Ш.Түвдэндорж: Би намын шийдвэрийг дагаж байгаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж: Би намын шийдвэрийг дагаж байгаа

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэлж, Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг МАН-аас гаргав. МАН болон "Шударга ёс" эвслийн бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгээгүй учраас ийнхүү Ашигт малтмалын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Үүний дараа Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэж, хамтарсан Байнгын хорооны хуралдааны 22 гишүүнээс 19 нь зөвшөөрч, түүнийг дэмжлээ.

Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж, зарим зүйлсийг тодруулав.  

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Хувь хүнийх нь хувьд би таныг дэмжиж байна. Та сайд болбол "давхар дээл"-ээ тайлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах уу?

Ш.Түвдэндорж:

-Үндсэн хуулинд намын тухай асуудлыг тусгайлан заагдсан байдаг. Сонгуульд оролцох, Засгийн газар байгуулах гэсэн заалт бий. Тэр үүднээс бид улс орны хөгжлийн талаар, ухаан бодлоо уралдуулахын тулд тус тусдаа нам байгуулж, улс төрийн хувьд шийдвэр гарган, цөөнх нь олонхоо дагаж явдаг ийм ёсыг дагадаг. Энэ үүднээсээ Үндсэн хуульд заасан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг давхар хашиж болно гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нам шийдвэр  гаргавал УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно. Хэрвээ нам энэ албыг давхар хашиж болохгүй гэсэн бол түүнийг нь дагахад бэлэн байна.  Монголд Үндсэн хуулиар  энэ асуудлыг зохицуулсан зохицуулалт байгаа учраас одоогийн хуулиа дагаж мөрдөнө.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Хувь хүнийг нь бол дэмжиж байна. Зарчмын хувьд өнөөдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд Ерөнхий сайд кабинетийн гишүүнээ сонгох бүрэн эрхтэй, хуулийн хувьд ч зөрчилдөөн байхгүй. Гэхдээ Монгол Улсын төрийн тэргүүний өгч байгаа  санал, зөвлөмжийг яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ. Яагаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр зөрчилтэй байгаад байна вэ. Нийгэм тэр аяараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй  гэдгийг хүлээн зөвшөөрч байхад энэ байдлыг засах боломжийг ҮХАА-н сайдын томилгооноос эхлүүлж болох байсан. Яагаад заавал үүнийг сөрж, "давхар дээл"-тэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг:

-Бид УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, том зарчим ярьж байх үед байдал нэг өөр байна байх. Өнөөдөр бол Засгийн газрын нэг гишүүний оронд нөхөн томилох асуудлыг хэлэлцэж байгаа  тохиолдолд арай өөрөөр хандах ёстой гэж бодож байна. Өнөөдөр Засгийн газрын танхимд хоёр эсвэл гурван гишүүн нь дан дээлтэй байхад зарчмын том асуудал гарахгүй. Ерөнхийдөө бид энэ асуудлыг том зарчмаар нь, шинэ Засгийн газар байгуулах үед ярих нь зүйтэй гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа. Өнөөдөр Ш.Түвдэндорж гишүүнийг энэ салбарын бодлогыг хэрэгжүүлээд аваад явах шилдэг боловсон хүчин гэдэг утгаар нь АН нэр дэвшүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хөдөө аж ахуй бол өнгөрсөн  жилүүдэд амжилттай явсан салбар. Үндсэндээ мал аж ахуй, үйлдвэрлэл, газар тариалан гэсэн гурван салбарт голлон анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт дээр хангалтгүй ажиллаж байгаа. Монголчуудын мал аж ахуйн салбарт эргэлт хийсэн, эрчимжүүлэх  чухал хөтөлбөрийг өнгөрсөн парламент баталсан. Энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх тал дээр та хэрхэн анхаарч ажиллах вэ. Мөн газар тариалангийн салбарт “Атрын III аян”-ыг хэрэгжүүлсэн нь аюулгүй байдал талаасаа, иргэдийн хүнсний хангамжийн талаасаа ч том дэвшил байсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд газар тариалангийн бодлогоосоо ухарч, гаднаас буудай, үр авдаг боллоо. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахаа байсан. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлэх вэ. Ер нь та өөрийн хариуцах болж байгаа энэ гурван чухал салбарт ямар бодлого барьж ажиллах вэ?

Ш.Түвдэндорж:

-Мал аж ахуйн салбар бол манай уламжлалт үндсэн салбар. Үндсэн хуулинд мал сүргийг  төрийн хамгаалалтад байна гэж тусгасан байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдтэй санал хуваалцаж, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцсан. Чуулганаар хэлэлцэж байгаа Малын индексжүүлсэн даатгалын хууль болон явж байгаа хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлнэ. Газар тариалангийн салбарт улаанбуудайн тариалалтыг дэмжих бодлого орхигдсон тал бий. Үүнээс болж  гаднаас буудай авахад  хүрсэн учраас улаан буудай тариалагчдаа дэмжих төрийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Үйлдвэрлэлийн салбар бол АН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл. Одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэх томоохон үйлдвэрлэлүүдэд анхаарал тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн  Д.Дашдорж:

-Аж үйлдвэрийг хөгжүүлье гэж бодож байгаа бол бичиг цаастай холбоотой асуудалд нэлээн анхаарлаа хандуулж ажиллаарай. Ажил хийх цаг хугацаа бага үлдсэн гэлгүйгээр ганц хоёр барилгын шав тавьж, ажил эхлүүлэх талд анхаарлаа хандуулж ажиллах ёстой.  “2012 оноос хойш мал аж ахуйн салбарт маш олон асуудлыг шийднэ” гэж өмнөх сайд ажлаа тайлагнах үедээ хэлж байсан. Ер нь мал аж ахуйн салбарын өнөөдрийн хүрсэн төвшний эрх зүйн орчны зохицуулалтыг 2008-2012 онд хийсэн шүү гэдгийг зайлшгүй хэлэх ёстой. Энэ хугацаанд "Монгол мал" хөтөлбөрт бирж, үнийн тогтворжуулалт, түүхий эдийн бүтээгдэхүүний үнийг өсгөх гэх мэт асуудал бүрэн шийдэгдэж ирсэн. Тэгэхээр энэ бүхэнд анхаарлаа хандуулж ажиллаарай гэдгийг захья.

Ийн гишүүд санал хэлж, асуулт асуусны дараа “ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй гэсэн” саналаар санал хураахад хамтарсан хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь зөвшөөрсөн. Одоо УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох асуудлыг пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.  

Үүгээр хамтарсан байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөж, Эдийн засгийн байнгын хороо тусдаа хуралдаанаа хийж байна.  

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж