Замбуулингийн наран дор зах хязгааргүй тархсан, хамгийн түгээмэл өвчтөн бол спортын хорхойтон бүлгээ. Энэхүү хэдэн мөрийг тэрлэж суугаа миний бие ч эдний тоонд багтана. Чухам хэдийнээс эхэлж энэ “өвчний халдвар” туссанаа хэлж мэдэхгүй юм.
Ямар ч байсан ой тоонд минь үлдсэн, анхны ТВ-ээр үзсэн спортын томоохон тэмцээн гэвэл 1976 оны Монреалийн олимпийн наадам болов уу. Гэхдээ тухайн үед ямар олимпийн наадам, од тамирчид гэж мэдэх биш. Өвөө, ах, бид хэд гүйж буй хүмүүсийг өөр өөрийнхөөрөө өмчилж аваад л түүнийгээ түрүүлүүлэх гэж дэмждэг байв. Өвөөгийн “зүсэлсэн” өндөр хар түрүүлээд бөөн баяр болж байсан нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Дараа нь 1978 оны хөлбөмбөгийн, 1979 оны хоккейн ДАШТ-ийн бараг бүх тоглолтыг үзсэн дээ. Ингээд л нөгөө спортын хорхойтон хэмээх “өвчтэй” хүмүүсийн эгнээнд орсон юм даа. Энэ “өвчин” хүмүүст хүнд, хөнгөн янз бүрээр л тусдаг бөгөөд сонирхогч, хорхойтон гэж эхлээд улаан фэн, алтан балиашиг, шүтэн бишрэгч гээд л улам л хүндэрч, архагшдаг ажгуу. Мөн илрэх зовиур, эдлэх шаналал нь ч өөр өөр. Зарим нь хөлбөмбөг, зарим нь хоккей, эсвэл үндэсний бөх, бокс, сагс, волейбол …..гээд л өчнөөн олон. Миний хувьд бол спортын бүх л төрлөөр “өвчилсөн” бөгөөд хөлбөмбөг, хоккейгоор бол “архаг өвчтөнд” баттай орох байх. Ингэхээр энэ төрлүүдээр өөрийн балиашигладаг баг, шүтэн биширдэг тоглогчдынхоо тухай товч өгүүлье.
Хөлбөмбөгийн ид шидтэнгүүд ба хосгүй гайхамшигт ЗИКО
Хөлбөмбөгөөр анх дэмжиж эхэлсэн баг маань бидний хэлдгээр ФРГ буюу ХБНГУ. 1980 онд Европын аваргаар “Шаргал үст” Шустер, "Сахал” Штилике, ”Танк” Хрубеш, ах дүү Ферстер, К.Х.Румменигге, Харальд Шумахер, Кальтц гээд луухгаруудтай германчуудыг дэмжиж аварга болгож билээ. Гэхдээ Герман бол миний дэмжих баг биш байлаа. Тухайн үед зураг нь “Стадион”, ”Кепеш спорт” сэтгүүл дээр элбэг гардаг, зурагтаар түлхүү үзүүлдэг байсан болохоор л түр зуур тэднийг шохоорсон хэрэг. Харин 1981 оноос өдгөөг хүртэл хувиралтгүй балиашиглаж буй баг маань Бразилийн шигшээ. Тиймээ, би Бразилийн “алтан” балиашиг .Дэлхийн таван удаагийн аваргуудыг ,сайн багийг дэмжлээ гэх хүмүүс байдаг л даа.Үнэн хэрэгтээ Бразилийг дэлхийн аварга болгох гэж 1981 оноос хойш бүтэн 13 жил хүлээсэн юм.
Энэ хугацаанд хожил, хожигдол, баяр, харуусал аль аль нь хослон байсан. Ялангуяа “Испани-82”–т Бразилийг баттай түрүүлнэ гэж итгэж байлаа. Зико, Сократес, Эдер, Фалькао, Серезо, Леандро, Оскар гээд шижигнэсэн одууд, Теле Сантана гээд мундаг том дасгалжуулагчтай “лүнзгэр” шигшээ байсан юм.
Харамсалтай нь хэсгээсээ үлгэн салган арай хийж шалгарсан Италичуудын, ялангуяа Росси гэж нэг “гай”-гийн тоглолт гэнэтхэн орж, манайхыг 3:2-оор хожчихсон билээ. 1982 оны Бразил бол миний мэдэх үе үеийн Бразилаас хамгийн сайн нь. Тэднийг аварга болно гээд дэндүү итгэсэн байсан болохоор хэд хоног нойр муутай хонож, бас зүгээр ч үгүй нууцхан усан нүдэлсэн түүхтэй. Ингээд дөрвөн жил хүлээх болов.
“Мексик -86”-д манайхан Зико, Сократес, Фалькао нарын хашрууд Карека тэргүүтэй шинэ одуудад найдаж байлаа. Гэвч шөвгийн наймд Францад торгуулийн цохилтоор “гол гаргуулчихав”. Бас дахиад л дөрвөн жилийг хүлээж “Итали-90”-тэй золгосон. Энэ удаа манай Бразилийн замд хөрш Аргентин хөндөлслөө. ”Ганц генерал, арван цэрэгтэй” Аргентинтай хийсэн тоглолтод манайхан илт давамгайлсан боловч Марадонагийн гайхамшигт ур чадвар л тоглолтын хувь заяаг эргүүлж орхисон билээ.
Он жилүүд улиран одсоор нэг л мэдэхэд Бразилийг балиашиглаад 13 жилийг үджээ. Энэ хугацаанд хөлбөмбөгийн ид шидтэнгүүд маань дэлхийн аварга болох нь бүү хэл медаль ч зүүж чадаагүй л байв.
Ингэснээр 1994 он гарлаа. Шинэ тивд болсон ДАШТ-д Ромарио, Бебето тэргүүтэй манайхан урамтай сайхан тоглосоор аварга цол, Алтан цомыг хүртсэн. Ингэж л нэг 13 жил сойсон Бразилаа дэлхийн аварга болгож, уужим амьсгаа авч билээ. Дараа нь “Франц-98”-д гялалзтал тоглон финалд үлдсэн ч Францчуудад гутамшигтайгаар ялагдсан. Энэ тоглолтыг тойрсон элдэв түүх одоог хүртэл янз янзаар яригддаг л юм билээ. Роналдад сэжигтэй эм хольсон хоол идүүлсэн, Бразил улс Францад өгөх гадаад өрнийхөө оронд хожигдсож өгсөн гээд л .За энэ ч яахав,нэгэнт өнгөрсөн юм.
Харин 2002 онд манай шар цамцтангууд өрсөлдөгчдөөсөө илт илүүрхэн тав дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн. Харин 2006 онд Германд болсон ДАШТ-д Бразилчууд дахиад л Францад, тэр тусмаа “халзан” Зиданд хоёр дахиа “гол гаргуулав”. Ер нь Франц бол миний хамгийн үзэн яддаг баг л даа. Формондоо ороогүй Роналдо, хийдэг зүйлээ хийгээгүй Роналдиньо, манай сулхан хамгаалалт урмыг минь хугалсан. Гэхдээ л хожсон ч бай, хожигдсон ч бай би Бразилдаа л балиашиглаж байсан, цаашид ч балиашиглах болно.
Бразилийн хөлбөмбөг бол тоглогчдын асар өндөр техник, уран гоё тоглолтоороо бусдаас эрс ялгардаг. Тэд хэзээ ч Герман шиг тооцоотой тоглож, Итали шиг хамгаалж байгаагүй. Африкийн багууд шиг бүдүүлэг тоглолттой, Англи шиг хөөргөж тоглодог ч улс биш ээ. Хөгжөөн дэмжигчид, ард түмэнд баяр баясгаланг бэлэглэхийн төлөө тоглодог юм тэд. Бразилчууд хэдэн гоол алдах нь чухал биш. Харин өрсөлдөгчөөсөө илүү гоол оруулах нь чухал гэж ярьцгаадаг. Тиймээс ч тэднийг хөлбөмбөгийн ид шидтэнгүүд гэдэг буй заа. Бразилийн үе үеийн шигшээгээс хамгийн шилдгүүдийг нь нэрлэ гэвэл домогт Артур Фрейндрахаас эхлээд “Хар алмааз” Леонидас, “хөлбөмбөгийн хаан” Пеле, Гарринчи, Диди, Н.Сантос, Жильмар, Вава, Жайрзиньо, Карлос Альберто, Зико, Сократес, Фалькао, Карека, Ренато, Роналдо, Роналдиньо, Ромарио, Бебето, Кака нарыг нэн түрүүн хэлнэ.
Нэр болгон нь түүх домог өгүүлэх нээрээ манай Бразилийн хөлбөмбөгчид аугаа шүү. Энэ олон оддын дундаас Артур Антунес Коймбра Зико бол миний шүтээн. Яагаад ч юм хөлбөмбөгийн хаан Пелег ,эсвэл цуут Гарринчаг шүтэж болох л байсан.Гэвч тэд урьд өмнөх үеийн домог болсон тоглогчид ,тэдний тухай уншиж, сонсож байсан ч тоглолтыг нь хараагүй (бичлэгийг нь үзсэн л дээ, гэхдээ болоод өнгөрчихсөн, тоглолт нь хэрхэн өндөрлөснийг мэдэх болохоор нэг л сонин биш байдаг) учир Зико л илүү дотно байдаг юм даа.
“Цагаан Пеле” хэмээн алдаршсан Зикогийн намтар түүх, амжилтын товчооныг бүгдийг бичнэ гэвэл цаг зав, цаас, бэх нилээд орно. Гурван дэлхийн аваргад оролцож (1978 оны ДАШТ-ний хүрэл медальтай), Өмнөд Америкийн болон дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч Бразил, Япон улсын аварга болж, хөлбөмбөгчдийн чансааг шалгадаг Италийн “Сери-А”-д амжилттай тоглон, Тив хоорондын цомын аварга цолыг, шилдэг тоглогчийн шагналтай хамт хүргэж байсан гээд л хамгийн товчоор өгүүлж болох. Түүний өндөр техник, талбайг харах, оновчтой дамжуулалт, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн үзүүштэй тоглолт үнэхээр бишрэхгүй байхын аргагүй. Зико зүгээр л нэг од байсангүй. Өөрийн хүчин зүтгэсэн багаа өндөр амжилтад хүргэдэг жинхэнэ лидер байлаа. Төрөлх “Фламенго”-оо Бразилийн аварга болгоод зогсохгүй Либертадоресийн болон Тив хоорондын цомын эзэн болгож, Италид ирээд “Сери-А”-ийн хамгийн сулхан багуудын нэг “Удинезе”-г шилдгүүдийн тоонд оруулж, Японд “Кашима Антлерс"-ийг J-Leaque- ийн гурван удаагийн аварга цолд хүргэж байв. Зодог тайлснаасаа хойш Зико маань дасгалжуулагчийн албанд зүтгэсэн. “Герман -2006” ДАШТ-д Японы шигшээ багийг удирдан оролцсон билээ.
”Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдгээр олон жил Бразилийг, Зиког шүтэж явсны эцэст хэзээ ч биелэшгүй мэт санагдаж байсан мөрөөдөлдөө хүрсэн азтай хүн би. 1996 оны Атлантын “Алтан” олимпийн үеэр Бразилийн шигшээг нүдээр харсан. Бебето, Роналдо, Роберто Карлос, Ривалдо, Дида, Жуниньо нарыг “амьдаар нь” харна гэж зүүдэлж ч байгаагүй хүн чинь олон мянган “торсида”-гийн нэг болчихсон, Бразилийн “Veja” сэтгүүлийнхэнтэй мөр зэрэгцэн сууж байснаа яахан мартах билээ. Мөн 2006 онд Зикогийн дасгалжуулсан Японы шигшээ АНУ-ын шигшээтэй Сан-Франциско хотноо хийсэн нөхөрсөг уулзалт тоглолтыг үзэж, тоглолтын дараа хэвлэлийн бага хуралд оролцсон Зикотой нүүр тулан уулзаж, нилээд хэдэн минут мөр зэрэгцэн алхаж үзэх ховорхон хувь тавилан, алтан агшин тохиож билээ.
“Цагаан Пелегийн” дараа Бебето, түүний араас Роналдо, тэгээд Рональдиньо, Кака, одоо тэгээд Неймар гээд олон авьяаслаг тоглогчид Бразилийн шигшээд тоглож, тэднээр бахархаж л явна. Гэхдээ Зикотой минь эн зэрэгцэх нь байсангүй. Цаашид ч байхгүй бизээ.
Ц.ЭНХТҮВШИН