TEPCO зургаан тэрбум долларын хөрөнгөө зарна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

TEPCO зургаан тэрбум долларын хөрөнгөө зарна

Өнгөрөгч гуравдугаар сард цунамийн гамшигт нэрвэгдсэн “Фүкүшима-1” атомын станцын оператор TEPCO компани 500 тэрбум иен буюу зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө зарж, атомын гамшигт нэрвэгдсэн хүмүүст олгох нөхвөртөө нэмэлт хөрөнгө цуглуулахаар шийджээ. Энэ талаар өөрийн эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн Киодо агентлаг лхагва гаригт мэдэгдсэн байлаа.

Тухайлбал, ТЕРСО компанийн эзэмшдэг теле харилцааны KDDI Corp компанийн хувьцаа болон өөрийн үл хөдлөх хөрөнгө ба ТЕРСО-гийн үндсэн үйл ажиллагаанд хамаагүй салбаруудаа зарах гэнэ. Үүний зэрэгцээ хувьцааны ашгийг олгох хэмжээгээ 5-10 жилийн хугацаанд бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн мягмар гаригт TEPCO АЦС-ынхаа ослын байдлын улмаас үүссэн гэнэтийн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Засгийн газраас албан ёсоор тусламж хүсчээ.
Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-нд станцын эргэн тойрноос нүүлгэсэн хүмүүст олгох нөхвөрөөр хийсэн TEPCO компанийн төлөвлө­гөөг Засгийн газар нь дэмжсэн байлаа. Тэр төлөвлөгөөний дагуу нөхвөрийн хэмжээ нь 50 тэрбум иен байсан ба нэг гэр бүл сая иен авах ёстой байлаа. Ганц бие хүмүүс тус бүрт 750 мянган иен өгөх юм байна.
Японы зүүн хойд хэсэгт гуравдугаар сарын 11-ний өдөр 9.0 магнитудтай сүйрлийн газар хөдлөлтийг дагалдсан цунамийн улмаас “Фүкүсима-1” атомын станцад хөргөлтийн системд гарсан эвдрэлээс үүдэн цуврал осол гарсан билээ.
Энэ ослоор АЦС-аас цацраг идэвхт бодисын хаягдал агаар мандалд гарч, хүмүүсийг станцын ойролцоох 20 км-ийн бүсээс нүүлгэсэн юм. Мөн эрх баригчид хүмүүсийг 30 км-ийн бүсээс нүүх зөвлөмжийг гаргасан байлаа.
Хожим Японы зарим районуудад цацраг идэвхийн бохирдол йод, агаар, ундааны ус болон хүнсний бүтээгдэхүүнээс илэрч байлаа.
Оператор компани TEPCO ослын станцуудын эрчим хүчний блокт байдлыг 6-9 сарын дотор тогтворжуулахаар амласан байна. Станцын ойролцоо цацрагийн бохирдлыг гурван сарын дотор эрс бууруулна гэсэн юм.
Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын Японы агентлаг (NISA) дөрөвдүгээр сарын 12-нд “Фүкүшима-1” атомын станцын аюулгүйн төвшинг долоон баллын шаталбараар хамгийн өндөр долдугаар зэрэглэл гэж зарласан юм. Аюулын тийм төвшинг өмнө нь Чернобылийн станцын осолд 1986 онд өгч байлаа.

Дээд хэмжээний уулзалтаа Фүкүшимад хийх саналыг тавьжээ

Японы ерөнхий сайд Наото Кан Фүкүшима хотноо уулзалт хийх саналыг Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябао, Өмнөд Солон­госын ерөнхийлөгч Ли Мен Бак нарт хүргүүлжээ. Тэнд уулзалт хийс­нээр Японд үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээс радиацийн өндөр төвшин илэрнэ гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудын зовиурыг арилгах зорилго тавьсан гэнэ.
Токио өөрийн саналыг хүргүүл­сэн ч Бээжин, Сөүл хоёр хариу өгөөгүй байна. Одоогоор Токио хотноо гурван талын дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 21-22-нд хийхээр тохиролцсон байгаа. Харин Кан энэ уулзалтыг Фүкүшимад нээх хүсэлтэй байгаа ажээ.
Лхагва гаригт Японы эзэн хаан Акихито ба хатан хаан Митико нар  Фүкүшима мужид очин учир байдалтай танилцжээ. Гурван талын уулзалтыг Японы Гадаад хэргийн яам зохион байгуулж байгаа ба хөтөлбөрийн дагуу тэд гамшигт нэрвэгдсэн бүсэд очих ёстой. Одоо АЦС-д ослын үр дагаварыг арилгах төгсгөлийн шатандаа ороод байгаа ажээ. 18

Операторын хохирол 12 тэрбум доллар

“Фүкүшима-1” атомын станцын операторын гуравдугаар сард дууссан төсвийн жилийн эцсийн дүнгээр нэг их наяд иенээс дээш гарчээ. Энэ тухай Японы ажил хэргийн Nikkei сонинд нийтэлснээс иш татан Agence France-Presse мэдээлсэн байлаа. Төсвийн жилийн эхний улиралд Tokyo Electric Power Co. компани 139,8 тэрбум иенийн орлоготойгоор дуусгасан юм.
Tokyo Electric Power Co. (Tepco) компанийн тайлан тавигдаагүй байгаа ч уг сонин түүнтэй танилцаж чадсан байна. Сонинд өгүүлснээр нэг их наяд буюу 12 тэрбум ам.долларын хохирол нь нөхвөрийг оролцуулаагүй осолтой тэмцсэн зардал гэнэ. Тайланд бичигдснээр станцын дөрвөн блокийг хаахад наад зах нь 600 тэрбум иен зарцуулж байгаа гэнэ. ТЕРСО компани Засгийн газарт тусламж хүсэн хандсаны дараагийн өдөр уг тайлан нийтлэгдсэн байна.
Tokyo Electric Power Co. (Tepco) компани нь дэлхийн эрчим хүчний томоохон компаниудын нэг бөгөөд Японы 44,6 сая хэрэглэгчдэд үйлчилдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж