Монголын таеквондогийн оюутны шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Хөх хотноо болж буй ДАШТ-д өрсөлдөж байна. Манай тамирчид өнөөдрөөс эхний тоглолтоо хийж байгаа юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд С.Янжинлхам БНСУ-ын Боми Кимтэй, 57 кг-ын жинд З.Оюунбилэг Бразилийн Кристиана Карнейро Селыдиенетэй, эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Б.Баатархүү Туркийн Ибрахым Мираталиевтэй, 68 кг-ын жинд Б.Сэргэлэнбат БНСУ-ын Шин Донгюнтай эхний тоглолтоо хийнэ.
Маргааш эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түвшинбаяр ОХУ-ын Даныйль Павловтай эхний тоглолтоо хийнэ. ДАШТ-ий эрэгтэй 58 кг-ын жинд 17 тамирчин өрсөлдөж байна. Мөн 74 кг-ын жинд Э.Энхтулга Тайландын тамирчин Пеерадер Сила-Онтой, 80 кг-ын жинд Б.Түвшинбаяр Туркийн Бурак Озан Каракатай эхний тоглолтоо хийнэ. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 17, 80 кг-ын жинд 12 орны тамирчин өрсөлдөх юм.
Харин зургадугаар сарын 12-нд эрэгтэйчүүдийн 87 кг-ын жинд Ө.Амартүвшин БНХАУ-ын тамирчинтай, зургадугаар сарын 13-нд эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Тэмүүжин БНХАУ-ын Жиявен Пэнтэй, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд И.Одсүрэн Оманы Юсра аль Шоукрстай эхний тоглолтоо хийх сугалаа татжээ.
Энэ удаагийн ДАШТ-д 40 гаруй орны 400 гаруй тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэйчүүдээс Б. Баатархүү, Ө.Амартүвшин, П.Тэмүүжин, М.Түмэнбаяр, Э.Энхтулга, Б.Түвшинжаргал, Б.Сэргэлэнбат нар эмэгтэйчүүдээс С.Янжинлхам, И. Одсүрэн, З.Оюунбилэг нарын зэрэг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Таеквондогийн оюутны ДАШТ зургадугаар сарын 14-нд дуусна.
Б.БИЛЭГ