“Улаанбаатарын математикийн нээлттэй семинар” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын математикийн нээлттэй семинар” нээгдлээ

Математикийн нэн орчин үеийн үр дүнгүүдийг хэлэлцэх, шийдвэрлэх, баталгааг гаргах, математикийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлэх, багш, оюутан, сурагчид, математик сонирхогчдын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Улаанбаатарын математикийн нээлттэй семинар” нэртэй байгууллага шинээр үүд хаалгаа нээлээ.

Математикийн “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог төв” сургуулийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан “Улаанбаатарын математикийн нээлттэй семинар” байгууллагыг нээж ажиллуулах болсон тухайгаа ирээдүйд математик боловсролын түвшинг ахиулах нэгэн үндэс болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд “Ирмэгийн жигд будалтын тухай” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

“Улаанбаатарын математикийн нээлттэй семинар”-ын нээлт, чөлөөт ярилцлагад МУҮИС, МУБИС, ШУТИС, 1, 11, Олонлог сургуулийн төлөөлөл, математикийн салбарын эрдэмтэн багш нар уригдан оролцсон бөгөөд тэд санал бодлоо хуваалцаж, хөндөгдсөн сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.

“Улаанбаатарын математикийн нээлттэй семинар”-ын танхим нь “Олонлог” сэтгүүлийн дэмжлэгтэйгээр “Олонлог төв” сургууль дээр ийнхүү бие даан нээгдэж, одоо, ирээдүй үеийнхний сайн мэргэжил эзэмшихийн үндсэн суурь болсон математикийн асуудлуудыг нээлттэй хэлэлцэж хөгжүүлэхийг үндсэн зорилгоо болгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж