Шинэ терминаторыг хүлээсэн Шварценеггер эхнэрээсээ салав

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Шинэ терминаторыг хүлээсэн Шварценеггер эхнэрээсээ салав

Арнольд Шварценеггер түүний эхнэр Мария Шрайвер салж буйгаа нийтэд зарлав. Шрайвертай гэрлэсэн нь тухайн цагтаа австр гаралтай кино жүжигчинг АНУ-ын хамгийн алдартай улс төрийн “отогт” оруулж өгсөн билээ. Шварценеггерийг Калифорни мужийн захирагчийн тушаалаас огцроод таван сар өнгөрсний дараа 25 жил хамтран амьдарсан хосууд салан сарниж байна.
Калифорнийн захирагч асан Арнольд Шварценеггер түүний эхнэр Мария Шрайвер салж байгаа албан ёсны мэдэгдлээ The Los Angeles Times сониноор дамжуулан хийлээ. Энэ мэдэгдлийн дараа Шрайвер хуримын бөгжөө зүүхээ больсныг сэтгүүлчид анзаарав.
Энэ цаг үе нь бидний хэнд нь ч хувийн болон мэргэжлийн том ололтын үе байлаа гэж Шварценеггер, Шрайвер хоёр хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэжээ. “Удтал цэгнэн үзэж, хамтран бодож, ярилцан, мөргөл хийснийхээ дараа бид энэ шийдвэрийг хамтран гаргасан юм” хэмээн тэд мэдэгджээ.
Хосууд найз нөхөд хэвээрээ үлдэж буйг ч мөн хэлсэн байв. Сонины мэдээгээр Швайвер хэдэн долоо хоногийн өмнө хамтын орон гэрээсээ явсан байжээ.
 
Тэгш бус гэрлэлт

Шварценеггер Шрайвер хоёр 1977 онд теннисийн буяны тоглолт дээр танилцжээ. Тэр үед австри гаралтай залуу кино жүжигчин болох замаа дөнгөж эхлээд байлаа. Шрайвер нэлээд нэртэй телевизийн сэтгүүлч болсон байжээ. Тэдний 1986 онд бүртгүүлсэн гэрлэлтийг олон хүн тэгш биш хэмээн тооцож байсан гэдэг. Шрайвер нь Америкт хамгийн алдар нэртэй улс төрийн отог болох Кеннедийн бүлийн төлөөлөгч байв. Тэрээр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгчийн үеэл зээ юм. Үүнээс гадна Кеннедийн бүлийн хүн учраас Шрайвер Ардчилсан намын талыг баригч, харин Шварценеггер нь жинхэнэ бүгд найрамдахч байлаа.
Шварценеггер 2000-аад оны эхээр улс төрийн карьерын тухай ярьж эхлэхэд өөрийн авгын гунигт түүхийг сайн мэдэх Шрайвер эсрэг байлаа. Гэвч тэрээр 2003 онд өөрийн нэрийг мужийн захирагчид дэвшүүлэхэд эхнэр нь нөхрөө дэмжихээс өөр аргагүй болсон байлаа. Мужийн захирагчийн суудлын төлөөх тэмцэл ид өрнөн Шварценеггерийн сексийн дуулиан гарч ирэхэд Шрайвер түүний талд баттай зогсон өмөөрч байлаа. Нөхрийгөө захирагчийн тангараг өргөсний дараа  “Пибоди”, “Эмми” зэрэг нэр хүндтэй шагналын эзэн эмэгтэй мэргэжлийн ажлаа орхисон байлаа.
Шварценеггер захирагчийн тушаалаа өгснөөс таван сарын дараа тэд салж байгаа нь тодорхой болов. Экс захирагч өмнө нь киноны карьертаа эргэн орохоор зарласан байв. Тэрээр олны шүтээн болсон “Терминатор” киноныхоо үргэлжлэлд оролцохыг үгүйсгэх аргагүй. Тэр кино жүжигчинд дэлхийн алдрыг авчирсан билээ.  
Шрайвер телевиздээ эргэн ирэх эсэх талаар мэдээлэгдээгүй байна. Одоогоор тэр буяны үйлст зүтгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж