Нийслэлд концесс хэрэгжүүлэхэд ОУ-ын зөвлөх ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Нийслэлд концесс хэрэгжүүлэхэд ОУ-ын зөвлөх ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачлагаар  зохион байгуулдаг “Улаанбаатар хот-төр хувийн хэвшлийн түншлэл”  зөвлөлдөх уулзалт  хоёр дахь удаагаа зохиогдож байна.   Өнгөрсөн жил  нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор  “Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг  хийж 47 төсөл танилцуулж  байсан бол энэ жил 44 багц ажлыг зэхжээ.  НИТХ-аас  баталсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид,  гадаад дотоодын хувийн хэвшлийнхэн сонслоо.
Зөвлөлдөх уулзалтыг нээж, Улаанбаатар хотын  Захирагч Г.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн уулзалтын зорилго төр, хувийн хэвшлийн аль алинд нь адил тэгш боломж олгосон,  харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр санал бодлоо солилцоход оршиж байна.  Өнөөдрийн байдлаар Үндэсний статистикийн хорооны 2010 оны жилийн эцсийн албан мэдээгээр нийслэл Улаанбаатар хотод 1 сая 151,5 мянган   хүн ам оршин сууж байна.  Хүн амын өсөлтөө  дагаад нийслэлийн өмнө шийдвэрлэх шаардлагатай олон асуудал шийдлээ хүлээсээр байгаа юм.  Бүгдийг төсвийн мөнгөөр гүйцэтгэх эдийн засгийн чадамж бидэнд алга байна.  Харин Концессын хууль батлагдснаар Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь байнга оршин суудаг Улаанбаатар хотын өсөлттэй уялдахуйц хөгжлийн хурд бий болгоход түлхэц болох олон асуудал шийдэгдэх боломж бүрдэх юм. Тиймээс хот тулгамдсан асуудлуудаа та бүхний өмнө дэлгэн тавьж, хамтран ажиллахыг санал болгож байна. Хэдийгээр бидэнд бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж сурсан туршлага бий ч концессын ажлын тухайд туршлага байхгүй билээ. Иймд нийслэл энэ ажлыг хэрэгжүүлэхдээ олон улсын зөвлөхийн туслалцаа авах болно” хэмээн тэмдэглэлээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  оролцож үг хэллээ. Нийслэлд сүүлийн жилүүдэд ажил сайн явж байна.  Өнгөрсөн жил гэхэд олон ажлын эхлэл тавигдаж энэ жил хавар эрт  зам барилгын ажлууд өрнөлөө. Энэхүү эрч хүч, хурдаа алдахгүй ажиллахад та бүхний тус дэм их шүү гэж зөвлөгөөнд оролцогчдоос тэрбээр хүслээ.
Энэхүү уулзалтанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр мэргэшсэн гадаадын зөвлөхүүд өөрсдийн туршлагаас хуваалцаж, тухайн оронд концессын гэрээгээр төсөл хэрэгжүүлэх үед гарч байсан бэрхшээл, анхаарах асуудлууд, мөн ололт амжилтыг ярилцаж байна.  Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг Нийслэлд төр хэвийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын боломж,  Төрийн өмчийн хорооны газрын дарга Б. Заяабал Монгол Улсын Концессын тухай хууль эрх зүйн орчин, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төр хувийн хэвшлийн түншлэл, концессын багийн ахлагч С. Мөнхчулуун Нийслэлийн концессын зүйлийн жагсаалт дахь 44 төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны өнөөгийн байдлыг тус тус мэдээлэх юм.  Нийслэлд 2010 онд хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан 44 багц ажлаас өнөөдрийн байдлаар Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүрээс Яармагийн товчоо хүртэлх 18 км зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км зам, Ар зайсан-Их Монгол Улсын гудамжны 3,8 км зам, Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км зам, СХД-т байгуулах Нийслэлийн ахмадын сувилал, Багануур дүүрэгт байгуулах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  Хүүхдийн цэцэрлэгийн төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалт  зарласан байна.  Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг концессын гэрээгээр барих зөвшөөрлийг  НИТХ-ын тэргүүлэгчдээс Нийслэлийн Засаг даргад олгожээ.  Цаашид нийслэлийн нийтийн тээврийн автобусны зарим эцсийн буудлуудыг үйлчилгээний төвийн хамт цогцоор нь шинэчлэх,  цэцэрлэг байгууламжийн төслүүд, нягтрал ихтэй төв замын нүхэн гарц, дүүргүүдэд мөсөн гулгуурын заал, хүүхдийн цэцэрлэг сургууль гээд олон төсөл эзнээ хүлээж байгаа юм. Эдгээрийг хувийн хэвшлийнхэн, гадны  хөрөнгө оруулагч нар танилцуулж, улмаар хамтарч ажиллахад өнөөдрийн зөвлөлдөх уулзалт чиглэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж