Нэг сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Дэлхийн Хавдартай тэмцэх холбооноос 2011 оныг “Бид хамтдаа хүчтэй” уриан дор хорт хавдартай тэмцэх олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.  Дэлхийн аяны агуулга, зорилтын хүрээнд Монгол орны хэмжээнд Хавдар судлалын үндэсний төв, ХААН Банк, МҮОНРТ-ээс хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд ХААН банк, эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ-аас хамтран нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдааныг 2011 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны зургадугаар сарын 25-ны хооронд зарлахаар болжээ. Уралдааны зорилго нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх, эрсдэлт  зан үйлээс сэргийлэх талаар  хүн амын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр болон, “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийн үйл явц, ач холбогдолын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөхөд оршиж байгаа ажээ.

Уралдаанд оролцогчид нь дээрх сэдвийн хүрээнд нийтлэл, ярилцлага, сурвалжлага гэх мэт сэтгүүл зүйн бүхий л төрөл зүйлээр бичиж туурвисан А-2-ын ¼-ээс багагүй хэмжээтэй тус бүр 3 бүтээлийг төв, орон нутгийн сонин хэвлэл, веб сайтад хэвлэж, нийтлүүлсэн байх ажээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг уг аяныг хамтран зохион байгуулж буй байгууллагууд болон сэтгүүлчдийн  төлөөлөл  орсон комисс шүүж, шалгарсан шилдэг 5 бүтээл тус бүрийг 1.000.000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж