Израйль, Герман, Японы элит боловсролын тухайд

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Израйль, Герман, Японы элит боловсролын тухайд

2008 онд Япончууд дэлхийн шинжлэх ухаанд нэн ялангуяа байгалийн шинжлэлийн салбарт хүчирхэг гэдгээ харуулж, Нобелийн шагналтан дөрвөн ч эрдэмтэн төрсөн нь улс үндэстнийх нь төдийгүй дэлхий нийтийн бахархал болоод байна. Энэ жил 10 эрдэмтэн хүртсэний 4 нь япон хүн( Намбү Ёоичиро, Кобаяши Макото, Масүкава Тошихэдэ нар физикийн салбарт, Шимомүра Осамү химийн салбарт) багагүй амжилт мөн ажээ.

Япончууд анх 1949 онд биологийн салбарт Нобелийн шагнал хүртэж, түүнээс хойш 16 хүн уг шагналыг гарджээ. Харин эдийн засгийн салбарт Нобелийн шагнал гардсан япон хүн одоогоор үгүй байна.

Японы Засгийн газар “Шинжлэх ухаан, технологийн үндэсний хөтөлбөр”-төө “ энэ зууны эхний хагаст байгалийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртэгсдийн тоог 30 –аас дээшд хүргэнэ” хэмээн тодорхойлсон нь ийнхүү амжилттай хэрэгжсээр байна

Харин еврейчүүд 1901 оноос эхлэн /Нобелийн анхны шагналтан/ 178 хүн хүртсэн байдаг. Өөрөөр хэлбэл Нобельтнуудын 20 гаруй хувийг еврей нар авчээ гэсэн үг.

Энэ нь еврей нарын боловсролын түвшин дэлхийд тэргүүлж байна гэж хэлж болмоор байна. Гэхдээ Нобелийн шагнал гардсан мөнөөх 178 хүний “иргэн харъяатын асуудал” руу өнгийвөл америкийн еврей нар толгой цохих ба еврей нарын жинхэнэ эх орон Израйль улсын харъяат ердөө найман хүн байх ажээ. 8 хүний 3 нь нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Израйлийн нэгэн сэтгүүлч бичихдээ “еврей нар АНУ-ын судалгааны төвүүд, хүрээлэнгүүдтэй нарийн нягт хамтарч ажилладаг уламжлалтай, израйлийн бүх их сургуулиудын судлаач нарын тоо АНУ-д судалгаа шинжилгээний ажил хийж буй еврей нарын тоотой харьцуулахад харьцуулшгүй бага” хэмээсэн байна. Гэвч израйльчуудын бахархал бол яахын аргагүй дэлхийгээр тархсан еврей хүний “гавал” толгой мөнөөс мөн тул тэдний залгамж халааг бэлтгэхээр боловсролын системдээ “эрс шинэтгэл” хийж байгаа аж. Энэ нь эрдэмтэн бэлтгэдэг тусгай дунд сургууль юм.Үүнийг өгүүлэхийн тулд дээрх оршлыг бичив би.

Израйлийн ”сайн толгой улс орноо чирдэг”

Еврейн эх оронд ганц еврей нар амьдардаггүй, хүн амынх нь дөрөвний нэг нь Израйль улс байгуулагдахаас өмнө энэ газар оронд амьдарч байсан араб зэрэг еврей бус үндэстэн оршин суудаг байна. Мөн адилхан еврей хүн мөртлөө шашны урсгал номлол өөр байхул сургалтын чиг хандлага мөн өөр болох ажээ. Тиймээс Израйль орон даяар аль ч шатны сургуулийн сургалтын нэгдсэн программ үгүй, тэр байтугай өөр өөр хэл дээр сургалтаа явуулна. Зарим сургууль араб хэлээр, нөгөө хэсэг нь hebraios хэлээр гэх мэт . Бага дунд, ахлах сургуулиудын сурагчдын форм ч ялгаатай. Тиймээс хоорондоо эрс ялгаатай хөтөлбөрөөр харилцан адилгүй ёс заншлын дагуу сургах болдог Израйлийн боловсролын системд сургалтын нэгдсэн орчин, үр дүн, чанарын асуудлыг ярих нь “шүдний өвчин” болдог ажээ. Харин  тусгай боловсролыг “тусгай хүнд”тусгайлан олгохыг Израйлийн Засгийн газар ихэд хөхүүлэн дэмжиж байна.

“Төр улсын маань хамгийн том, үнэт баялаг бол боловсрол өндөр боловсон хүчин болно” гэдэг үг бараг л “Палестинчуудыг үлдэн хөөе” гэдэгтай адилхан израйльчуудын чихэнд наалддаг болжээ.

Израйль улс ойрхи дорнодод Персийн булангийн орнуудтай адилхан нефть, байгалийн хийгээр бялхаж байдаг улс орон биш юм. Израйль орны баялаг еврей нарын толгой. 7 сая гаруйхан хүн амтай Израйль улс “сайн толгой улс орныг чирнэ” гэдэг хатуу философио хэрэгжүүлэхийн тулд элит боловсролын хүрээгээ улам бүр тэлсээр байна.

Тусгай салбарууд, чиглэлээр авъяастай нь танигдсан хүүхэд багачуудад тэр авъяасыг нь задлах, хөгжүүлэхийн тулд тусгай программаар тусгай орчинд “нүддэг” байна. Тэр программыг нь Азийн орнуудаас Сингапурчууд хамгийн түрүүн өлгөж аваад хэрэгжүүлээд эхэлжээ. Израйлийн тэр системийг, карриклюмтай нь хуулаад авчихсан, сургаад эхэлсэн байна.Сингапурчууд бусдын юмыг үг сүггүй хуулдаг биш бололтой юм.          

Израйльчууд ерөнхий боловсролын бага дунд сургуулийн карриклюмыг жирийн стандарт ба “жирийн бус” тусгай хэмээх тэс өөр хоёр орчныг бүрдүүлээд хэрэгжүүлж иржээ. Израйлийн боловсролын философи нь юуны өмнө сурагчдын сурах чадварыг аль болох хөгжүүлж тэлэх явдал. Тусгай программаар суралцдаг сурагчдын дотроос шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж буй “эрдэмтэн сурагчид” төрдөг байна.

Багш нар сурах арга барил, сургалтын орчин нөхцлийг бүрдүүлэн туслах үүрэгтэй. Сурагчдын мэдлэг чадвар дадлыг зөвхөн тест бөглүүлээд шалгах нь учир дутагдалтай тул уг сурагчтай харилцан ярилцах, мэдээлэл солилцох аргаар “шүүсийг нь шахдаг” байна. Израйлийн нэгэн тусгай дунд сургуулийн захирал Амир ярилцлагадаа “сурагчдын мэдлэг чадвар, хүсэл тэмүүлэлд таацсан сургалтын арга барилаар тэдэнд хандах нь бидний зорилго” гэжээ.

“Чадвар байгаа бол цааш нь улам хөгжүүлье” гэсэн Израйлийн боловсон хүчний бодлого еврей хүний хөгжлийн асуудлыг улс төрийн бодлогынхоо цөмд тавьсан төрийн бодлоготойгоо яв цав нийцдаг ажээ.Ёрөөс хөгжил гэдэг ухагдахуун үгийн гарлынхаа хувьд тухайлбал development, de’veloppment, entwicklung аль нь ч тэр хуйлаастай юмыг дэлгэх лугаа адил дотор нь байгаа зүйлийг ил гаргах гэсэн утгатай билээ.

Израйлийн их дээд сургуулиудын байгалийн ухааны салбарын төвшин дэлхийд дээгүүр ордог байна. Ялангуяа цэрэг дайны чиглэлийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний төвшний талаар энд дурдах нь илүүц биз. Эрүүл мэнд, анагаах ухаан, робот, сансар судлал, атом цөмийн зэвсэг, машин механизм, тэр байтугай энергийн хувьсгал болохуйц суурь судалгаа шинжилгээний ажлууд шил шилээ даран төрсөөр байна. Бензиний оронд хэрэглэх шатдаг түлш этанолыг ургамлаас гарган авч байна. Дэлхийн машины үйлдвэрлэлд Израйльчууд хүч түрэн орж ирж байна.

Английн “Таймс” сонинд 2008 оны 10 дугаар сард нийтэлсэн “2008 оны дэлхийн их сургуулиудын жагсаалт”гаргаж тэргүүлэх 200 их сургуулийг нэрлэжээ.Түүнд  Израйлийн 3 их сургууль багтсан байна. Хэдийбээр Ойрхи дорнод Газын зурваст дайны гал тасрахгүй дүрэлзэж байгаа ч Израйльчууд шинжлэх ухаан, боловсролынхоо чанарыг ухраахгүйн төлөө тэмцэж иржээ.

Саяхнаас Израйль улсын төсөвт боловсрол, шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр танагдсан нь авъяас чадвартай эрдэмтэд, судлаачдаа гадагш алдах аюултай байж магад ч шинжлэх ухааны эрх, эрх чөлөө, ёс зүй, менежмент өндөр хөгжсөн энэ оронд төдийлөн нөлөөлөх нь бага ч байж магадгүй л юм.

Германы” Элит их сургууль эх орны чимэг”

ХБНГУ 2005 оны 6 дугаар сараас тус улсын Засгийн газар болон муж улсуудын засаг захиргаа хамтран “Элит их сургууль” хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Уг төсөлд юуны өмнө их дээд сургуулиудад сонгон шалгаруулалт явуулж, эн түрүүнд улсаас санхүүгийн тусгай дэмжлэг авах эрхтэй сургуулиудыг зарлаж, уг тэтгэлэгээ өндөр төвшний судалгаа шинжилгээний ажилд зарцуулах ажээ. Зорилго нь мэдээж дотоодынхоо дээд сургуулиудын судалгаа шинжилгээний ажлын орчныг сайжруулах, гадаадад өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх, цаашлаад ирээдүйд улс орныхоо хэрэгцээт болон дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа шинжлэх ухааны салбарт хүч хаях, гадаадад өндөр үнэтэй судалгаа шинжилгээний ажилд татагдаад байгаа “ германы шилдэг толгойнуудыг аргамжиж авах ”түүгээр зогсохгүй гадаадын тэргүүлэх эрдэмтдийг улс орондоо татах, элит эрдэмтэн давхарга бүрдүүлэх гээд алсын хараатай бодлого хэрэгжүүлж байна.

“Элит Их сургууль”хэмээн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юуны өмнө тус сургууль ирээдүйн судалгаа шинжилгээний ажлын концепцоо тодорхой болгох шаардлагатай болохоос бус сонгон шалгаруулах төрийн комиссыг хахуулдах шаардлага үгүй.Манай магадлан итгэмжлэх комисстой ер адилгүй бөлгөө.

Мөн өөрийн харьяандаа эрдэм шинжилгээний байгууллага, болон тус их сургуулиас удирдаж байдаг судалгааны төв багаар бодоход нижгээдтэй байх шаардлагатай байдаг байна. Санхүүгийн дэмжлэгийг 5 жилийн турш олгох ба 75% ийг нь Холбооны Засгийн газраас үлдсэн хувийг нь муж улсын Засгийн газар гаргах ба нийтдээ 1.9 тэрбум орчим евро ажээ.

2 удаагийн сонгон шалгаруулалт явагдаж  одоогоор  2006 онд Мюнхэний Их сургууль гэх мэт 3 их сургууль, 2007 онд Берлины Чөлөөт Их сургууль зэрэг 6 их сургууль сонгогдоод байна. Мюнхэний Их сургууль нано технологийн чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажиллаж байгаа ба Токиогийн Их сургууль, АНУ-ын Калифорны Их сургуультай хамтарч ажилладаг ажээ.

Японы эрдэмтэн бэлтгэх ахлах сургуулийн тухайд

Японы Ёокохама хотод энэ жил “Эрдэмтэн бэлтгэх тусгай ахлах сургууль” байгуулжээ. Техник, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байхыг зорьдог энэ гүрэн эрдэмтдийнхээ залуу халааг элит боловсрол, тусгай программаар тусгайлан бэлдэж ирсний нэг жишээ юм.

Тус сургууль жирийн ахлах сургуулиас тэс өөр орчинд тухайлбал англи хэлний хичээл гэхэд л англи хэлээр шинжлэх ухааны эссэ бичихэд анхаарал нь төвлөрөх жишээтэй. Энэ бас бодууштай асуудал мөнөөс мөн. Жишээ нь Байгалийн шинжлэлийн лаборатори нь багахан институтийн дайтай.

Төрөл бүрийн робот гэхэд үзэсгэлэн л гэсэн үг.Заадаг багш нар гэвэл нобелийн шагнал хүртэгсэд очиж лекц унших нь энүүхэнд.Гол нь энэ сургууль шинжлэх ухааны бие  хүнийг бэлдэхэд оршино. Шинжлэх ухааны эрх чөлөө, бие даасан байдал, эрдэмтний моралийг эхнээс нь зөв төлөвшүүлж өгөх нь хамгийн чухал.

Төгсгөлийн оронд

Манай монгол улсын боловсролын систем 12 жилийн тогтолцоонд шилжээд борвио ч нээгээгүй байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хичээлийн шинэ жилийн нээлтүүдээр хэлсэн үгэндээ  санаа авч хэрэгжүүлмээр хэд хэдэн чухал санаа дэвшүүлж ирсэн юм.

Олон улсын бакалаврын зэргийн буюу “IB” диплом, олон улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох IGCSE хөтөлбөр шаардлага хангахуйц сургуулиуд бий болгохыг дэмжье,(сургалтын хөтөлбөр программаа зоригтой шинэчилье гэсэн санаа)  монгол хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэлний мэдлэг шалгах улсын хэмжээний нэгдсэн тест боловсруулан бэлтгэл хангасны үндсэн дээр жилд 1 удаа авч сурлагын чанараа тогтоож байя(сурлагын чанартаа анхаардаг болоё) цаашилбал Олон улсын сургалтын төвшин тогтоох шалгалт (PISA)-д монголын 15 настнуудыг багтааж байх боломжийг эрэлхийлье, дэлхийн жишигтэй дүйцэх загвар сургууль бий болгоё (дэлхийн жишигтэй нийцүүлье) гэх мэтээр боловсролын асуудал эрхэлсэн үе үеийн сайдуудын чихэнд олон удаа хонх жингэнүүлсэн ч “ажлын хэсэг байгууллаа” гэхээс өөр чимээ сураг бага  байна. Монгол улс олимпийн аваргатай болох мөрөөдлөө биелүүллээ. Харин шинжлэх ухааны салбарт нэн ялангуяа байгалийн шинжлэлийн салбарт Нобелийн шагналыг монгол хүн авах цаг хэзээ бол.Нобелийн шагнал авахад лобби хэрэггүй, харин сургалтын шинэ орчин нөхцөл хэрэгтэй. Түүний тулд монголд тусгай хөтөлбөр программ, орчин нөхцөлтэй, тусгай багштай, “тусгай толгой”-той тусгай сургууль бас хэрэгтэй байгаа юм биш биз.

Япон шиг энэ зууны хагаст 30 аас дээш шагналтан төрүүлнэ гэж “ханхалзахгүй” ч “дээд тэнгэрийн удамтай” монголчуудаас ганц хүн ч болов энэ шагналыг хүртвэл юутай баяр бахархал вэ, Харин нобелийн шагналаар юугаа хийдэг юм хэмээн аагархах “билэг танхай” монгол хүн  байхгүй гэдэгт найдаж байна.

Брэнд боловсрол номноос . . .
Улаанбаатар хот 2011 он

http://www.batsaikhan.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж