Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж бөгөөд эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яригддаг, агаар, ус, газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний хүчин зүйлсийг хамардаг.
Аюулгүй орчин нь нийгэм-улс төрийн шинжтэй ойлголтыг илэрхийлэх бөгөөд үүнд наад зах нь нийгэм-улс төрийн шинжтэй хүчирхийллээс ангид байх, хүчирхийллийн үед төрийн онцгой бүрэн эрхийг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлэх, олон нийтийн хэв журмыг хангах, бие махбодийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүрдүүлэх зэргийг ойлгож болно. Харин энэ удаад эрүүл орчинд амьдрах хүний эрхийн тухайд тусгайлан авч үзье.
1962 онд хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр идэвхийлэн ажилладаг судлаач Рэйчел Карсон “АНУ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө хувь хүн, эсвэл төрийн зүгээс тархааж болзошгүй аминд халтай хорт бодисоос ангид байх баталгааг бүрдүүлэх нь зүйд нийцнэ.” гэсэн нь эрүүл орчинд амьдрах эрх байх ёстойг илэрхийлсэн анхны дохио болсон гэж үздэг.
Үндсэндээ хүний эрүүл орчинд амьдрах эрхийг онцлон хамгаалах шаардлага нь дэлхий нийтийг хамарсан хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс үүдэлтэй хямралаас эхтэй юм. 1967 онд Английн өмнөд хэсэгт Торри Канион тээвэрлэгч хөлөг онгоц их хэмжээний газрын тос далайд асгаснаас болж далайн амьтад ихээр сүйдсэн төдийгүй 15 мянга гаруй шувуу үхсэн томоохон гамшиг тохиолдсон,1969 онд АНУ-д болсон Куяахога голын бохирдлоос үүдэлтэй гамшиг зэрэг нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж улмаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнээс хойш эрүүл орчинд амьдрах эрхийг бүрэн утгаар нь бий болгох, төлөвшүүлэх ажлын хүрээнд үндэсний хууль тогтоомжид уг эрхийг баталгаажуулах, бусад эрхтэй харилцан хамаарлыг тогтоох, төрийн болон нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль, орчны өөрчлөлтөд өртөгч бүлгийнхнийг хамгаалах бодлогыг бий болгох зэрэг ажлыг олон улсын болон бүс нутгийн түвшинд хийсээр иржээ.
Эрүүл орчинд амьдрах эрх нь хүний үндсэн эрх мөн эсэх тал дээр эрх зүйн онолын хүрээнд маргаан, мэтгэлцээн байнга өрнөдөг. Уг эрхийг хүний үндсэн эрх мөн эсэхийг тодорхойлохын тулд юуны өмнө хүний эрхийн тулгуур гурван шаардлагыг авч үзэх нь зүйтэй.
Хүний эрх нь нэгдүгээрт, түгээмэл буюу хүн бүр эдлэх боломжтой байх, хоёрдугаарт, ёс суртахуунд үндэслэсэн буюу тодорхой үндэстэн, төр засаг, эсвэл эрх зүйн тогтолцоо хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран хэрэгжих боломжтой байх, гуравдугаарт, хүний эрхэмсэг оршихуйг хангахад чиглэсэн байх үндсэн шаардлагыг хангах учиртай.
“Ёс суртахууны төсөөллөөр бол хүн бүр эрүүл мэнд, сайн сайхандаа шаардагдахуйц хүрээлэн буй орчинд амьдрах үндсэн эрхтэйбайх нь маргаангүй” ,“цэвэр агаар, цэвэр ус, хүрэлцээтэй хоол хүнс нь хүний суурь эрхийн нэг мөн” гэж цөөнгүй судлаачид үзсэн ба хамгийн чухал нь “хүрээлэн буй орчныг амьдралын үндсэн нөхцөл, хүний эрхэмсэг оршихуйд зайлшгүй хэрэгтэй, бусад эрхийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлс гэдэг утгаар нь ойлгох ёстой” гэсэн байна. Харин энд нэмж дурдахад цөөн тооны судлаачид “Цэвэр агаар гэх мэт хүсэл эрмэлзэл нь эрх гэхээсээ илүүтэй зорилго юм” гэсэн тайлбарыг хийжээ.
Үүний хариуд уг эрхийг хамгаалагчид хэлэхдээ, хүний эрх нь түүхэн цаг хугацааны туршид хувьсч өөрчлөгдсөөр ирснийг боолын худалдааг халсан, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй адил тэгшгэдгийг хүлээн зөвшөөрсөн, ижил хүйстний гэрлэлтийг баталгаажуулсан зэрэг жишээнээс харж болно гэдэг. Орчин үед ерөөс хүний эрхийг чухал, чухал бишээр ялгах нь зохимжгүй гэж үзэх болжээ. 1993 оны НҮБ-ын Хүний эрхийн тухай Венийн тунхагт энэ чиг хандлагыг дэмжсэн байдаг. Уг тунхагт “Олон улсын нийгэмлэгийн зүгээс хүний эрхэд адил тэгш, ялгаваргүй хандах ёстой.” гэсэн байна.
Монгол Улс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуульдаа баталгаажуулсан нь олон улсын зарчим, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг бөгөөд хүрээлэн буй орчны эрхээр дагнан судалдаг Т.Хэйвордын тодорхойлсончлон уг эрхийг үндсэн хуульчлах шаардлага нь нэгдүгээрт, хүний үндсэн эрх бүрийг үндсэн хуулиар хамгаалдаг, хоёрдугаарт, ёс суртахууны ач холбогдол болоод бодит практикттодорхой эрхийг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзах, гуравдугаарт, логик дарааллын хувьд дээрх хоёр дүгнэлт дээр үндэслээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх угаас үндсэн хуулийн хамгаалалт дор орших ёстойг илэрхийлж байна гэж үзсэнтэй санал нэг байна.
Хүний аливаа эрхийг амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явцыг энгийнээр тайлбарлавал эхлээд тодорхой эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах, хоёрдугаарт, салбарын хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулах, гуравдугаарт, хууль хэрэгжүүлэх байгууллагууд дүрэм журам баталж мөрдүүлэх, дөрөвдүгээрт, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллагууд түүнийг хэрэгжүүлж ажиллах, тавдугаарт, хувь хүн, бизнес, иргэний нийгэм, төрийн бүх шатанд буюу нийгмийн төлөв байдалд өөрчлөлт илрэх, эцэст нь буюу зургадугаарт, амьдрал дээр үр дүн нь илэрч гарах явдал болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныгх амгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах эрх зүйн үндэс тавигдсан юм.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, түүний нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэхийн хэрээр иргэдийнэрүүлорчиндамьдрахэрх хөндөгдөж байгаа тул төрөөс тодорхой бодлого, шийдвэр цаг алдалгүй гаргаж, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, тодорхойлох, хяналт тавих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэргээр байгаль, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байх ёстой юм. Амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах үндсэн баталгаа нь эрүүл, аюулгүй орчин бөгөөд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах явдлаас төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг. Төр энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас хамааран амьд явах эрхийн хэрэгжилт хангагдах, эс хангагдах тухай асуудал яригдах учиртай юм.
Г.Агар-Эрдэнэ
/www.mongolforum.mn цахим хуудаснаас бусад нийтлэлүүдийг үзнэ үү/