гадныхнаас олдгоос ч илүүг олох боломжтой дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар бодлого байна вэ гэдгийг асуух гэсэн хэрэг. Сүүлийн жилүүдэд улс орон бүрт дотоодын аялал жуулчлалынх нь үзүүлэлт өсч байгаа гэх бол манай улсын хувьд ч ялгаагүй дотооддоо жуулчлах сонирхол нэмэгдэж буй бололтой. Гэвч сонирхол, жуулчлал нэмэгдэж байгаа ч үйлчилгээний чанар, хүртээмж урдын хэвээр байсаар. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо орон нутаг руу аялах тохиолдолд ихэвчлэн хотоос бүх бэлтгэлээ хангаж гарцгаадаг. Ядаж л дугуй, машин засварын газар, эмнэлгийн үйлчилгээ, тэр ч бүү хэл найдвартай хооллох газар олддоггүйн бэрхшээл одоо болтол хэвээрээ. 

Энэ талаар сэтгүүлч Г.Бадамсамбуу “Дотоодын аялал жуулчлал гэж манайд байхгүй. Харин саяханаас ярьж эхэлж байна. Сайны дохио. Үнэндээ бидэнд дотоодын аялал жуулчлал бус идэвхитэй зорчигчдын урсгал төдийгөөс хэтрэх зүйл үгүй. Гэвч Монголд хэрэглэгчийн дотоод нөөц байгааг одоогийн байдал мэргэжилтнүүдэд хангалттай харуулж байна. Аялал жуулчлал хөгжих аятайхан дохио энэ мөн. Ард түмэн байгаа хойно нөөц байлгүй яахав. Гэнэт гэмээр зорчигчийн урсгал нэмэгдсэн газар бий. Энэ бол Хамрын хийд. Энд шинэ сайхан зүйлс хурдтай нэмэгдсээр байгаа. Хөрөнгө оруулалт дагаж, жуулчид ирдгийг амьдаар баталж байгаа газар. Хамгийн их нөөц бүхий газар гэвэл Хангай Хэнтийн хоорондох Орхоны сав газар байна. Баруун аймгууд бол төлөвлөлт, хөрөнгө оруулалтаас өсөлт нь хамаарах бүс. Говь, Хөвсгөлд төрөөс юм хийх шаардлагатай. Үнэндээ төрийн бодлого ундуй сундуй тул аялал жуулчлал зөнгөөрөө л явж байна” гэж хэлсэн нь яг голыг нь олсон тодорхойлолт юм. 

Аялал жуулчлалын салбар ийн бодлого гэх зүйлгүй, зөнгөөрөө явсаар л. Дотоодын жуулчид нь гадаадынхнаас ялгаагүй очсон газартаа хөрөнгө оруулалт хийлгүйгээр замын хэдэн постод хэдэн төгрөг төлсөн болоод л зорчиж байна. Адаглаад л амралтын өдрүүдэд салхинд гаръя гэхнээ тав тухтай үйлчилгээ санал болгочих газар хуруу дарам цөөн байна. Улаанбаатарын ихэнх амралтын газрууд амралтын гэхээсээ илүү уушийн газар мэт болчихсон. Монголын нөхцөлд өнөөдөр ихэнх амралтын газрууд  бохир хэрэглэлтэй гэр, чийгтэй байшин л санал болгож байна. Амралт, сувилал руу үйлчилдэг нийтийн тээврийн үйлчилгээ, ая тух хангах орчин, хагас өдрийн амралтын хөтөлбөр, суух сандал, хооллох ширээ, хүүхэд тоглох талбай, ариун цэврийн өрөө, бие засах газар, хогийн цэг ч алга байна. Ийм байхад хүмүүс ямар байдалтай аялал хийх нь тодорхой. 

Монголын иргэд гадаад улс орнуудад аялахдаа хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар  нэгдсэн мэдээлэл байдаггүй юм байна. Иймд энэ тоог манайд гадны жуулчдын оруулж буй хөрөнгө оруулалттай харьцуулах аргагүй юм. Уг нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь жуулчлалаар гадагшаа алдагдах валютын урсгалыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх ёстой. Жишээлбэл, Герман улс аялал жуулчлалын салбараас 38,8 тэрбум ам.долларын орлого олсон боловч иргэд нь гадаадад аялахдаа 84,3 тэрбум ам.доллар зарцуулсан нь орлогоосоо даруй хоёр дахин ихэссэн дүнтэй байжээ. Энэ тохиолдолд тухайн улсын аялал жуулчлалын бодлого гадаадын жуулчдыг татахаас илүүтэй дотоодын жуулчлалаа дэмжихэд чиглэх нь гарцаагүй юм. Тийм ч учраас улс, бүс нутаг, муж, хотууд иргэддээ чиглэсэн аялал жуулчлалын маркетингийн кампанит ажлыг идэвхтэй явуулж эхэлжээ. Манайд ч ялгаагүй дотоодын аялал, жуулчлалын үйлчилгээ муу байсаар байвал мөнгөтэй, боломжтой хүн бүхэн гадагшаа явж амрахыг илүүд үзнэ. Тэр хэрээр хэчнээн хэмжээний мөнгө гадагш урсаж буйг, цаашид урсахыг бүү мэд.

Дотоодын хямд нислэг, зам дагуух үйлчилгээ, цэнгээний газар, чанартай хоол, найрсаг үйлчилгээг бий болгоход тийм ч хэцүү биш. Дотоодын жуулчдынхаа анхаарлыг татаж байж л гадаадын жуулчид ч Монголыг зорин ирэх болно. Эхлээд дотооддоо, дараа нь гадааддаа анхааръя. Ядаж л амралтын хоёр өдөр хүүхдүүдтэйгээ салхинд амарчих ая тухтай газар олоход хэцүү байна шүү дээ, Монголд. Богд уулын хэдэн амыг хар л даа. Ам бүрт амралтын газар нэртэй архидалтын оромжууд л байдаг болж.

Б.ЭНХМАНДАХ

Гэрэл зургийг Б.Энхбат.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №065

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж