Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразиль улсад хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. “Дэлхийн цом-д оролцох хөлбөмбөгийн багууд ч эхнээсээ Бразильд газардаж эхлээд байгаа ч хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн тоглолтууд болох Бразилийн Сао-Паоло хотын иргэдийг бухимдуулсан метроны ажилчдын ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн метроны ажилчдын цалинг 10 гаруй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй аж. Харин Сао-Паоло хотын метроны үйлчилгээ эрхлэгч компанийн зүгээс ажилчдынхаа цалинг 8.7 хувиар л нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Метроны ажилчдын ажил хаялтаас болж Сао-Паоло хотын 3.5 сая гаруй иргэн замын түгжрэл, уур бухимдал дунд хэд хоногийг өнгөрөөж буй юм.
Өмнө нь Дэлхийн цом зохиогдох Бразилийн олон хотод сүүлийн хэдэн долоо хоногт автобус, нийтийн тээврийн ажилчид, багш, цагдаа зэрэг алба хаагчид цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зохион байгуулжээ. Сао-Паоло болон Рио-де-Жанейро хотод өнгөрсөн тавдугаар сард 48 цаг үргэжилсэн автобусны жолоочдын ажил хаялтын улмаас олон мянган хүн ажлаа таслахад хүрч байсан юм. Мөн Бразилийн 14 мужийн цагдаагийн албан хаагчид цалингаа нэмэхийг шаардан 24 цаг ажил хаяж байжээ.
Бразиль улс нь Дэлхийн цомын дараа Рио-де Жанейро хотноо 2016 оны Олимпыг зохион байгуулах эрхийг авсан билээ. Гэвч ард иргэдийн зүгээс хөлбөмбөгийн тэмцээн, Олимпын наадмыг зохион байгуулах зардлыг өндөр байна хэмээн ихээр эсэргүүцэж байгаа юм. Ард олны энэ эсэргүүцэл дээр дөрөөлсөн үйлдвэрчний эвлэлийнхэн ажил хаялтаар дамжуулан цалинг нэмэгдүүлэхээр хичээж байгаа нь Бразилийн эрх баригчдын толгойны өвчин болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press