Олны өмнө гарахаас сандрах, ярихаас эмээх нь тун ярвигтай хэрэг бөгөөд тийм ч амархан алга болдоггүй. Мэргэжилтнүүд дараах зөвөлгөөг хүргэж байна.
Гэнэтхэн л зүрх хүчтэй савлаж, тархи толгойд юу ч орж ирэхгүй, хоолой аргаад эхэлдэг. Ихэнх хүмүүс илтгэл тавихаасаа өмнө их бага ямар нэгэн хэмжээгээр сандардаг. Гэхдээ энэ нь хэр их туршлагатай,мэргэшсэн хүн бэ гэдгээс ихээхэн хамааралтай.
Зарим нь олны өмнө шившигтэй байдалд орохоос, зарим нь өөрийн чадвараа хангалттай илтгэж чадахгүй байхаас эмээдэг. Гэтэл нөгөө хэсэг нь бусдыг хэрхэн хүлээж авах бол гэдгээс айна. Шүүмжлэлтэй асуултуудыг хэрхэн давах вэ? Хүмүүс намайг төдийлөн таашаахгүй бол хэрхэх вэ? Харин бүр нөгөө хэсэг нь тооцоолоогүй гарч болох асуудлаас айдаг. Жишээ нь компьютер эвдэрвэл яана,микрофон царгиад байвал одоо яадаг билээ гэх мэт.
Таагүй мэдрэмжүүдийг намжаах
Айдсаа нэг товчлуур дараад л унтраачихдаг байсан бол яасан сайхан бэ? Гэтэл энэ таагүй мэдрэмжүүдийг үгүй болгох нь тун хүндхэн асуудал юм. Тэгвэл та хурал болох газарт арай эрт ирээд орчинтойгоо танилцаад, хүмүүстэй хэдэн үг солиорой. Тэгвэл таны хувьд харийнхан мэт байсан сонсогчидтой арай дотно болж сандрах нь багасна. Харин дараа нь та хэсэгхэн хугацаанд цэвэр агаар амьсгалж, тархиа сэргээгээрэй.
Түүнээс гадна: Тайвшруулах элдэв дасгал, эерэг бодлуудыг хэдий олонтоо бодлоо ч олны өмнө гарахаас сандрах нь тийм ч амархан алга болчихдог зүйл биш юм. Харин бүр түүний эсрэгээр болох нь ч бий. Та айдсаа үгүй болгохоор хэдий их хичээнэ төдийн чинээ таны айдас ихсэх нь бий. Чөтгөрийн тойрог буюу айдсаасаа айх айдас гэж бий.
Айдсын олон янзын үүргүүд
Та хурцадмал байдлаас гармаар байна уу? Тэгвэл сэтгэл хөдлөлийнхөө эсрэг тэмцэхээ боль. Та энэ айдсыг хүлээж авч, энэ их адерналинаа зөв зохицуулж сур. Хэдийн хачирхалтай сонсогдож байгаа ч үүнтэй эвлэр. Айна гэдэг тийм ч муу зүйл биш юм!
Айдас гэдэг биднийг улам бүр хөгжихөд тус болдог. Илтгэлийн тайзнаа гарна гэдэг биднээс маш их зоригийг шаарддаг. Болдогсон бол эмгэн хумс шиг өөрийнхөө хуяган гэр лүү буцаж шургаад, аятай тавтайхан хэвтэж байхсан. Гэтэл яг энэ айдас биднийг урагшаа нэг алхам ахихад, хөгжихөд бидэнд асар том тусыг хүргэдэг.
Айдас биднийг нөхцөл байдлыг илүү бодитоор хүлээж авахад сургадаг.Илтгэлдээ бэлдэж байхад л энэ бүхэн эхэлдэг. Бага зэргийн сандрал таныг тухайн сэдэвтэй улам их ажиллахад, илтгэлдээ анхаарал хандуулахад дөхөм болно. Та зөвхөн өөрийнхөө мэдлэг чадварт итгээд зогсох бус, тухайн өдөр таныг сонсохоор цугласан хүмүүсийг бас овоо хараандаа авах болно: Сонсож буй хүмүүс ямар хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагатай байна вэ? Аль хэсэгт би эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй вэ? Би хэрхэн сонсож буй хүмүүсээ үнэмшүүлэх вэ?зэргээр сайн бодож бэлтгээрэй. Ингэж гэмээнэ та улиг болсон жирийн нэгэн яриаг бусдад сонсгох бус, харин илүү бодит зүйлийг хүргэх болно.
Хэтэрхий их адерналин танд эрч хүчөгнө. Энэ нь таныг бүхэл шөнөжин цурам хийхгүй хонох аль эсвэл өөртөө ханиад албаар хүргэх зэрэг үр дүнд ойртуулж болно. Гэхдээ л та дан ганц сэргэг, сайн бэлтгэлтэй ирэх бус сэргэлэн цовоо байх болно. Хэдий тийм ч өвдөг чичрэх, хоолой салгалах зэрэг тохиолдож болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол тийм ч муу зүйл биш юм. Сонсогчид таны энэ их сандралын зөвхөн хэсгийг нь анзаарна. Түүнээс гадна олны өмнө гарахаас сандрана гэдэг хүний ёсноос гажууд зүйл биш юм.
Олны өмнө гарахаас айх айдсыг унтраах товч харамсалтай нь байдаггүй. Гэхдээ та чичирсэн өвдөг, салганасан хоолой зэргээс болж өөртөө битгий эргэлзээрэй. Та айдсаа дотоод сэтгэлдээ хүлээн авч, эвлэрч сурвал амар амгалан, тайван байхын үндэс шүү дээ.
Танд амжилт хүсье!
Эх сурвалж: biznetwork.mn