Монголыг Монголтой нь талцуулдаг МАНжуудын арга мэх нарийн. Монгол аймгууд өвөр зуураа өсөрхөн тэмцэхэд үргэлж ээлжлэн турхирч, нэгийнх нь эсрэг нөгөөтэй нь хүч хавсарч байсан нь Тан, Зүрчид, Мин, Манжийн үед олон зуун жилээр давтагдаж байсан билээ. Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлддэг нь нүүдэлчдийн гэм биш зан. Ардчилсан хувьсгалын эхэнд цууриатсан “Бүү март! Мартвал сөнөнө” уриагаа одоогийн Ардчилсан нам байн байн умартан, хуучны МАХН, одоогийн МАН-ын хаясан ясыг үмхэж хагарч бутарсаар ирсэн. “Элсний 13”-ын бүлэг, МАН-ын өсөрхсөн тоглоомын үр дагаварт 1996 онд төр барих эрх авсан ч дөрвөн Засгийн газраа хөмрүүлж, 2000 оны УИХ-ын сонгуульд эвсэл нь салж, гурван нам болж ороод ганцхан суудалтай үлдэж байлаа. Ардын хувьсгалын долоо гэдэг уран сайхны кино байдаг бол Ардчилсан хүчинд долоон лидер үнэхээр байв. Тэднээс С.Зориг тусдаа нам байгуулаад л гарч байв. М.Энхсайхан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дэмжлэггүйгээр “бие даан” нэр дэвшсэнийхээ дараа салж одсон.
Баабар 2000 оноос улс төрөөс үндсэндээ гарсан. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гурав намынхаа гал тогоонд, Да.Ганболд улс төрөөс хол хөндий байдлаар үлджээ. Эв нэгдлийн их хүчийг туулж мэдэрсэн МҮАН, МСДН, МоАН 2000 онд эргэн нэгдсэнээр 2004 онд тэнцэж, 2008 онд эвсэл задарсанаар хожигдож, 2012 онд эв нэгдэл дээр тулгуурлан хожсон юм. 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллын долоогийн нэг Ц.Элбэгдоржоо хоёр санаагүй дэмжин дараалан ялж, 2012 онд анх удаа орон нутагт дийлэнхид нь засгийн эрх барих мандат авсан. Ардчилсан нам дөрвөн сонгуульд дараалан ялсан анхны тохиолдол, түүхэндээ ард түмний итгэлийг бүх түвшинд хүлээсэн, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын дарга нэгэн зэрэг төрсөн хамгийн таатай, басхүү их хариуцлагатай үедээ байна. Ардын намын хориод жил хийгээгүй, үнэндээ бол долоон буудлын Должин эмээ нар бурханы оронд ар араасаа одсоор байхад очих нь бүү хэл олж хараагүй, овоолж орхисон хур бэрхшээлийг туулах, тэгэхдээ “эх оронч”-дын эх орноо хорлосон гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн, долларын ханш өссөн, Монголд бүтээдэггүй, цөөхүүл нь илт хожиж, олуулаа хохирсоныг сууриар нь засах үүргийг АН хүлээсэн. МАН хорь гаруй жил засаглахдаа 21 аймгаа замаар холбоогүй, хөдөө орон нутагт оношилгооны төв ганцыг нээгээгүй, цементийн үйлдвэрийн тууз хайчлаагүй, өөрсдөө улс, аймаг, сумаасаа баян болсонд нь ард түмний итгэл алдарч, засгийн эрхээс буулгасан шүү дээ. Гэнэтхэн нэг нартай өдөр гараад ирсэн МАН, Монголын эдийн засгийн хүндрэл биш. Өөрсдөд нь боломж, үүрэг, цаг хугацаа байхад хийгээгүй бүхний үр дагавар өнөөдөр гарч байна. Монголд бүтээдэг, үйлдвэрлэдэг байсан бол Чингис хааны хөрөгтэй монгол төгрөг доллар, юаньд эх нутагтаа дарлуулахгүй л байлаа. Хорин жил нээгдээгүй хөдөөгийн оношилгооны төвийг хүндрэлтэй үед ч байгуулсан нь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах сэтгэл зүрхтэйн бодит давуу тал. Зэс, нүүрс үнэтэй байхад ийм ажил хийгээгүй хүмүүс ард түмэнд биш өөрсөддөө гомдох ёстой.
Зөвхөн зэсэнд ноогдуулж, Эрдэнэтээс илүү өгөөж хүртэх зорилготой санаачилсан Гэнэтийн ашгийн хуулинд алтыг нэмж хавчуулсан, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар ураны эсрэг хүн болж УИХ-ын сонгуульд дахиж ялах гэсэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хэрэгжих боломжгүй Урт нэртэй хуулийг хэн, аль нам гаргасан юм бэ? Тэр бүхний эцэст юу болов? Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хэн нь ажил хийж, хэн нь чангааж, хэн нь бизнес эрхлэгчдээ дэмжих хууль санаачилж, хэн нь унагаж байгаа вэ? Эдийн засгийн хүндрэлийн уг суурийг тавьсан улс төрийн хүчин өөрсдийнхөө “нүгэл” дээр дөрөөлөн, өнөөдөр АН-ыг бутаргах гэж байна.
Ардчилсан нам таван фракц дээр тулж тогтдог нь үнэн боловч гар гараа барилцахаараа ялдаг, бие биеээ хаяж тав давах гээд үзэхээрээ ялагддагийг бид маш сайн мэднэ. МАН-ын сурсан тоглоом, АН-ын ухаарч ханадаггүй түүх өнөөдөр давтагдаж эхэллээ. ҮХАА-н сайдад МоАХ-ны Ш.Түвдэндоржийг намын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь бүлэг ардчилсан саналын олонхоороо дэмжсэнийг “Алтангадас”-ын явуулга гэж үзэх үндэслэл алга. Дотроо санал бодлоо уралдууллаа, олонхоороо шийдлээ, цөөнх болсон нь хүндэтгэлээ гэдэг зарчмаар явахын оронд гараад хэвлэл сониноор хэрэлдэж, бусдад олз өгөөш өгвөл яадгийг бид өөрсдийнхөө шинэхэн түүхээс мэднэ. Нэг фракц явуулгадахаар бусад нь дуугүй дагадаг нам ч биш. Гүйцэтгэх зөвлөлд ч, бүлэгт ч Алтангадас олонх биш. Ардчилсан хувьсгалд анхнаас нь ах дүүгээрээ оролцсон, Батлан хамгаалахын сайд, намын генсек байсан, тавь дөхөж яваа Ш.Түвдэндорж адилхан сургууль төгссөн МАН-ын У.Хүрэлсүх, эсвэл Т.Бадамжунайгаас доор орохгүй. Жагсаалтаар сонгогдсон Ш.Түвдэндорж давхар дээлээ тайлах ч боломжтой.
Ерөнхийлөгчийн санаачилга бодитой хэрэгжих боломж эндээс эхлэх ч магадлал бий. Ардчилсан холбоог устгах “Алтангадас”-ын төлөвлөгөө юу? Ардчилсан холбоог “Алтангадас”-тай нь, МҮДН, “Шонхор”, “Нэг ардчилал”-тай нь хамтад нь, АН-ыг сүйрүүлэх МАНжуудын бодлого уу? Ардчилсан холбооны дайсан нь Н.Алтанхуяг биш. Алтангадасын дайсан Х.Баттулга ч биш. Ардын намтай нэг хэсэг нь нийлэхээр л Ардчилсан нам балардаг. Ардчиллын дайсан бол хоорондын хагарал бутрал, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл шүү дээ.
АН-ын гишүүн Б.Болор