Манай мөнхийн хоёр хөршийн эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч байна. Тухайлбал, 2008-2013 оны хооронд Хятад, Оросын хооронд хийсэн худалдаа 80 хувиар өсч, 68 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Цаашлаад 2020 он гэхэд энэхүү үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус хоёр улс өнгөрсөн сард 400 тэрбум ам.долларын хийн гэрээн гарын үсэг зурсан билээ.
“Хулгайчийг бариарай” гэж хулгайч хашгирдаг гэнэ лээ. Хүмүүсийн анхаарлыг өөр зүгт чиглүүлж байгаад өөрөө зугатах гэсэн нэг арга заль гэж хэлж болох биз. Яг үүнтэй адилхан үйл явдал Монголын улс төрд өрнөж байна.
Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал тун хэцүүхэн байгааг МАН-ынхан сонгуулийн дараа л мэдэрч эхлэв үү гэлтэй. Манай улстөрчдийн ганц танил нь болчихоод байгаа, байсхийгээд л амьдралыг нь жишээ болгон парламентад ярих дуртай долоон буудлын Должин эмээ ядуухан амьдарч байгааг тэд саяхан олж харсан юм байх. Магадгүй тэр эмээ насаараа ядуу, зүдүү амьдардаг байсныг, сарын тэтгэврийнх нь мөнгөөр үдийн цай уучихдаг улстөрчид үнэндээ яаж ч ойлгох билээ. Ядуугийн зовлонг баян хүн, баян хүний зовлонг ядуу нь ойлгохгүй гэж нэг үг бий.
Дотоодын зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өглөө сэрэхэд л нэмэгдчихсэн юм биш. Үнэ өсөх шалтгаан нь аль эртнээс бүрэлдчихсэн байсан хэрэг. Монголын дотоодын зах зээлд үүсээд байгаа үнийн өсөлт, мөнгөний хомсдол зөвхөн энэ хоёрхон жилд бий болчихсон асуудал биш юм. Өнгөрсөн жилүүдэд монголчууд бусдын итгэлийг алдаж хууль тогтоомж, бодлогын тогтвортой бус байдлаараа дэлхийд “зард” гарсны үр дүн нь эдийн засагт “цус алдалт” хэлбэрээр илэрч байна. Өлөн зэлмүүхэн амьдралтай, сардаа ганц удаа махтай хоол буцалгаж иддэг айл манай Монголд олон байгаа. Дөчин таван сая малтай хэрнээ гуравхан сая хүнийхээ хэрэгцээг хямдхан махаар хангаж чадахгүй, махны үнэ магнаг болсон явдал хэзээнээс билээ. Газар, орон сууны үнэ авлига шингэснээс хаданд гарч, төрөөс “40 мянган айлын орон сууц”, 4 мянган айлын төрийн албан хаагчдын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” гээд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болгонд орон сууцны үнэ 50 хувиар өсч байна. Өнөөдөр хамгийн багадаа гэхэд орон сууцны нэг метр квадрат нь хоёр сая төгрөгт хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн уналтууд гэнэтийн тохиолдол бус, төр засгийн бодлогын алдааны уршиг нь ужгирсаар өвчин нь хамгийн хүнд хэлбэртээ шилжсэний шинж тэмдэг юм. Ямар учраас өнгөрсөн хугацаанд төмөр замаа барьж чадалгүй монголчууд өнөөдрийг хүрэв. Юунаас болж орон сууцны үнэ хөөсрөх болов, сар болгон иргэддээ тараасан мөнгө ямар үр дүнд хүргэж, яаж эдийн засгийн хямрал нүүрлэсэн бэ гээд хөөвөл олон юм болно. Яагаад Лаос, Кампуч, Мьямар болон Гвинейд хөрөнгө оруулалт нэмэгдэж байхад манай улсад орж ирж буй долларын хэмжээ буурах болов. Яагаад гэвэл монголчууд бусдын итгэлийг аль хэдийн алдчихсан. Байсхийгээд л парламент нь хуулиа сольж, өөрчилдөг, бодлого нь тодорхойгүй, тоглоомын дүрмээ мэддэгүй болохоор Монголоос зугатсан хөрөнгө оруулагчид Мьямар, Кампучийг зорих болсон хэрэг шүү дээ.
Үнэндээ сөрөг хүчин болгон ард түмний амьдралыг улс төрийнхөө тоглоомд татан оролцуулдаг ч чухамдаа иргэд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хоосон хонох эсэх падлий ч байхгүй. Зүгээр л масс таалагдахын тулд наашаа харж инээж, цаашаа харж салаавч үзүүлдэг нь улстөрчдийн нийтлэг зан. Харамсалтай нь, тэдний хэрүүл, үл ойлголцол эдийн засагт орж ирэх хөрөнгийг царцаах тусам урд түмэн хоосон хоноход хүргэж буй гол шалтгаан нь. Энэхүү гол шалтгаанаа олж харахгүйгээр бусдыг буруутгаж байгаа Монголын улстөрчид “хулгайчийг бариарай” гэдэг хулгайчтай л адилхан харагдах боллоо. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар найман сая тонн нүүрс экспортолсон нь нүүрсний экспорт тун сайнгүй байгааг харуулж буй нэг үзүүлэлт. Энэ нь Монгол Улс гадаад зах зээл дэх өрсөлдөөн булан шахагдаад эхэлснийг харуулж байна. Төгрөгийн ханш 30 хувиар суларч, ам.доллар 1835 төгрөгт хүрлээ. Энэ бүхэнд Монголын улстөрчид бүгдээрээ буруутай.
Энэтхэгийн нэгэн үлгэрт “Хулгайчийг бариарай. Бариад ав” хэмээн хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг хуруугаараа заан хашгирч эхлэв. Хүмүүс ч гэм зэмгүй нэгнийг хөөсөөр одсон ба харин хулгайч тэднийг ээлжит төөрөгдөлдөө оруулж орхиод өөрөө зугадан оджээ” хэмээн өгүүлсэн байдаг. Ингэхэд “Хулгайчийг бариарай” гэдэг үгийг зөвхөн хулгайч хэлдэг гэж бодож байна уу? Улстөрчид, популистууд, эх орончид бүгдээрээ ингэж хашгирдаггүй гэж үү.
Ж.ЭРХЭС