Уран бүтээлчид хүнийг хөндөх болсон

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчид хүнийг хөндөх болсон

Зураач Т.Энхболд байгалийн материал ашиглаж, үйлдлийн урлагаар бүтээл туурвидгаараа бусад уран бүтээлчдээс ялгардаг. Түүний “Олборлолт” уран зургийн үзэсгэлэн 976 галерейд үргэлжилж байгаа юм. Зураачийн уран бүтээл хийх шийдэл, санаа, өвөрмөц зургуудын талаар ярилцав.

-“Цагаан сэтгэл” гэж бүтээл их анхаарал татлаа. Торго ашигласан юм уу?

-Хүмүүс их анхаарал хандуулдаг юм. Цэнхэр нь торго биш хадаг байгаа юм. Нэг талыг нь хадаг, нөгөө талыг нь төмрийн зэв ашиглаж хийсэн бүтээсэн бүтээл.  Зэв гэдэг нь металийн үртэс биш шүү. Байгалийн элэгдлээр металь зэвэрч тоосонцор болж, байгальд шингэдэг. Төмөр өөрөө байгальд их шингэцтэй, хор хөнөөл багатай материал. Энэ бүтээл дээр зэвээр цардалт хийж өгсөн , анзаарч байгаа бол зурагт хөдөлгөөн ажиглагдана. Үүнийг дээр нь төмөр хавтангууд тавьж чийглээд, наранд хатаасан юм.  Уран зураг гэхээсээ илүү өвөрмөц шийдэлтэй бүтээл. Харагдах байдал нь илүү органик талдаа.

 

-Та бүтээлээ хийхдээ аргал, хомоол ашигладаг. Жишээ нь “Тал нутаг” гэж зурганд юу ашигласан бэ?

-Хомоол. Би ер нь бүтээлдээ хомоол түлхүү ашигладаг. Хавар, намар, зуны хомоол цуглуулна. Ийм бүтээл хийгээд байгаа миний санаа бол байгалийн гаралтай материал ашиглаж, түүгээрээ ямар нэгэн утга санаа илэрхийлэх явдал юм. Тийм бүтээлийг хэн ч харсан Монголын тал нутаг, байгаль санагдаасай гэж хичээдэг. Ер нь байгалийн амьд бүтээл, түүхий эд ашиглаж хийсэн бүтээлүүд цаанаа ямар нэгэн амьд агуулга, өгүүлэмжтэй байдаг.

-Байгалийн түүхий эдийг ашиглаж хийсэн бүтээлүүдэд их хугацаа ордог уу?

-Тухайн бүтээлээсээ л шалтгаална. Зарим бүтээл богино хугацаанд гарах боломжтой.

-Таны бүтээлүүдэд нэг тэмдэг байна. Ямар утгатай вэ?

-Миний байнга авч явдаг дөрөө юм. Миний тамга гэсэн үг л дээ. Бүтээлээ би тэр дөрөөгөөр тамгалдаг. Морь тамгалдагтай адилхан гэхүү дээ. Миний хувьд 2009 оноос хойш үйлдлийн урлагаар бүтээлүүдээ туурвиж байгаа. Өмнө нь үйлдлийн урлагийн талаар тодорхой мэдээллүүд байдаг ч яг өөрөө уран бүтээл туурвидаггүй байсан. 2009 онд би Ротердамд гурван сарын хугацаатай уран бүтээлч солилцооны хөтөлбөрт хамрагдсан юм. Тэгж явахдаа илүү уран бүтээл хийх сэдэл, санаа, мэдрэмж төрсөн гэхүү дээ. Тухайн үед би ачаандаа багтаагаад жижиглэчихдэг, 20 кг жинтэй монгол гэр авч явж байлаа. Далайн эрэг дээр тэр гэрээ барьж, орон зайн хөдөлгөөнд оруулж, олон талын үйлдэл хийж үзэж байлаа. Далайтай харьцаж байгаа байдал гээд хөдөлгөөн бүрээс бүтээлийн санаа, мэдрэмж төрж болно. 

-Таны үзэсгэлэнд хонины гүзээ ашиглаж хийсэн бүтээл хүртэл байна. Та ер нь ийм зүйлсээр бүтээл туурвих санааг хаанаас авсан бэ?

-Би Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн юм. Холимог техникийг нилээн ашиглаж уран бүтээл хийдэг, туршиж үздэг байлаа. Жишээ нь, би модноос дардас авдаг байв. Олон төрлийн насны үечлэлтэй модноос харьцуулалт хийж, дардас аван, түүнийгээ зотон дээр нааж, дээрээс нь зургаа зурсан гээд сонирхолтой санаанууд бий л дээ. Ингэж байж матеариалын араншинг мэдэрч эхэлдэг.

 

-Байгальтай харицаж, тэр мэдрэмжээ уран бүтээлдээ ашиглана гэдэг их өвөрмөц шийдэл. Та тэр мэдрэмжээрээ бусдад юу хэлэхийг хүсдэг вэ?

-Хүн бүрт өөрт нь дотоод мөн чанартай холбоотой мэдрэмж төрдөг. Өнөөдөр бид орон зайн хувьд ч тэр маш их хязгаарлагдмал байна. Байгальтайгаа ойр байх мэдрэмжийг өөрийн эрхгүй л хүмүүс хүсч байдаг. Түүн рүү ойртуулахыг нь бүтээлээрээ өдөөхийг зорьдог.

-Сүүлийн үед бүх төрлийн урлаг хүний дотоод ертөнцөд хандаад байх шиг?

-Уран бүтээлчдийн бүтээлүүд хүний сэтгэхүй, дотоод ертөнцөд хандаж байгаа нь үнэн. Ерөнхийдөө уран бүтээлчдийн хөндөж байгаа сэдэв хүний дотоод хөдөлгөөн  рүү хандаж байгаа. Ер нь аль ч газрын уран бүтээлчид адилхан шүү. Гэхдээ дийлэнх нь хүн гэдэг асуудлыг хөндөж байгаа. Хүнээс гармааргүй олон үйлдэл байна шүү дээ, харин уран бүтээлчид маань жаахан хар бараан зүйлсээс гарч гэрэл гэгээтэй зүйлийг олж хараасай л гэж боддог доо.

-Та хэр дотоод ертөнцийн зөрчилтэй хүн бэ?

-Би их зөрчилтэй. Тэр зөрчилдөөн дундаас л миний бүтээл гарна шүү дээ. Өөрийн хийсэн үйлдлээсээ эргээд өөрийгөө олдог.

Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж