Пакистаны Карачи хотын Жинна олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр /VI.8/ орой зэвсэглэсэн этгээдүүд дайрчээ. Зэвсэгт этгээдүүдийн эсрэг Пакистаны армийн цэргүүд таван цаг гаруй тулалдсаны эцэст нисэх буудлыг хамгаалалтандаа авсан байна. Тулалдааны үеэр халдлага үйлдсэн 10 этгээдээс гадна нэг цэрэг амь үрэгдэж, 14 хүн гэмтэж бэртжээ. Мөн халдлагын улмаас нисэх онгоцны бүх үйл ажиллагаа зогсож, ажилчид, зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Пакистаны албаныхны мэдээлснээр зэвсэглэсэн этгээдүүд нисэх онгоцны буудлын хамгаалалтын бүсэд хуурамч бичиг баримт ашиглан нэвтэрсэн гэнэ. Одоогоор зэвсэгт этгээдүүдийн халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
Үүнээс өмнө 2011 онд Пакистаны Мехран тэнгисийн цэргийн баазад зэвсэгт этгээдүүд халдаж байжээ. 17 цаг үргэлжилсэн тулалдааны улмаас 10 цэрэг амь үрэгдэж, хоёр нисэх онгоц сүйрсэн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: BBC