Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрсөн

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрсөн

УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай ярилцлаа. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үндэсний компаниудад арилжих тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, энэ хувьцааг нийт ард иргэддээ нэрлэсэн үнээр нь арилжих ёстой хэмээн тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнээсээ болж Тавантолгойн ордод хувьцаа эзэмшихээр сонирхлоо илэрхийлээд байсан зарим компанийн зүгээс ч эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цааны 10 хувийг иргэдэд арилжаалах тухай Я.Батсуурь гишүүн та хоёрын санаачилсан тогтоолын төсөл ний­гэмд нэлээд хүлээлт үүсгэж, харин компаниудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байх шиг байна. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Л.Ариунболд жишээ нь “Популист жүжгээ боль” гэж хэлсэн. Ер нь яагаад та хоёр гэнэт ийм санал гаргасан юм бэ? Засгийн газрын тогтоолыг УИХ-аар батлах үеэд яагаад үүнийгээ хэлээгүй юм?

-Яг энэ асуудлыг хэлэлцэх үед би байгаагүй. Гэхдээ дараа нь бол хэлж л байсан. Засгийн газрын тогтоолыг өнгөрөгч оны зургадугаар сард батал­сан шүү дээ. Тэр үед ерөөсөө хорь гаруй мянган компани л байсан юм билээ. Татвараа тогтмол төлсөн, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх гэх мэтчилэн хувьцаа эзэмшихэд тавих шаардлагыг хангасан нь. Одоо бол 50 гаруй мянган компани болчихоод байгаа шүү дээ. Сонингоор дүүрэн “компани худалдаж авна” гэсэн зарлал. Та нар ч өөрсдөө мэдэж байгаа. Ийм юм байж болохгүй ээ. Үндсэн хуулинд байгалийн баялаг бүх ард түмний өмч гээд заачихсан. Гэтэл жирийн иргэн, төрийн албан хаагчид 536 хувьцаа эзэмшдэг, компанийн эзэд болохоор 50 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг байж болохгүй. Ингэвэл их олон хуулийн заалт зөрчинө. Мэдээж, эхний 10 хувь буюу 536 ширхэг хувьцааг Монголын 2,7 сая иргэнд үнэ төлбөргүй олгодгоороо олгоно. Үлдсэн 10 хувийг УИХ шийдэх ёстой. Иргэн бүртээ нэрлэсэн үнээр нь худалдаж болно шүү. Ямар нэг хэмжээгээр эдийн засгийн сонирхлыг нь бий болгох хэрэгтэй. Эсвэл зээлээр өгч, ноогдол ашгаас нь төлүүлж болно. Гэх мэтчилэн иргэн бүрт ижил хэмжээгээр олгогдох эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй.

-Тавин мянган ширхэг хувьцаа гэдгийг та ямар тооцоогоор хэлж байна?

-Засгийн газраас хийсэн мэдээлэл дээр байгаа. Энэ 50 гаруй мянган ком­панийг ерөөсөө 2700 орчим хувь хүн, гэр бүл л эзэмшдэг юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувь гэдэг чинь 1.5 тэрбум ширхэг хувьцаа. Үүнийг 2700-д хуваахаар нэг хүн 555.000 ширхэг хувьцаа эзэмших нь байна. Зүгээр ойролцоогоор гаргаж байгаа юм шүү дээ. Арван ам бүлтэй гэр бүл байлаа гэхэд нэг хүнд 55.000 ширхэг хувьцаа ноогдох нь байна. Гэтэл нийт хүмүүс маань 536 ширхэг хувьцаа эзэмшинэ гэдэг шударга бус байгаа биз дээ. Худалдаж авч байгаа ч гэсэн байгалийн баялаг мөнгөтэй улсад зориулагдах ёстой юм биш, нийт ард түмэнд зориулагдах ёстой.

-Тэгвэл яагаад Засгийн газар эхнээсээ ийм зүйл хийсэн юм бэ, зөв­хөн компаниудын лоббигоор уу? Манай компаниуд “Тавантолгойд үн­дэс­нийхээ компаниудыг оролцуу­лах ёстой” гээд, “Монгол 999” энэ тэр гээд нэгдэцгээсэн шүү дээ?

-Ямар лобби орсныг нь бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ үүнийг чинь Засгийн газар ч батлаагүй, УИХ баталсан юм шүү дээ. Тиймээс би үүнийг санаатай хийсэн гэж бодохгүй байна. Түүнд нь багыг, үүнд нь ихийг өгье гэж. Зүгээр тогтоол баталсан, баталсан шийдвэрт нь тохируулаад хүмүүс бизнес хийж байна л гэж харсан. Арван хувийг нь компаниуддаа өгнө л гэж ярьж байсан болохоос биш, хувьцааных нь ч тоо гараагүй байсан шү дээ, жилийн өмнө бол. Тиймээс үүнийг ямар нэг зорилготой хийсэн арга хэмжээ биш, УИХ баталсан шийдвэрээсээ болж хүмүүсийг буруу бизнест татан оруулсан л гэж боддог. Ийм бизнесийг УИХ өөгшүүлэх ёсгүй.

-Нэрлэсэн үнэ маань хэд орчим төгрөг байх бол?

-Нэрлэсэн үнэ гэж бирж дээр гаргаж байгаа хувьцааны анхны үнэ. Хэд ч байж болно. Нэг доллар, арван доллар ч байж болно. Дараа нь тэр үнэ өсч, бууж ч болно. Гэхдээ буух магадлал бага. Яагаад гэвэл энэ орд дэлхийд танигдсан том орд. Магадгүй нэрлэсэн үнэ нь нэг доллар байг. Тэр нь 10, 20, 50 доллар ч болж өсч болно шүү дээ. Үнэгүй юм хүнд өгнө гэдэг тийм ч сайн хувилбар биш. Хувьцаа ч байсан үнэгүй өгдөг, хувь хишгээ ч үнэгүй өгдөг, байгаа бүхнээ үнэгүй өгөөд байдаг. Энэ бол их сайхан асуудал биш. Мэдээж 536 ширхэг хувьцаагаа бол үнэ төлбөргүй авна. Харин үлдсэн 10 хувийг хэдэн төгрөгөөр үнэлж иргэддээ өгөх вэ гэдгийг УИХ ярих ёстой. Үнэгүй юм гэдэг үнэгүй л бай­даг. Өөрөө мөнгөө төлөөд авсан юм үнэ цэнэтэй байдаг. Цэнхэр, ягаан тасалбар яагаад дампуурсан бэ, үнэгүй байсан учраас л дампуурсан шүү дээ. Үнэгүй юмыг хүн үнэлж чаддаггүй. Энэ утгаар нь тэр компаниудад өгнө гээд байгаа 10 хувийг иргэддээ өгөх, тэгэхдээ тодорхой хэмжээний үнээр өгөх хэрэгтэй. 500 доллар төлөөд дахиад нэг 500 ширхэг хувьцаа ав гэхэд манай иргэд авна. Авах эрх нь байх ёстой. Авахгүй ээ гэвэл өөр хүмүүст зардаг юм уу, ёстой нөгөө компаниуд нь авдагсан уу, төр өөрөө хадгалж байгаад бирж дээр борлуулж болно. Олон арга зам байгаа.

-Та өөрөө Тавантолгойн ордод, өрөөр хэлбэл “Энержи ресурс”-эд хувьцааг эзэмшдэг байсан. Таны хувь хэд байсан бэ?

-10 хувь. Манай гэр бүл найман жил энэ хувьцааг хадгалсан, өчнөөн олон тэрбум төгрөг татварт төлсөн. Ямар ч ашиггүйгээр. Зарвал зарах л байсан, гэхдээ зараагүй. Эргүүлээд төрд өгсөн. “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшиж байгаа 96 хувь дотор манай гэр бүлийн 10 хувь байж л байгаа. Гэтэл нэг компаниас нь хурааж аваад, нөгөөд нь зарна гэдэг утгагүй биз дээ. тэр үед төр “Энэ орд бол Монголын бүх ард түмний өмч учраас бид авлаа” гээд авсан. Тэгчихээд өнөөдөр өөр нэг “Х”, “У” ч юм уу, “999” гэдэг компанид худалдана гэдэг утгагүй. Авсан нь зөв юм бол авсандаа эргүүлж өгөх ёстой. Гэхдээ би авна гэж байгаа юм биш шүү. Бид энэ хувьцааг Монголын бүх ард түмэнд тэгш, тэнцүү хувааж өг гэдэг л шаардлагаар өгсөн болохоос биш, миний хүүхдүүдээс хурааж аваад, өөр нэг Дорж, Дондогт өг гэсэн юм биш.

-Одоо “Энержи Ресурс”-эд үлдсэн 4 хувь дотор таны хувь гэж бий юу?

-Байхгүй, би баталгаатай хэлнэ. “Энержи Ресурс”, “Дацику”, “Жижиг Таван­толгой” ч юм уу, бусад компа­ниудад миний гэр бүл, хамаатан сад­ны нэг ширхэг ч хувьцаа байхгүй.

-Лицензийг найман жил хадга­лах­даа хэдэн төгрөг татварт төлсөн бэ? Лицензийн татвар, газрын тат­вар гээд бий шүү дээ?

-400 гаруй мянган ам.доллар төл­сөн, миний гэр бүл дангаараа. Газрын татвар, лицензийн татвараас гадна тө­лөв­лөгөө гаргаад хөрөнгө оруулсан, тодорхой хэмжээний хайгуул хийсэн ажил ч бий. Нийтдээ 400 гаруй мянган доллар зарцуулсан.

-Лицензийг хурааж авахдаа түү­нийг чинь буцааж төлсөн үү?

-Тэрийг бол төлсөөн.

-Манайхан үнэгүй юманд дуртай мөртлөө үнэтэй юмыг бас үнэлж чаддаггүй. Магадгүй таныг 400 мян­ган доллараа буцааж авсан гэхээр “Өө, энэ Батбаяр чинь лицензээ зүгээр өгөөгүй, буцаагаад зарчихсан юм байна шүү дээ” гэх хүн ч гарч магадгүй?

-Тэр үед бол биднийг үнэхээр л хүнд байдалд оруулсан даа. Талбай дээр суучихаад “луйварчин, дээрэмчин, хулгайч” гэж том том цагаан хоолойгоор хашгираад л. Үнэхээр хүнд байдалд оруул­сан. Тэгээд эхнэр хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад төрд буцааж өгсөн.

-2008 оны сонгуулийн өмнө бил үү?

-Тийм. Өнөөдөр “Энержи ресурс”-ийн 20 хувиар 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож байна шүү дээ. 10 хувь нь дор хаяж 300 сая доллар болно гэсэн үг. Гэхдээ тийм их мөнгө бидэнд хэрэггүй, хоол болох ч үгүй. Тийм учраас буцаж өгсөн.

-Анх та яаж тэр хувьцааг авсан юм бэ? “BHP billiton” лицензээ зараад гарсан ч бил үү, нэг түүх байдаг?

-1996-1997 онд “BHP billiton” компа­ни Тавантолгойн ордын лицензийг аваад ашиглалт явуулахаар техник эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн юм билээ. ТЭЗҮ-ээр нь энэ уурхайг ашиглахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай, тэгээд жилд 15 сая ам.долларын ашиг олох юм байна гэж гарсан. Тэр үед нүүрс шиг үнэгүй юм байгаагүй. Газар доор байгаа нүүрсийг ашиглах нь байтугай гаргаад тавьчихсан нүүрсийг маань авдаг хүн байгаагүй. Таван тонн нүүрс 5000 төгрөг л байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр тонн нь 130 мянга болчихоод байна, 130 дахин өсчихсөн. Дээр нь коксжих нүүрс.
ТЭЗҮ гарсны дараа “BHP billiton” лицензээ буцаах болоход авах хүн олдоогүй. Тэгээд тэр үед бизнес эрхэлж байсан Ерөнхий сайд С.Батболд, “Mining info” компани хоёр авсан юм билээ. Хадгалаад л байсан, сүүлдээ өөрсдөө хүнд байдалд орсон. Нэг хүрз ч нүүрс гаргаагүй, нэг төгрөгийн ч ашиг олоогүй байж лицензийн төлбөрт жилдээ хэдэн зуун мянган ам.доллар төлдөг. Тэгээд эцэст нь зарим нэг компаниудад санал тавьсан юм билээ, та нар энэ лицензийн төлбөрөөс төлөлцөөч ээ, гэж. Тэр үед нь манай хүүхдүүдийн компани орж 10 хувийг нь авсан. Тэгж бие биенээ урьж явсаар байгаад “Энержи ресурс”-ийн тэр 14 компани бий болсон юм. Төрд төлдөг татварыг нь төлөхийн тулд.

-Тэгээд хэд нь лицензээ буцааж өгсөн бэ?

-Тэрийг би мэдэхгүй. Миний мэдэхийн Ерөнхий сайд С.Батболдын “Алтай трейдинг” буцааж өгсөн, бид хоёр хамт сууж байгаад өгсөн. Ц.Цэнгэл, Т.Бадамжунай, Д.Идэвхтэнгийн компа­ни, манай хүүхдүүдийн компани бу­цааж өгсөн. Бид зургаа яг бие биенээ харж суугаад буцааж өгсөн. Бусдыг нь бол би мэдэхгүй.

-Тэр үед Ерөнхий сайд нь С.Баяр байсан уу?
-Тийм.

-“Эрдэнэс Тавантолгой”-н 10 ху­вийг нийт иргэддээ дахин хуваарилах тухай Я.Батсуурь гишүүн та хоёрын энэ санаачилга дэмжигдвэл мэдээж олон монголчууд баярлах байх. Гэх­дээ энэ 10 хувийг компаниудад өгөх тухай Засгийн газрын тогтоол гараад бүтэн жил өнгөрчихлөө. Одоо Засгийн газар шийдвэрээсээ ухрах болов уу?

-Засгийн газар дэмжиж байгаа гэ­сэн. Яагаад гэвэл энэ санал шударга зарчимд тулгуурласан учраас. Бид буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, засч чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас энэ санал хэрэгжинэ гэдэгт би лав 100 хувь итгэлтэй байгаа. Монголын ард түмэн байгалийнхаа баялгаас ижил тэгш хувь хүртэх ёстой. Дарга цэрэг байна уу, мөнгөтэй мөнгөгүй байна уу, хүүхэд хөгшид байна уу бүгд адилхан Тавантолгойгоос 500 биш, мянган ширхэг хувьцаа эзэм­ших ёстой. Түүнийхээ 500-г нь үнэгүй аваад, 500-г нь нэрлэсэн үнээр буюу гарааны нэг үнээр авах ёстой. Компанийн захирал 50 мянган ширхэг, ажилчин нь 500 ширхэг хувьцаа эзэмш­дэг байж болохгүй биз дээ.

-Засгийн газар хүлээн зөвшөөрсөн юм байж. Тэгвэл УИХ баталсан тог­тоолоосоо буцах болов уу?

-УИХ-ын шийдвэрийг би мэдэхгүй. Гэхдээ би УИХ-ын гишүүн хүн. УИХ ч гэсэн алдаагаа засах ёстой гэж бодож байна. Тэгж итгэж Я.Батсуурь гишүүн бид хоёр энэ тогтоолын төслийг санаа­чилсан. Үүнд ямар ч популизм, ямар ч жүжиг энэ тэр байхгүй шүү.

-Үүний дараа компаниудын зү­гээс ямар нэг дарамт шахалт ирсэн үү?

-Үгүй. Ямар ч дарамт шахалт ирээ­гүй. УИХ-ын гишүүн хүнд хэлсэн үг, нийт ард түмний эрх ашгийн төлөө хийсэн ажлынх нь төлөө дарамт шахалт үзүүлбэл хуулиар хариуцлага хүлээнэ шүү дээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж