УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлснийг Эдийн засаг, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудал сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа нь мэдээж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлж, дан дээлтэй болсноос хойш ҮХАА-н яамыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хавсран хариуцаж байгаа. Хаврын тариалалтаас эхлээд хөдөө аж ахуйн салбарынхны хувьд сааль сүүний цаг эхэлж байгаа болохоор салбарын сайдыг томилох зайлшгүй шаардлага тулгарсныг хүн бүр л хэлж байна. Гэвч энэ асуудалд АН олон нийт болон төрийн тэргүүнээс эсрэг байр сууриар хандаж, давхар дээлээ тайлъя гэсээр байтал дээл давхарлаж өмсөх хүнийг санал болгож буй нь асуудлыг гацаахад хүргээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх засаглал, түүнд хяналт тавих парламентын засаглал нь тусдаа байх ёстой гэсэн зарчим баримталж, “Давхар дээл” тайлах төслийг УИХ-д өргөн барьсан ч олонхийн гишүүд энэ төслийг илбэж аваад унагааж дөнгөсөн. Унагаагаад зогсохгүй одоо бас нэг хүнийг давхар дээл өмсүүлэхээр улайран зүтгэж байна.
ҮХАА-н сайдыг томилох асуудал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан ч Засгийн газраас зүгээс дараагийн сайдын нэрийг өргөн бариагүй байсан учраас долоо хоногоор хойшилж, өнөөдрийг хүрсэн юм. Шинэчлэлээс ухарсан гэх тодорхойлолтыг өөрөө өөрсөддөө авчирч наасан АН-ынхан энэ шийдвэрээ цааш явуулах эсэхийг өнөөдөр болох Байнгын хороодын хуралдаанаас харж болно.
Нийгэм даяар “давхар дээл”-тэй дарга нараас татгалзаж, өмнөх сайд нь хүртэл ийм шалтгаанаар сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөөд байхад ҮХАА-н сайдад нэр нь яригдаж буй Ш.Түвдэндорж гишүүнийг сайд болсныхоо дараа УИХ-ын гишүүнээсээ таталзах юм гэнэ гэх бор шувуу энэ хооронд бас нисч амжсан. Хэрэв Ш.Түвдэндорж гишүүн сайдын суудлаа сонгож, гишүүнээсээ татгалзвал намын жагсаалтын дараагийн гишүүн УИХ-ын танхимд орж ирнэ гээд улс төрийн хүрээнд үйл явдал өрнөж болох юм. Гэвч буруу ч, зөв ч өөрсдийнхөөрөө зүтгэж, бүхнийг хүссэнээрээ шийдэх гэдэг болсон эрх баригч хүчнийхнийг ийм тохироо хийсэн гэхэд эргэлзэх хүн олон бий.
Өнөөдөр олны анхааралд байх өөр нэг гишүүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юм. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн Н.Батбаярыг чөлөөлөх буюу Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-аас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон эдийн засгийн хүндрэлдтүүнийг буруутгай гэж үзэн огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ. Гэвч Н.Батбаяр сайд болон АН-ын зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах үндэслэл байхгүй, огцруулах шаардлагагүй гэсэн тайлбарыг хийсээр бас л цөөнгүй хоног өнгөрлөө.
Хуулийн дагуу бол өнгөрсөн долоо хоногт Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч сайд өөрөө өвчтэй байсан учраас огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, өнөөдрийг хүргэсэн юм.
Сөрөг хүчин төдийгүй АН дотор Н.Батбаяр сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэх гишүүд олон байгаа бөгөөд дараагийн сайдад АН-ын гишүүн Р.Амаржаргалыг “нэр дэвшүүлсэн” сурагтай. Чухам Н.Батбаяр сайдыг дан дээлтэй болгож, Р.Амаржаргал гишүүнийг “давхар дээл”-тэй болгох уу, эсвэл олонх Эдийн засгийн хөгжлийн сайдаа авч үлдэх үү гэдэг асуултын хариу бас л өнөөдөр нэг тийш болох учиртай.
НЭМЭЛТ: 10.10 цаг
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо хамртран хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас ҮХАА-н сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлснийг хамтарсан Байнгын хороо дэмжлээ. Хуралдаанд оролцсон 22 гишүүнээс 19 нь түүнийг томилох асуудлыг зөвшөөрч, дэмжжээ. Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлснийг Байнгын хороо дэмжсэн учраас энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар түүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.
НЭМЭЛТ: 11.00 цаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол, Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төсөл, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнээс Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа хэлэлцэх горимын саналын дагуу хойшлуулав.
Үүний дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурьджээ. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан байгаа. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байгаа тул хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэв. Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 нь дэмжсэнээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа.
Ш.ОЧ