Хөгжлийн банкны хүрд эргэлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хүрд эргэлээ

Жил дамнан хүлээлгэсэн Хөгжлийн банк өчигдөр хаалгаа нээлээ. Шинэ тутам банк Сангийн яамны хуучин байранд байрлаж, зуны тэргүүн сарын шинийн 9-ний Дашнямтай сайн өдрийг сонгон нээлтийн тууз хайчилсан юм. Засгийн газар жил тойрон бужигнасны эцэст Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын багийг тодруулж, байраа бэлтгэснээр банкны үйл ажиллагааг эхлэх бэлтгэл хангагджээ. Хамгийн гол нь улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийг энэ банк гаргах юм. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар шийдэж, бондод нь баталгаа гаргах болсон байна. Хөгжлийн банкны хүрд эргэж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Хөгжлийн банкийг хэн удирдах вэ?

Банкны ерөнхийлөгчөөр солон­гос эрхэм ажиллана. Төрийн өмчийн хорооноос зарласан сонгон шалгаруулалтад БНСУ-ын Хөгжлийн банк буюу KDB шалгарснаар тус багийн хүн Монголын Хөгжлийн банкийг тэргүүлэх болжээ. Солонгосын удирдлагын багт найм орчим хүн байгаа бөгөөд үүнээс 4-5 нь Монголын Хөгжлийн банкны удирдлагад орж ажиллах юм байна. Тус банктай байгуулах гүйцэтгэх удирдлагын гэрээ хэлэлцээрийг ойрын хугацаанд багтаан дуусгахаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байна. Мөн банкинд хоёр улсын талын дэд захирал ажиллах юм байна. Юутай ч Монгол талын Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг ажиллуулахаар томилжээ.
Нэмж сонирхуулахад, гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх тухай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлах гэнэ. Нийтдээ тус банк 40 орчим ажиллагсадтай байх аж.
Хөгжлийн банкны ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй, үүний гурав нь хараат бус  гишүүн.  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ТУЗ-ийг даргалах бол гишүүнээр Б.Даринчулуун                              /ЗГХЭГ/, Ж.Ганбат /Сангийн яам/, Х.Володя /ТӨХ/, Б.Гэрэл /“Эрдэнэс МГЛ” ХХК, Б.Бямбасүрэн /хувийн хэвшил/ байна. Дээр дурдсан хараат бус гишүүнээр Б.Лхагвасүрэн /Мон­голбанк/, С.Дэмбэрэл  /МҮХАҮТ/, В.Шагдар­сүрэн /Банкны холбоо/ ажил­лах юм.
 
Бонд гаргахаар зөвлөгөө авч байна

Засгийн газраас хэрэгжүүлэх 26 бүтээн байгуулалтын жагсаалт гарсан бөгөөд эдгээрээс энэ ондоо дөрвөн төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Тус банк эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийг бондын арилжаанаас босгох юм. Өөрөөр хэлбэл, 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрсөн. Энэ нь “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол ёсоор таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх юм. Уг баталгааг өнгөрсөн сарын 26-ны өдөр гаргаж, Засгийн газар болон Хөгжлийн банкны удирдлагууд гарын үсэг зурсан. “Монголын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор анх удаа ДНБ-ний 9.8 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо” хэмээн С.Баярцогт сайд онцлон тэмдэглэснийг энд дурдъя.
Нээлтийн ёслолын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлаар Хөгжлийн банкны бонд гаргах ажил аль шатандаа явааг сэтгүүлчид сонирхож байв. Үүнд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун хариулахдаа:
-Урьд өмнө нь Монгол Улс олон улсын хэмжээнд бонд гаргаж байсангүй. Харин Хөгжлийн банк анх удаа Засгийн газраас баталгаажсан үнэт цаас гаргах гэж байна. Олон улсын болон дотоодын хөрөнгийн зах дээр бонд гаргах өндөр хариуцлагатай энэ ажилд олон улсын туршлагатай багийг сонгож зөвлөгөө авч байгаа. Үүнд Японы Хөгжлийн банкны баг шалгарсан ба тэд яг одоо Монголд ирж бидний гаргасан төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байна гэлээ.

Хөгжлийн банкийг Засгийн газар хянана

Хөгжлийн банкны гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэсгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийхийг зорьж буй юм. Иймээс тэргүүн ээлжинд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” болон авто зам болон эрчим хүчний шугам сүлжээг байгуулах гэсэн дөрвөн гол хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэ банкаар дамжуулан хэрэгжүүлэх юм. “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т иргэдийн хамгийн их хүсэн хүлээж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр багтсан байгааг нэмж дурдъя.
Дэлхийн цөөнгүй орны туршлагаас харахад Хөгжлийн банкны ирээдүй сайнгүй байдаг. Ийм замаар Монгол Улсын Хөгжлийн банк бас “будаа тээчих вий” гэсэн болгоомжлол ч хэн бүхэнд байдаг. Тиймдээ ч сэтгүүлчид асуултаараа энэ сэдвийг хөндсөн юм. Хөгжлийн банк Засгийн газрын шууд хяналт дор ажиллах ба Санхүүгийн зохицуулах хороо мөн байнгын хяналт тавих гэнэ. Харин Монголбанк болон бусад арилжааны банктай хамтран ажиллах гэнэ. Ийм тохиолдолд Хөгжлийн банкнаас гаргах их мөнгөний нийлүүлэлт эдийн засагт ямар ч нөлөө үзүүлж болзошгүй. Гэхдээ үүнээс сэргийлж, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Монголбанк, бусад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах ажээ.

Дэд захирал Л.Болормаа гэж хэн бэ?

Хөгжлийн банкны Монголын талын тэргүүн дэд захирал Лувсанбямбын Болормаа одоогоор нэгэн санхүүгийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг ба үүний зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байдаг байна.
Түүний CV-гээс товчхон сонирхуулахад, сүүлийн 14 жилийн турш олон улсын эдийн засаг, банкны салбарт ажиллажээ. Өмнө нь “Deutsche Bank”-ны Токио болон Нью-Йорк дахь салбарт эрсдлийн менежментийн зах зээлийн зөвлөх болон тус асуудлыг хариуцсан дэд захирлаар ажилласан байна.

Дүрмийн сан хэд байх бол…

Ерээд оны дунд үеэс анх яригдаж, 2009 оноос хүчтэй өрнөсөн Хөгжлийн банкийг байгуулах шийдвэрийг Засгийн газар 2010 онд албан ёсоор гаргаж дүрмийн санг нь баталсан юм.  Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг ивээн тэтгэж, улс орны хөгжилд гол түлхэц өгөх тус банкны дүрмийн санг 16,7 тэрбумаар тогтоосон бөгөөд жилээс жилд дүрмийн сангаа нэмэгдүүлэх явцтайгаар доод тал нь 100 тэрбумд хүргэхээр төлөвлөж буйгаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун мэдэгдсэн удаатай. Дүрмийн сангийн анхны хөрөнгийг төсвөөс гаргах юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж